1810 оны гуравдугаар сарын 1-нд Польшийн Желязова Воляд амьдардаг нэгэн хөгжимчнийх хүүтэй болжээ. Хорвоод мэндэлсэн тэр хүүгийн аав хөгжмийн багш, франц хүн, ээж нь дуучин байлаа. Урлагийн мэргэжилтэй ийм хоёр хүний дундаас төрсөн хүү нь харин эцэг эхийнхээ хөгжимдөж, дуулахад дургүй. Хөгжим дуугарахаар л уйлж, чарлаад сүйд болдог хүүхэд байв. Хүүгээ хөгжимчин болгоно гэж найдаж байсан хүсэл нь талаар болох нь гэж нөгөөх аав, ээж сэтгэлээр унана.
Гэхдээ хожим тэр хүү агуу төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч болно гэдгийг тэр үед хэн нь ч мэдээгүй. Хөгжим сонсоод дургүйцэж, уйлдаг хүүг Фредерик Шопен гэдэг бөлгөө. Шопен нэг ч дуурь, симфони, удиртгал туурвиагүй. Гэхдээ тэрбээр хүн төрөлхтөнд төгөлдөр хуурын гайхамшигтай уран бүтээлүүдийг үлдээсэн. Ёстой л шидтэй гэмээр тийм л яруу тансаг бүтээлүүд. Тэрбээр долоон настайдаа төгөлдөр хуурчийнхаа хувьд бие даасан анхны тоглолтоо хийжээ. Варшавт болсон тэрхүү тоглолтод Шопен алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна өөрийн зохиолуудыг ч тоглосон аж. Удалгүй түүний нэр Польш даяар сонсогдох болов.
Шопен 11 нас хүрэхэд төгөлдөр хуурын багш В.Живный нь түүнтэй хичээллэхээс татгалзсан байна. Учир нь тэрбээр өөрийгөө голж, Шопенд заах мэдлэг минь дутсан гэжээ. Шопен хөгжмөөс гадна ерөнхий эрдмийн хичээлд сайн байсан бөгөөд франц, герман хэлийг төгс эзэмшсэн аж. Ер нь л тал бүрийн авьяастай тэрбээр 13-тайдаа лицейд элсэн ердөө гурван жилийн дотор амжилттай дүүргэсэн байдаг.
Шопен бас сайн зурдаг, бас жүжиглэх авьяастайн дээр бүхнийг мэдэх гэсэн сониуч зан, хурц ухаанаараа үе тэнгийнхнээсээ эрс ялгарч байсан гэдэг. Ийм л хүнийг суу билэгтэн гэдэг аж. 1829 онд залуу хөгжимчин түр хугацаагаар Австри руу явах болжээ. Венад хийсэн түүний тоглолт тун амжилттай болсон тул эцэг эх, найз нөхөд нь Шопеныг аялан тоглолт хий гэж ятгах болов. Фредерик энэ тухай удаан боджээ.
Яагаад ч юм бэ, тоглолтоор явчихаар эх орондоо эргэж ирэхгүй юм шиг муу совин татаад байсан гэдэг. Ингээд 1830 оны намар Шопен Варшаваас баруун Европыг зориход найз нар нь түүнд эх нутгийнхаа шороогоор дүүргэсэн ваар бэлэглэсэн гэдэг. Тэр үед Шопен 20 настай байлаа. Ийнхүү аялан тоглолт хийж байх хооронд нь Польшид бослого гарчээ.
Тэр үед Польш хаант Оросын мэдэлд байв. Босогчдын дунд эцэг эх, найз нөхөд нь байгааг мэдэж байсан Фредерик эх орондоо буцахыг хүссэн ч, түүнийг Парист төлөвлөсөн тоглолт нь чөдөрлөжээ. Эцэг эх нь ч хүүгээ ирж болохг үй гэж хүмүүсээр дамжуулан захисан байна.
Польшийн бослогыг харгислан дарж, босогчдыг шоронд хорьж, бас цөлсөн тухай аймшигт мэдээ сонсоод Шопен сэтгэлээрээ гашуудан, эмгэнэж, “Хувьсгалт” хэмээх алдарт бүтээлийнхээ нэгийг зохиосон байдаг. Эл этюд нь эх орноо гэсэн түүний сэтгэл байлаа. Хэрэв би үхвэл миний зүрхийг эх оронд минь аваачиж, булаарай гэж тэрбээр захидаг байв. 1831 онд Парист очсон Шопен эх орондоо очиж чадахгүй байсаар 1849 онд нас баржээ.
Түүний совин зөнтэй байжээ. Хэдийгээр эх нутаг, эцэг эхээ санаж, сэтгэлдээ гунигтай байсан ч суут хөгжмийн зохиолч Ф.Шопен маш ээдрээтэй амьдралыг туулсан юм. Тэрбээр ямар ч зовлон зүдгүүрийг даван туулж, уран бүтээлээ туурвин, хосгүй авьяасаараа Европыг байлдан дагуулсан. Ингэхдээ бусад суу билэгтний адил хайр дурлалын өмнө сөхөрсөн аж. Түүний сэтгэл зүрхний зовлон, жаргал нь өөр нэгэн сод авьяастан Жорж Санд байжээ.
1847 оны намар Парисын дээдсийн хүрээлэнгийхний ярьдаг гол сэдэв нь алдартай зохиолч Жорж Сандын “Лукреция Флориани” хэмээх шинэ ном байлаа. “Хэл амтай зохиолч эмэгтэй уншигчдад өөрийн ор хөнжлийн тухай дэлгэхдээ тулжээ...Зохиолын баатар болох ааш муутай, сэжигч хан хүү Карлаараа Шопеныг дүрсэлсэн гэв үү...? Эрчүүдийг бээлий шиг сольдог хэрнээ бүгдэд нь эрхэлж хүүхэд мэт ханддаг Лукреция гэдэг нь Жорж Санд өөрөө юм гэнэ ээ...Олон эртэй нэр холбогдож байсан Сандын хувьд амрагууд нь нүгэлгүй ариун балчир хүүхдүүд мэт санагдах нь аргагүй. Харин Шопены тухай бичсэн бүхэн нь үнэн гэж үү” гэхчлэн шивэр авир хийх болжээ.
Шопен Жорж Сандтай 1836 онд гүнгийн ахайтан де Агугийнд танилцжээ. Хүүхнүүд Шопены зөвхөн авьяасанд унадаггүй байлаа. Тэрбээр царайлаг, биеэ сайхан авч явдаг залуу байж. Цэнхэр нүдэнд нь яльгүй гуниг хурсан Фредерикийг хүмүүс “Сэтгэл зүрхнийхээ гүнжийг олоогүй, эсвэл бүтэлгүй дурлалтай учирсан” гэж шивнэлдэж байлаа. Тэр нэгэн үдэш гүнгийн ахайтан де Агугийнд цугларсан олны дунд эрэгтэй хүний хослол өмсөж, үсээ улбар шар өнгөөр будсан, сигар зуусан этгээд төрхтэй нэг эмэгтэй байжээ.
Гэрийн эзэгтэй Шопеныг тэрхүү хачирхалтай эмэгтэйтэй танилцуулахад Парисын дээдсийн хүрээлэнд Жорж Санд нэрээр алдаршсан зохиолч бүсгүй байв. “Таны ганц этюд миний бүх романтай тэнцэнэ шүү” гэж тэрбээр Шопенд хэлжээ. Эрэгтэй хүнийх шиг баргил хоолойгоор ярих нь Шопенд сонин санагдаж, таалагдсангүй. Үүнээс гадна түүнээс эрэгтэй хүний үнэртэн ханхалж байлаа.
Ингээд хөгжимчин залуу зохиолч эмэгтэйтэй хэдэн үг сольсны дараа яагаад эрэгтэй хүн шиг хувцаслаж, хачин үнэртэн цацсаныг нь бага ч гэсэн ойлгожээ. Үдэшлэгийн дараа Шопен гэрийн эзэгтэйд “Хатагтай Дюпен их хачин юм, эмэгтэй хүн мөн гэдэгт нь эргэлзэж байна” гэж хэлжээ. Шопен ганцаараа ингэж бодоогүй байлаа.
Хүмүүс хатагтай Дюпенийг царай муутай гэдэг байлаа. Харин Дюпен болохоор өөрийгөө эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн эсрэг жишээ гэж ил тод ярина. Шопен Варшавт амьдардаг гэрийхэндээ бичсэн нэгэн захидалдаа “Өчигдөр Жорж Санд нэрээр алдаршсан хатагтай Дюпентэй танилцлаа. Тэрбээр зохиолч гэнэ. Маш царай муутай тэр эмэгтэй надад огт таалагдсангүй.
Түүнээс хүмүүс дөлж, зугтах ямар нэгэн өөр зүйл байна” гэжээ. Шопентой танилцах үед тайж гаралтай хатагтай Аврора Дюпен 32 настай байсан бөгөөд хэдийнэ амьдрал үзэж, хоёр хүүхдийн ээж болжээ. Тэрбээр нөхрөөсөө тусдаа амьдарч байв. Саксоны хүчит Августын удам тэрбээр ямагт бусдаас хараат бус байдлыг эрхэмлэдэг нэгэн. Ийм үзэл бодол нь зохиолч болоход нь нөлөөлсөн биз ээ. Зохиолч эмэгтэйн дурсамжаас үзвэл түүний нөхрийн бүдүүн баараг зан, эхнэрээ гэрийн тавилга мэт үздэг хандлага, завхай зайдан байдал нь эрчүүдийн шударга биш ертөнцийн тухай эргэцүүлэн бодоход хүргэжээ.
Аврора гэрлээд есөн жил болсны эцэст гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй ч, хүүхдүүдээ аваад Парис явжээ. Өөрийнхөө өмчийг захирах эрхгүй болсон тэрбээр амьдралаа залгуулахын тулд зохиол бичихээр шийдсэн аж. “Роз, Бланш хоёр” гэдэг анхны романаа Дюпен хожим дэлхийд танигдах Жорж Санд гэдэг нууц нэрээрээ хэвлүүлжээ. Шопеныг Парист ирэхэд Францын уншигчид Жорж Сандын хэд хэдэн тууж, өгүүллэг, мөн “Индиана” романтай нь танилцчихсан байлаа.
Харин Шопены хувьд гэвэл 26 настай, амьдралтай танилцаж яваа идэр хөгжимчин, хөгжмийн зохиолч байв. Ингэж хоёр алдартан танилцсан бөгөөд удалгүй “Шопен, Жорж Санд хоёр хамтдаа аялалд гарчээ” гэсэн яриа Парис даяар тархав. Энэ мэдээ тухайн үеийн Францын нийгмийг гайхашруулсан гэдэг.
Парисын алдартай сэтгүүлч Жюль Дюфур “Амьддаа хөш өө болтлоо алдаршсан хоёр хүний дотно харилцаа ганц өдрөөс хэтрэхг үй гэдэгтэй эрүүл ухаантай хэн ч маргахгүй” хэмээн бичиж байсан бол Оноре де Бальзак “Хатагтай Санд бүсгүйчүүдийн адил аз жаргалтай хайр дурлал байдаг гэдэгт итгэн хүлээх атлаа түүнийхээ төлөө эр хүн шиг хөөцөлдөх юм” гэж халагласан байдаг.
Шопен, Дюпен хоёр амраглах болсныг сонсоод олон бүсгүй ухаан алдаж, олон эр сэтгэлээр унан, согтуурхсан гэдэг. Жорж Санд анхны харцаараа Шопенд дурласан бол хөгмийн зохиолч эр тэр эмэгтэйгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ зургаан сарын дараа л ойлгосон аж. Эрс тэрс ялгаатай тэр хоёрыг чухам юу нэгтгэдгийг хүмүүс ойлгодоггүй байж. Гэхдээ тэдэнд төстэй тал олон байсан гэнэ.
Шопены сэтгэлийг олон бүсгүй татаж байсан ч, бардам зан, нийгмийн ялгаатай байдал зэрэг шалтгаанаар хөгжимчин залуу хэнтэй нь ч бат бэх холбоо тогтоож байгаагүй ажээ. Харин хатагтай Дюпенд ухаангүй дурласан байна. Тэр хоёрыг бие, сэтгэлийн их тэчъяал, чин сэтгэл нь холбож байв. Фредерик хэзээ ч, хэнтэй ч ингэж илэн далангүй байж, уран бүтээлийнхээ талаар чин сэтгэлээсээ хэлэлцэж байгаагүй аж. Ингэж Шопен хатагтай Дюпений гэр бүлийн нэг гишүүн болж, үр хүүхдүүдийнх нь асуудалд эцэг нь мэт ханддаг болсон аж.
Гэсэн ч соёлтой, дөлгөөн, заримдаа хулчгар ч гэмээр Шопен, дүрсхийсэн, дайчин, бас этгээд Жорж Санд хоёрын ялгаа өдөр тутамд илэрдэг байв. Шопен хайртай бүсгүйгээ эрэгтэй хүн шиг хувцаслахыг хориглож, харин Аврора Шопены хуучинсаг үзэл, шийдэмгий бус байдалтай нь тэмцдэг байв. 1938 оны намар Фредерик, Аврора нар хүүхдүүдийн хамт Парисын чимээ шуугиан, олны хэл амаас холдон Майорк руу явжээ. Тэнд өнгөрүүлсэн цаг хугацаа дурлалт хосуудад нэгэн шалгуур болсон юм. Үзэсгэлэнт байгальтай Майоркт тэд уран бүтээлийн ер бусын онгодтой байв. Чухам тэнд л Шопен алдарт 24 мөчлөг прелюди, сонатуудаа зохиосон бол Жорж Санд “Спиридон” романаа бичсэн байдаг.
Гэвч өвөл нь Шопены сүрьеэ хүндэрч, хэвтэрт оржээ. Аврора өдөр, шөнөгүй сахиж, төрөл бүрийн ургамлаар тан найруулан тойглож байв. Хөлслөн амьдарч байсан байрных нь эзэн Шопеныг сүрьеэтэй гэдгийг мэдэнгүүтээ даруй гарахыг шаарджээ. Хүн ам цөөтэй жижигхэн хотхонд хөгжмийн зохиолч сүрьеэтэй гэсэн яриа дороо л тархсан тул өөр байр олдохгүй тэд маш хүнд байдалд оржээ. Эцэст нь алслагдсан бөглүү газарт байх нэгэн сүм тэднийг түр орогнуулсан байна. Жорж Санд хайртынхаа дэргэдээс алхам холдолгүй асарсан ч Шопены өвчин улам хүндэрсээр байлаа. Тэд Парис руу буцахаар шийджээ.
Гэтэл мөн л ийм өвчтэй зорчигчийг авч явах усан онгоц олдолгүй удаж, цаг их алджээ. Аврора олон хоног усан онгоцны зогсоол дээр өнжин, ахмадыг нь царайчлан байж, гахай ачсан онгоцоор Парист хүрчээ. Тэд хамтдаа 10 жил болсон ч, эрс ялгаатай үзэл бодол, зан байдлаасаа болж нэг нэгэндээ уусаж чадаагүй гэдэг.
Гэхдээ хөгжмийн нарийн мэдрэмжтэй Жорж Санд Шопены бүтээлийг хамгаас илүү ойлгон, түүний авьяасыг шүтэн биширдэг байсан бол уран зохиолоос хол Шопен хайртай бүсгүйнхээ зохиол туурвилыг төдийлэн сонирхдоггүй байв. Тэр ч бүү хэл, хамтдаа байхдаа бичсэн романуудыг нь гүйцэд уншаагүй гэдэг. Ааштай, бас бааштай Шопены үл тоомсорлосон ийм байдалтай Аврора эвлэрч чадаагүй аж. Гомдол тунирхал бүсгүйн сэтгэлд хуримтлагдсаар “Лукреция Флориани” гэдэг романаар бүхнийг илэрхийлсэн гэдэг.
Зохиолын гол агуулга болсон хайр дурлалын түүх тэдний амьдралтай төстэй болсон байв. Хайр дурлал, хувийн амьдрал нь олны өмнө дэлгэгдэн шүүгдэх болсонд Шопен шоконд оржээ. Дээрээс нь Жорж Санд Шопены дутагдлыг зохиолын баатарт шингээн гаргахдаа уран зохиолын хэтрүүлэг ашигласан байдаг. Шопен Жорж Сандыг өөрсдийн хайр дурлалыг худалдсан гэж үзжээ.
Тиймээс удалгүй Парисыг орхин, Английг зорьсон аж. Тэрбээр Лондонд хэд хэдэн тоглолт хийх ёстой байсан ч эрүүл мэндийн байдлаасаа болж чадаагүй гэдэг. Лондонд байхдаа найздаа бичсэн нэгэн захидалдаа “Одоо байгаагаасаа илүү хүнд байдалд орно гэж үгүй байх. Жинхэнэ аз жаргалыг мэдрэлгүй уджээ... Одоо би зөвхөн төгсгөлөө л хүлээж байна... Шинэ уран бүтээл хийх ямар ч хүсэл, сонирхол, чадал ч алга. Би хэзээ ч Лукрецияг харааж байгаагүй. Гэхдээ одоо хараахад бэлэн байна” гэсэн байдаг.
Шопен, Жорж Санд хоёрын салалт хоёуланд нь асар хүнд тусахыг хэн нь ч гадарлаагүй ажээ. Шопеноос салснаар мөрөн дээрх том ачаанаасаа сална гэж бодож байсан нь эндүүрэл гэдгийг хатагтай Дюпен ойлгосон гэдэг бол Шопен түүнгүйгээр амьдарч, ажиллаж ч чадахгүй болсон юм. Тэрбээр Жорж Сандыг эргэж ирэх эсэхэд шаналсаар байсан бол Аврора өөрийг нь Шопен уучлахгүй гэж боджээ.
Шопен ердөө 39 наслахдаа маш олон бүтээл туурвисан ч Аврорагаас салснаас хойш алдарт “Оршуулгын марш”-ыг нь эс тооцвол дорвитой хөгжим бичээгүй. Тэрбээр нас барахаасаа хэд хоногийн өмнө найз Франшомдоо “Тэр надад үхэхийг чинь зөвшөөрөхгүй шүү гэж хэлдэг байсан юм. Үхэхдээ тулбал би түүний өвдгийг түшээд, нүд аних ёстой гэдэг байсан” хэмээн ярьжээ. Шопены бие тэр үед маш их дордсон байсан тул арай ядан ярьж байсан гэдэг.