“Esquire” сэтгүүл тавдугаар сарын дугаарын зочноороо жүжигчин, найруулагч Томми Ли Жонсыг урьжээ. Түүний амьдралд үргэлж ямар нэгэн гайхалтай зүйл учирдаг гэх. Техас мужийн Сан-Антониод төрж, өссөн тэрбээр хөлбөмбөгчин болохоор Нью-Йоркт очоод ердөө 10 хонож байтал санамсаргүй байдлаар Бродвейн театрт дүр бүтээх том завшаан тохиосон гэдэг. Гэхдээ дэлхийд танигдталаа тэрбээр нэлээд удсан. 1993 оноос л олон улсад түүнийг мэдэж эхэлсэн. Тэр үед “Оргодол” киноны туслах дүрээр “Оскар”-ын шагнал хүртсэн Томми Ли Жонс бараг 50 шахаж байлаа.
Индианы команчи омгийнхны үргэлжлэл болсон энэ хүн “Эмээ минь эртний индианчуудын удам. Гэхдээ түүнд индиан “үнэр” байхгүй. Хэл соёл нь ч, сэтгэлгээний хувьд ч тэр. Эмээ минь америк соёлын золиос болсон хүн” хэмээн дурсжээ. Холливудын хэд хэдэн сурвалжлагч түүнийг “Ярилцахад хүйтэн, хөндий хүн” гэж тодорхойлсон байдаг. Харин өөрөө болохоор “Нэгнийгээ дуурайгаад тэгж хэлээд байдаг юм” гэсэн байна. Үнэхээр тийм, эсэхийг эл ярилцлага харуулах болов уу. Хамтдаа сонирхъё.
-Би ер нь амаргүй хүн шүү. Өөрийгөө ингэж хэлэх нь шударга мэдэгдэл гэсэн үг.
-Би ярилцлагад үнэнхүү дургүй ч, гарцаагүй үед тэвчээрэй сууж байгаад өгчихөж дөнгөнө.
-Амжилт гэж юу байдгийг би сайн мэдэхгүй юм. Ер нь энэ талаар ямар ч ойлголт алга. Аяга кофе уунгаа галд хөлөө ээсэн шигээ сууж байгаад энэ талаар жаахан бодоод үздэг юм бил үү. За даа, дэмий, бодохыг ч хүсэхгүй байна.
-Миний хамгийн дуртай кино юу? Яаж ч бодсон халаасанд минь овоо хэдэн “ногоон” оруулсан тэр л кино байх нь мэдээж.
-Би Техасын Ротан хотын бага сургуульд сурч байхдаа “Цасан цагаан ба долоон одой” жүжгийн нэг одой нь болж билээ. Юм л бол найтаачихдаг одойг санаж байна уу. Тэр дүрийг надад оноож өгөхөд нь би үнэн сэтгэлээсээ баярлаж, их хичээж байснаа санааж байна. Тэр бол миний карьерийн эхлэл, анхны дүр минь гэж боддог. Тэр үед манай хотын радио нэгэн эмийн сангийн дээд давхарт байрладаг байсан юм. Долоон одой болсон хөвгүүдийг радиогийн ярилцлагад уриад нэг нэгээр нь яриуллаа. Нэг их хөөрхөн эгч бүсгүй миний нэрийг дуудтал би өөрийн эрхгүй найтажчихаж билээ.
-Жүжигчин байснаар бусдаас нэг их ялгарахгүй л дээ. Жүжигчин бол мөнгө олох өөр нэгэн хэлбэр юм.
-Өчүүхэн ч гэсэн боломж байгаа л бол жүжигчний ажлаасаа битгий ухраарай гэж Лоуренс Оливье хэлсэн байдаг.
-Клинт Иствудыг би чин сэтгэлээсээ биширдэг. Зураг авах талбайг тэр ёстой л эзэгнэдэг юм. Түүнийг харах урамтай. Өдөржин түүнийг ажиглаад суусан ч уйдахгүй. Хэд хэдэн удаа зураг авах талбайд түүнийг бүтэн өдрийн турш харж байлаа.
-Би кино театрт очих дуртай, бас хөдөөгийн амьдрал надад таалагддаг.
-Бухан дээр сундалчихаад, уурыг нь барж зугаацдаг хүмүүсийг би ер ойлгодоггүй. Хэрэв эдлэнгийн минь бухыг тэгж зовоох юм бол тэр нөхрийг би өршөөхгүй, хөөж явуулна.
-Би их бүдүүлэг, “бохир” бокчин. Америкийн спортын түүхэнд Мухаммед Али, Жо Луис нар жинхэнэ баатар гэж хэлнэ. Уг нь бокс тийм сонирхолтой спорт биш шүү дээ.
-Би итгэл үнэмшилд итгэдэг. Итгэл гэдэг зүйл хүнийг гайхалтай болгож, гайхамшигтай алхам хийхэд түлхдэг. Тийм болохоор итгэлийн үр дүн гайхамшиг л байдаг. Материаллаг бус, хийсвэр хэрнээ жинхэнэ бодит зүйл бол итгэл юм.Гэхдээ заримдаа хэн нэгнийг жаахан балмад болгох нь бий. Бас амьдрах боломж ч олгодог.
-Би муу кинонд олон тоглосон. Тэгсэн гээд харамсаад, гоншигоноод байдаггүй. Тухайн үедээ тэр бүтээлээс сэтгэл ханамж авч чадаж байсан учраас тэр.
-Киног үзэгчдэд, бас сэтгүүлчдэд биш, урлагт зориулж хийвэл чанартай болдог гэж боддог.
-Амьдрал үргэлж хэвийн байвал утгагүй. Өдөр бүр хэвийн асуудал, хэвийн хүмүүс гэхээр тэвчих аргагүй биз дээ.
-Хүмүүс миний хошигнолыг ойлгодоггүй юм. Тэгэхээр би өөрийгөө хошин шогийн мэдрэмж сайтай гэж хэлэхгүй. Аминдаа хошигнож байна гэж боддог ч хүмүүс намайг харин эсрэгээрээ “хачин хүн” гэж боддог юм билээ.
-Мөнгө намайг тийм ч их догдлуулдаггүй. Хэрэв би баян байхыг хүссэн бол арай илүү ажиллахад болох байсан. Мөнгөтэй байхын тулд шүү дээ. Гэхдээ мөнгө юу юм бэ, тэрний төлөө уран бүтээл хийх хэрэггүй. Ер нь миний амьдралд олон зүйл хэрэггүй. Хамгийн гол нь элбэг дэлбэг хоолтой байж, машиныхаа хучлагыг улирал бүрт нь солиод байхад л хангалттай.
-Америк үзэгчид тэнэг, бүр төөрөлдчихсөн гэх нь бий. Үгүй шүү, америкчууд тэнэг биш. Гэхдээ тэд бага уншиж, зурагтын өмнө олон цаг бардаг нь үнэн. Тэглээ гээд тэнэг болж байгаа хэрэг биш. Зурагт бий болсноор хүмүүсийн амьдрал тэс өөр болсон. Орчин цагийн хэвлэл, мэдээллийн талбарыг олон салаа тэмтрүүлтэй үлэмж биетэй мангастай зүйрлэнэ. Уг нь хүний эрх ашгийн тулд мэдээллийн хэрэгслийг хянаад байх боломжтой шиг санагддаг. Гэтэл тэр мангасын тэмтрүүлүүд төр, засаг, улс төр, соёл урлаг, хувийн амьдралыг хүртэл базаад байна.
-Толгойд орж ирсэн санаагаа би амьдруулж, ажил хэрэг болгож байж л санаа амардаг.