Би сүүлийн үед их бухимдах боллоо. Өсгөж, өндийлгөж, өдий хэр нь намайг чирч яваа эхийнхээ ачлалыг хариулж чадахгүй байгаадаа бухимдана. Мөрөөдлийн далайд умбаж, гоё, ганган бүхнийг өмсөж, зүүхийг хүсдэг насандаа яваа өсвөр охиндоо хийж өгч чадахгүй байгаа бүхнийхээ төлөө бухимдана.
Мах авахаар дэлгүүрт ороод бухимдана. Маргааш хэрэглэнэ гээд хэдэн төгрөг цааш нь хийж, хуримтлуулж чадахгүйдээ бухимдана. Бусдыг хараад бас бухимдана. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг болох, болохгүй юмны төлөө сэтгэлээ чилээж, бухимдана. Ингээд тоочоод байвал бухимдахгүй юм гэж үгүй болохоор бүр ч ихээр бухимдана.
“Сайхан зүйлд ч бухимдаж, сэтгэл дундуур байх нь амьдралын хууль ” гэж Виссарион Белинский хэлжээ. Үнэхээр тийм гэж үү, энэ амьдралд заавал бухимдах ёстой юу?
Гэтэл сэтгэл судлалд тайлбарласнаар бол бухимдал гэдэг нь зөвхөн дотогш чиглэсэн, хувиа хичээсэн сэтгэл хөдлөл гэнэ. Өөрийн үзэл бодлыг зөвтгөж, хамгаалахын тулд зөрүүдлэх хэлбэр нь бухимдал бөгөөд энэ нь төрөлхийн бус, олдмол зан чанар гэжээ. Зарим сэтгэл судлаачийнхаар бол бухимдал нь бусдын анхаарлыг татах арга гэх. Тэгвэл нийгмийн бухимдал энэ тэр гэсэн асуудал огт байдаггүй, зүгээр хувь хүмүүсийн шоу болж таарах нь. Ингээд бодохоор энэ ч арай биш ээ. Ийм утгагүй тайлбар ч бухимдал төрүүлээд байна шүү дээ. Тэгвэл яаж, хэрхэн бухимдахгүй байх юм бэ.
Энэ асуултад хариулт авахаар интернэт ухтал “Бухимдахгүй байх хамгийн гол арга нь аливааг гайхаж хэрэггүй” гэсэн өгүүлбэртэй таарав. Сэтгэл чинь тэр зүйлийг хүлээж авах бэлтгэлгүй бол гайхах зүйлтэй учирч болохгүй гэсэн үг юм байна. Юу гэсэн үг вэ. Гэнэт болсон зүйлд “сэтгэл минь бэлтгэлгүй байна” гээд цочирдохгүй, гайхахгүй байж чадна гэж үү.
Бухимдуу хүмүүс хамгийн хувиа хичээсэн зантай байдаг гэсэн нэг тайлбарыг уншаад бухимдал гээч муухай золигийг мартахыг оролдов.
Бас дандаа гомдоллож, гоншигонож, уурлаж, бухимдаж байдаг хүмүүс сэтгэцийн өвчтэй болох эрсдэлтэй гэсэн байна. Энийг уншаад бухимдлыг үлдэн хөөхөөр шийдэв. Гэхдээ яаж. Амьдрал дуусаж байж л бухимдахгүй байх биз. Эсвэл энэ дэлхий дээр муу муухай зүйл огт байхгүй болсон үед. Энэ тэгээд боломжтой гэж үү.
Энд өөр нэг тайлбар байна. Өөрийгөө хүндэлдэггүй хүн бухимддаг гэнэ ээ. За за, ямар ч аргаар хамаагүй бухимдлыг таягдах хэрэгтэй. Ядаж өөрийгөө хүндлэх хэрэгтэй биз дээ. Бусад нь ч яамай.