Өнөөдөр олон улсын хүүхдийн номын баярын өдрийг дэлхийн улс орнууд уламжлал ёсоор 48 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Данийн үлгэрийн нэрт зохиолч Ганс Христиан Андерсены (Hans Christian Andersen) төрсөн өдрөөр Олон улсын хүүхдийн номын баярын өдрийг (International Children"s Book Day) тэмдэглэдэг.
1967 оноос эхлэн олон улсын зөвлөлийн шийдвэрээр жил бүр тэмдэглэх болсон бөгөөд Үндэсний салбар зөвлөлүүд багачуудыг номонд дуртай болгох зорилгоор уг баярыг зохион байгуулахдаа тухайн жилийнхээ сэдвийг гарган үүний дагуу олон сонирхолтой арга хэмжээг явуулж ирсэн билээ.
Олон улсын хүүхдийн номын баярын өдрийн зорилго нь хүүхдэд бага наснаас нь номонд хайртай, дуртай болгон хүмүүжүүлэхэд чиглэгддэг.
Манай улс эрдэм номын ариун өдрийг тохиолдуулан олон үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал зохиолч Р.Эмүжингийн үлгэрийн номын нээлт өнөөдөр боллоо.
“Хүүхдийн хүмүүжилд уран зохиол ихээр нөлөөлдөг. Харин сүүлийн жилүүдэд Монголын уран зохиолд хүүхдийн зохиол ховордох болсон. Хүүхдийн зохиолын орон зай үгүйлэгдэж байгаа энэ үед Р.Эмүжингийн үлгэрийн номыг цагаа олсон, сайн бүтээл боллоо” гэж зохиолч, яруу найрагч Г.Мөнхцэцэг онцоллоо.
Монгол хүүхдийн сэтгэлгээнд тохируулсан бүтээл сүүлийн 10 жилд тасарсан хэмээн судлаачид үздэг байна.
Хүүхдэд зориулсан бүтээл дан ганц орчуулгаар хүрч байна гэсэн эмзэглэл ч бий.
Зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин ”Би энэхүү номоо зохиолч, сэтгүүлч биш харин эх хүний хувьд хүүхдийн зохиолын орон зай үгүйлэгдэж байгааг мэдэрч бүтээлээ туурвисан. Хүүхэд, үлгэр хоёрын салгахын аргагүй юм. Хүүхдийн сэтгэхүйн өгөгдөл суурь нь үлгэрээр дөрөөлж, өндийн босдог юм шиг санагддаг. Олон Улсын хүүхдийн номын өдрийг тохиолдуулан өөрийн жил гаруй хугацаанд туурвисан бүтээлээ уншигч багачууддаа бэлэг барьж байгаад баяртай байна. Номын чимэг зургийг Италид сурдаг зураач охин, Канадад сурдаг 19 настай Нэмүжин, Америкт сурдаг миний 18 настай том хүү зурсан. Мөн эвэрт могойн зургийг миний 8 настай хүү зурсан байгаа. 8-18 насны хүүхэд, багачуудтай хамтарч ажилласан. Хүүхдийн сэтгэл зүрх рүү томчуудын үг, ухаарлыг хүчээр оруулах гээд нэмэргүй шүү дээ. Хүүхдийн ертөнцийг хүүхэд өөрөө хамгийн сайн мэднэ” гэж ярилаа.
СГЗ, зохиолч До.Цэнджав “Р.Эмүжин бол байнга шинэ байдаг хүн. 1990-ээд оныхон Монголын уран зохиолд шинэчлэл, өөрчлөлтийг авчирсан. Түүний дотор Р.Эмүжингийн дуу хоолой үргэлж шинэ байсан. Хүүхдийн зохиол ховордож байгаа энэ үед ийм бүтээл гарч ирнэ гэдэг сайн хэрэг. Хүүхдийн номны бүтэцийн талаар бид ярих цаг нь болжээ. Сайн ном байхаас гадна сайхан ном байх хэрэгтэй. Найман настай хүүхэд зураачаар ажиллаж байна гэдэг гайхамшигтай юм.Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийн жигүүрийг дэлгэж, эр зориг хайрлаж хурцалсан зургаан түүх тус бүр хүүхдийн номын зургаан зураачийг төрүүлсэн нь давхар давхар бэлэг болсон” хэмээн Монголын уран зохиолын академийн ерөнхийлөгч До.Цэнджав дүгнэлээ.
HTML-