Тийм ээ, уншигч авхай та зөв ойлгожээ. Энд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн төв институтийг онцоллоо. Магадгүй та гарчгийг нь уншсан даруйдаа “Юу хэлчихэв” гэж гайхаж, “Яагаад ингэж бичих болов” хэмээн сониучирхаж буй байх. Тэгвэл учир шалтгааныг нь тайлбарлаж өгье. Ингэж хэлэхэд хүргэсэн үндэслэл бий. Нэгдүгээрт, энэ байгууллага үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Хоёрдугаарт, академийн гишүүн, тэргүүлэгч сонгох, их, бага чуулган зохион байгуулах нэрийн доор эрдэмтэн, судлаачдаа талцуулж, шударга бус шийдвэр гаргах болов.
Уг нь Шинжлэх ухааны академи (ШУА) гэдэг бол нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад ихээхэн чухал үүрэгтэй, онолын суурь судалгааны хүрээлэнгүүдийг нэгтгэн зангиддаг төв байгууллага юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлыг шинжлэх ухааны үүднээс үнэлж дүгнэн, цаашдын хөгжлийнх нь чиглэл, арга замыг тодорхойлсон үндэслэл, зөвлөмж боловсруулан УИХ, Засгийн газар, Төрийн тэргүүнд өргөн барих эрх тэдэнд бий. Мөн эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, технологи, инновацын бодлого тодорхойлох, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжүүлэх чиг үүрэгтэй. Гэвч яг өнөөдрийн нөхцөл байдлыг нь харахад ШУА бэлгэдэл төдий, нүсэр бүтэцтэй байгууллага л болсон байна. Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд гавьтай оруулж байгаа хувь нэмэр алга. Бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд ч тэдний дуу хоолой “сураггүй” хэвээр.
Монгол Улсад шинжлэх ухаан хөгжихгүй, тэргүүлэх салбар болж чадахгүй байгаагийн гол шалтгааныг эрдэмтэн, судлаачид эдийн засгийн чадамжгүй байдалтай холбож тайлбарладаг. ШУА-ийн тэргүүлэгчид “Азийн орнууд ДНБ-ийхээ хоёр хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг бол манай улс үүнээс 10 дахин багыг төсөвлөсөөр ирсэн. Энэ салбарыг хөгжүүлье гэвэл санхүүжилтийг нь нэмэх хэрэгтэй” гэж байнга ярьдаг. Тус академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэдхэн хоногийн өмнө “ДНБ-ийхээ нэг хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулж чадвал улс хөгжинө” гэсэн гарчигтай ярилцлага өгчээ. Монголын төр шинжлэх ухааны салбартаа хангалттай хэмжээний хөрөнгө “хаяж” чаддаггүй нь үнэн. Энэ нь үр бүтээмжид нь тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Цар тахлын цаг үед эрдэм шинжилгээний байгууллагуудад урсгал зардлыг нь ч олголгүй чангалж, царцаасан шүү дээ. Төр нь ч үнэлдэггүй, дэмждэггүй, хүлээн зөвшөөрдөггүй, өөх ч биш, булчирхай ч биш ийм эрдэм шинжилгээний байгууллагын хэрэг бий юү. Бид тэндээс юу хүлээх билээ.
Шинжлэх ухааны салбар чадамжгүй, дорой байгаад төр, төсөв хоёрыг л буруутгах нь өрөөсгөл. Үүнд толгой буюу төв байгууллага, түүний удирдлагууд ч нөлөөтэй. Тус салбарыг айлтай жишвэл өрхийн тэргүүн нь академи. Академийн өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүдээс бүрдсэн баг удирддаг бөгөөд ажлын албаараа дамжуулан үйл ажиллагаа хэрэгжүүлдэг гэх. Тэгэхээр тэдний оролцоо, шийдвэр эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад чухал нөлөөтэй гэсэн үг. Гэтэл энэ академийн гишүүнээр сонгогдсон хүмүүс салбарын нийт эрдэмтэн, судлаачдыг төлөөлөх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг боловсролтой, нийгэм, цаг үедээ үнэлэгдсэн шилдгүүд байж чаддаг уу гэвэл тун эргэлзээтэй. Үүнийг дэлгэрэнгүй өгүүлье.
ШУА их болон бага чуулган зохион байгуулдаг. Бага чуулган нь зургаан салбарт болдог. Салбар тус бүр 25, нийт 150 гишүүнтэй. Тэд холбогдох хууль, эрх зүйн хүрээнд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тулгамдсан асуудал, төслүүдийг хэлэлцэж, дүгнэлт гаргах, судалгаа хөгжүүлэлтийн ажлын явц, үр дүнг хянаж, үнэлэх зорилготойгоор улиралд нэгээс доошгүй удаа чуулдаг. Харин их чуулган нь академийн бүх гишүүнийнх юм. Үүнийг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, тодорхой чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн асуудлаар бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшний байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх, академийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг удирдах түвшний хүмүүсийг сонгох чиглэлийн хүрээнд хоёр жил тутам зохион байгуулдаг. Мөн энэ чуулганаар ШУА-ийн гишүүдийг академичдын саналаар сонгодог. Сонгогдсон гишүүдийг Ерөнхийлөгчид уламжилж, академич хэргэм олгодог онцлогтой. Академийн гишүүн ямар чухал үүрэг оролцоотойгэндээс төвөггүй ойлгож болно. Гэтэл тэдгээрийг сонгон шалгаруулах үйл явц “Шударга бус болдог” гэсэн шүүмжлэл дагуулж байна.
Шинжлэх ухааны төв байгууллагаас зохион байгуулдаг ээлжит их чуулган энэ сарын эхээр болсон. Үүгээр дотоодын ес, гадаадын хоёр эрдэмтнийг академийн гишүүнээр сонгожээ. Гэвч тэдний дунд академич хэргэмийн шаардлага хангахгүй, олон улсад судалгааны бүтээл хэвлүүлж ч байгаагүй судлаач нэг бус багтсан гэнэ. Салбарын эрдэмтдийн зарим нь үүнийг эсэргүүцэж, шүүмжлэлтэй хандсан байна. Нэгэн судлаач шинжлэх ухааны тэргүүлэх мэдээллийн сан болох “Scopus”, “Google scholar” зэргээс нэр дэвшсэн судлаачдын мэдээллийг хайж, олон улсад хэрхэн үнэлэгддэгийг нь дэлгэжээ. Ингэхэд зарим нь гадаадад хэвлүүлсэн бүтээлийн бүртгэлгүй, эрдэм шинжилгээний өгүүллийн эшлэлийн индексээр тэг үнэлгээ авсан байх юм. Уг нь академич гэдэг бол шинжлэх ухааны салбарт дорвитой бүтээл туурвиж, нээлт хийсэн, тодорхой нэг чиглэлийг тэргүүлэгч жинхэнэ эрдэмтдэд олгодог цол хэргэм. Харин жинхэнэ эрдэмтдийг үнэлэх гол шалгуур нь олон улсад үнэлэгдсэн байдал буюу импакт фактор өндөртэй сэтгүүлд хэчнээн бүтээл хэвлүүлсэн, түүнээс нь хэдэн судлаач эш татсан зэрэг үзүүлэлт байдаг. Өөрөөр хэлбэл, олон улс, дэлхийд хэр хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн бэ гэдгийг нь харгалздаг. Гэтэл ШУА-ийн гишүүд академич хэргэм горилогчдыг “шүүхдээ” олон улсын жишиг шалгуурыг үл ойшоожээ. Эндээс сонгогдсон хүмүүс дараа дараагийн академичдыг тодруулахад, салбарын үйл ажиллагааг дүгнэхэд, нийт эрдэмтэн, судлаачдыг төлөөлж шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэхээр харамсалтай.
ШУА-ийн удирдлагууд “Шинжлэх ухааны салбар улсын хөгжилд нөлөөлөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явуулахад төсөв санхүүгийн асуудал гол бэрхшээл болдог” гэж ярьдаг хэрнээ “Манай эрдэмтэн, судлаачид үр бүтээмжтэй ажиллаж байгаа. Өнөө жил төчнөөн эрдэм шинжилгээний өгүүлэл, төдөн патент, технологийн заавар, стандарт, аргачлал, ТЭЗҮ, ашигтай загвар батлууллаа. Салбарын орлого нэмэгдлээ” хэмээн “сайрхдаг”. Сүүлд гэхэд “Манай улс шинжлэх ухааны салбарын, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнээрээ Азийн 47 орноос 20 дугаарт эрэмбэлэгдлээ. Энэ бол өндөр үзүүлэлт” гэж мэдээлсэн. Тэд л өөрсдийгөө ингэж өндрөөр үнэлдэг болохоос биш, олон улсын байгууллагууд, шинжлэх ухааны мэдээллийн сан дахь баримт тийм ч сайн зүйл “хэлдэггүй” юм билээ. Харин ч хүн амтайгаа харьцуулахад дэндүү олон академич, доктор, профессор, их, дээд сургуультай хэрнээ үр бүтээмж муутай гэлцдэг. Их сургуулийн нэгэн багш саяхан “Хамгийн сүүлийн үеийн статистикаар Монголын 100 доктор нийлээд жилд ердөө ганцхан (1.3) өгүүлэл олон улсад хэвлүүлж байна. Ийм үзүүлэлт гаргадаг нийт улсаас манайх доороосоо 18 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ бол туйлын эмгэнэлтэй дүр зураг. Бид ийм цөөн эрдэм шинжилгээний бүтээлтэй, мөн ийм олон тооны, чадамжгүй, “хуурамч” доктортой байх нь. Улсын хөгжлийг хойш татаж буй маш том хүчин зүйлийн нэг нь энэ” гэсэн байв. Үүнд мэдээж ШУА-ийн нөлөө бий. Тиймээс л чадамжгүй, нүсэр бүтэцтэй ийм байгууллагын хэрэг байна уу гэж асуусан хэрэг. Угаасаа төсөв санхүүгийн хүрэлцээгүй, түмэн асуудал, бэрхшээлтэй салбарт “хуурамч” эрдэмтэн хэдэн арваар нь “нийлүүлээд” байвал төрөөс хэчнээн дэмжлэг, туслалцаа үзүүлээд хол явахгүй шүү дээ.
Шинжлэх ухаанд хамгийн их санаа тавьж буй хэмээн салбарынхандаа үнэлэгдээд байгаа Л.Энх-Амгалан сайд энэ асуудалд цаашид дорвитой анхаараасай билээ. “Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд төрөөс хэрэгжүүлж буй төслийн тендерт оролцох эрх олгох хэрэгтэй” гэж “ухуулах”-ын оронд тэдгээрийг удирддаг ШУА-ийнхаа үйл ажиллагаанд анхаараасай. Тус академи эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх үүргээ хангалттай түвшинд биелүүлж чадахгүй байна. “Шинжлэх ухаан, технологи, инновацад тулгуурласан нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ, олон улсад нэр хүндтэй, өрсөлдөх чадвартай байгууллага байх” эрхэм зорилго, алсын хараандаа ч хүрэхгүй шинжтэй. Хурал, зөвлөгөөн зохион байгуулах, нэгнийгээ эрдмийн зэрэгт “өргөмжлөхөөс” өөр гавьтай зүйл ер хийхгүй нь. Олон улсын туршлага, жишгээс харахад алдартай лабораториуд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг их, дээд сургуулиудынхаа дэргэд, хүний нөөцөд нь тулгуурлан хөгжүүлдэг юм билээ. Харин манайд их, дээд сургуулиудын дэргэд ч, шинжлэх ухааны төв байгууллагын харьяанд ч олон улсад нэрээ гаргасан, орчин цагийн гэж болохоор лаборатори, судалгааны нэгж алга. Ташрамд өгүүлэхэд, “хуурамч” эрдэмтэд гэдэгт шинжлэх ухааны салбарынхныг нийтэд нь хамруулаагүйг онцолъё.
Бэлтгэсэн Н.Мишээл