Явган хүн удаан хэдий ч ухардаггүй сайн талтай. Урагшилж явааг бодоход очих цэгтэй, уналаа гэхэд босоод ирэх хоёр хөлтэй, урам ороод зориглоход улам хурдлан гүйх боломжтой гээд явган хүнд авууштай зүйл их бий. Урд замд нь тотгор дайралдахгүй бол, өөрөөс нь бусад нь давхиж, нисээд байхгүй бол, үрэгдэж ядарсан хөлөөс нь зуураад байхгүй л бол алхаж яваа хүнд гомдоллох зүйл үгүй. Алхаад л байхад аяндаа хүрэхээс хойш.
Монголчуудыг “явган” хэмээн дууддаг нь учиртай. Нүүдэлчин соёл нь бидний зан араншинтай нарийн холбоотой. XIX зууны сүүлчболон XX зууны эхээр Монголд аялж явсан гадаадын судлаачид биднийг уужуу ухаантай, амгалан, яарч, тэвддэггүй байсныг хөдөө нутгийн ахуй болон нүүдэлчин амьдралын философитой холбон тайлбарласан нь цөөнгүй. Бид уг үндэснээсээ аливааг эргэцүүлж, уучилж, хүлээцтэй ханддагучир удаан байхыг үгүйсгэхгүй юм. Тиймдээ ч “явган монгол” гэж нэрлэсэн нь тохирсон мэт. Яарч, сандраагүй хүн л явган явж байдаг шүү дээ. Гэвч энэ нэршил нь өдгөөтохиромжгүй сонстох болсон нь орчин үеийн нийгмийн хүндрэлүүдээс улбаатай. Учир шалтгааныг Монголын нийгэмд төрж, өсөн амьдарч яваа туршлага болон түүнээс авсан үзэл бодлын дагуу тайлбарлая. Тоочин бичих нийгмийн асуудал барагдахгүй их ч өөрийн дүрслэлээр зүйрлэн бичье.
Том бул чулууг хүмүүс оосроор уяад урагш чирч байна гэж бодъё. Бүгд нэгэн зэрэг нэгэн хурдтай дугтрахад бул чулуу удаан ч гэсэн урагшилна. Харин зарим нь гүйгээд, үсрээд, оосроо тасдаад яваад өгөхөд үлдсэн хэд нь чирэгдэн оосортоо ороогдож, магадгүй бул чулуундаа дарагдаж болох юм. Бүгд адилхан явган явж болох байтал эрх чөлөөт үзэлд хэт автсан уу, эзэн суухыг илүүд үзсэндээ тэр үү, монголчууд бид эрх тэгш байдал, эмх замбараагаа алдан бул чулуундаа дарагдаж, буруу хүнийг урдаа гарган будилж яваа нь одоо л нэг үнэн санагдах шиг. Явган монгол аяндаа ялалтад хүрэх байтал ядууралд ойртож байгаа нь харамсалтай. Эхлэлээс дуусах цэг хүртэл хүсэл тэмүүлэл, зорилгоороо өөрийгөө цэнэглээд, өөрт байгаа боломжоо ашиглан, урд зурайх замаадаган ар дахь чулуугаа чирч явсан явган монголын хажуугаар дөрвөн дугуй хөлөглөж, тээшин дээрээ чулуугаа ачиндавхиа гадаад хол хаян өнгөрөв. Хөгжил дэвшилтэй орны зэрэгт хүрэхийн тулд явган монгол зүтгэж байтал зальтай монгол хүрч ирээд хөгжилд хүрэх замд чинь хөтөлье гээд явганы оосрыг өөрийн чулуунаас нэмж уяад зальтай монгол нуруун дээр нь мордчихов. Хүнд ачаа үүрэхийн сацуу туулах зам нь ч бэрх болж, алхах тутам өөрөөсөө алт зоосоо унагаж, тэмцэх тусам тэвчээр хүчээ алдав. Доголсоор тэрбээр турж эцэхэд дээр нь хэвтэх зальтын гэдэс дээвэр тулмаар том болж гэнэ. Явган монгол ядруу монгол болж, алхаа монгол аахилсан монгол болов. Зальтай монгол завжаа чигчилж, заах гэсэн замаа мартаж орхив.
Сонин, сэтгүүл, цахим ертөнцөөр өдөр алгасахгүй гарч, нүд, чихэнд үргэлж ажиглагддаг нийгмийн хүндэрсэн асуудлуудын үр дүнд ард иргэд бид явган монгол шиг санагдах болсон юм. Өөрчлөгдөж, хөгжихийн их хүслэн байдаг ч өнөөдрийн нийгмийн шударга бус байдалд өөрсдийнхөө хүч чадал, боломжуудыг алдаж байгаа нь харамсам. Явганаар эхэлсэн бид шогшиж, гүйж, харайж, давхих байтал доголж, бөгтийж, мөлхөж, хэвтэх ёсгүй санагдана. Эргэн нуруугаа тэнийлгэж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөх ёстой. Явган монгол хүн ятгалгаа залиас холуур алхаж, яарч тэвдэлгүйгээр, монгол хүний уужуу ухаанаар зорьсон цэгтээ үнэнч шударгаар хүрэх учиртай.
Бэлтгэсэн: СЭЗИС-ийн Санхүү удирдлагын тэнхимийн II курсийн оюутан Б.Урин