2022 оны наймдугаар сарын 30. Монгол Улс анх удаа хот, тэр дундаа түгжрэлийн асуудал хариуцсан сайдтай болов. Албан ёсны нэр нь Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга. Сайдаар томилогдсон Ж.Сүхбаатар энэ өдөр тангаргаа өргөлөө.
2022 оны есдүгээр сарын 2. “Түгжрэл”-ийн сайд твиттерт 50 удаа “жиргэжээ”. Тухайн үед түгжрэл ихэссэнтэй холбоотойгоор автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан, замын хөдөлгөөнд оролцуулж байсан бөгөөд уг зохицуулалтыг үргэлжлүүлэх, байнга мөрдүүлэх талаар хөндсөн нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч, тэр бүрт сайд тайлбар өгч байлаа. Тэгээд ч энэ нь түүний хувьд цоо шинэ шийдэл биш. Өмнө нь гаргасан зохицуулалтыг л давтах гэсэн хэрэг байв. Гэхдээ 50 удаагийн жиргээ түүний хувьд дээд үзүүлэлт биш бөгөөд уг тоог дундажид тооцож болох аж.
2022 оны есдүгээр сарын 20. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарт тамгыг нь хүлээлгэн өглөө. Яамгүй сайд ядаж тамгатай болов.
2022 оны есдүгээр сарын 21. “Түгжрэл”-ийн сайдын “жиргээ” олон нийтийн бухимдлыг “өрдөв”. Тэрбээр оршуулгын цуваа түгжрэлд нэрмээс болж буйг онцлоод, энэ чиглэлээр холбогдох газруудын удирдлагатай ярилцахаар төлөвлөж байгаа хэмээсэн юм. Түгжрэлийн асуудлыг “оношлох” сайдын ажил ийнхүү эхэллээ. Гэсэн ч олон нийтийн зүгээс “Оршуулгын бус, дарга нарын цуваа л түгжрэл үүсгэдэг” гэж няцааж байсанюм.
2022 оны есдүгээр сарын 30. Ж.Сүхбаатар “Бид ирэх жил хийсэн ажлаа дүгнэхэд Э.Бат-Үүлээс илүү гарсан байх болно” хэмээн мэдэгдэв. Ялангуяа нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргасан байхаа тэрбээр хэлсэн юм. Ийнхүү харьцуулснаараа тэрбээр дахиад л олон нийтийн шүүмжлэлд “ороогдож”, “Э.Бат-Үүл ажлынх нь хэмжүүр болчихоо юу”, “Ингэж ярьж байхыг бодоход Э.Бат-Үүлээс илүү ажиллаж чадахгүй нь ойлгомжтой” хэмээн иргэд дургүйцлээ илэрхийлэв.
2022 оны арваннэгдүгээр сарын 22. Сайд Ж.Сүхбаатар түгжрэл үүсгээд байгаа бас нэгэн буруутныг олсон нь эмийн сан хайн “тэнэж” явдаг иргэд байлаа. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр тэрбээр “Түгжрэлтэй бүх л юм уялдах юм. Жишээлбэл, гэр хороололд эмийн сан маш бага байгаа. Орон сууцын хорооллуудад нэг булан эргээд л эмийн сан байдаг. Хүмүүс эмийн сан хайж ийш тийшээ явдаг” хэмээн ярив. Энэ нь нэг талаар хотын буруу төлөвлөлт, гэр хороолол руугаа огт анхаарал хандуулаагүй, хаяж ирснийг илэрхийлэх “үзүүлэлт” билээ.
2022 оны арваннэгдүгээр сарын 23. “Түгжрэл”-ийн сайд бас нэгэн “мэргэн” санаа олсон нь сурагчдыг цахимаар хичээллүүлэх санал гаргах байв. Гол үндэслэл нь цас орж, хүйтний эрч эрс чангарахтай холбоотой байсан. Улмаар өнгөрсөн сарын 28-нд бүх шатны боловсролын байгууллагынхан цахимаар хичээллэлээ. Гэтэл тухайн өдөр нь эрс хүйтэрсэнгүй. Харин маргаашаас нь хүүхдүүд хичээлдээ явтал жавар тачигнаж эхэлсэн. Эларга хэмжээний зорилго, ач холбогдол, үр дүн одоо ч ойлгомжгүй.
2022 оны арванхоёрдугаар сарын 2. Хотын төв замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус явуулах зохицуулалтыг чанд мөрдүүлэхээр болов. Үүний талаар сайд Ж.Сүхбаатар “Журмаараа автобус нэгдүгээр эгнээгээр явах ёстой ч мөрдөхгүй байна. Үндэсний хороо өчигдөр орой болтол хуралдаж, олон асуудлыг шийдсэн. Ямар ч байсан даваа гаргаас нэгдүгээр эгнээнд хүн хүчээ гарган, хяналтаа сайн тавих тал дээр бүх нөөц чадлаараа ажилла гэдэг үүргийг өгч байгаа. Шахалт үзүүлэхээс өөр арга алга” гэв.
Энэ бол Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын 100 хоногийн ажлын хураангуй “тайлан” юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр дорвитой зүйл хийсэнгүй, түгжрэлийн эсрэг олигтой шийдэл ч олсонгүй. Харин ямар ч үндэслэлгүй, хариуцлагагүй үгс сошиалаар “цацаж”, түүндээ ээрэгдсээр ирснийг өмнө дурдсан жишээнүүдээс харах боломжтой. Түүнчлэн “Даваа гарагт түгжрэлтэй байдаг тул бэлтгэлтэй байхыг хүсье” гэх мэтээр хэнд ч ойлгомжтой зүйлийг олон нийтийн сүлжээнд бичиж, иргэдээ тавлан суугаа билээ.
Ж.Сүхбаатар сайдын тангараг өргөснийхөө дараа “Богино хугацаанд хийх ажил бол хөдөлгөөний зохицуулалт, хязгаарлалт юм. Захиргааны арга хэрэглэнэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Түгжрэл гамшгийн хэмжээнд очсон. Үзлэгт ороогүй, татвараа төлөөгүй машин хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 30-40 хувийг бүрдүүлж байгаа. Мөн нийслэлд механик өсөлт их. Жил бүр 40 000 эх төрж, 30 мянган хүн шинээр бүртгүүлдэг. Импортын машин их. Эдгээрт бусад сайдын анхаарлыг татаж, ажилд нь туслах, нэгтгэх, чиглүүлэх нь миний үүрэг” хэмээн хариулсан юм. Анхнаасаа л ийм байдлаар, захиргааны арга хэмжээ авахаа мэдэгдсэн тэрбээр буруутан хайж, өнгөрсөн хугацааны ихэнхэд иргэдийнхээ эсрэг ажилласан гэхэд болно.
“Түгжрэл”-ийн сайдын санаачилгаар өдгөө хэрэгжүүлж байгаа нэг ажил бол хотын төв замын нэгдүгээр эгнээг чөлөөлөн, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчуулах юм. Уг ажлыг буруутгах гэсэнгүй. Харин буруу аргаар хэрэгжүүлээд буйг нь онцолмоор байна. Тодруулбал, Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замын бараг 100 метр тутамд цагдаа зогсоож, нэгдүгээр эгнээг чөлөөлөх арга хэмжээ авч буй. Өвлийн тэсгим, 30 градусын хүйтэнд шүү дээ. Техник, технологийн эринд хяналтын камераас авхуулаад олон төрлийн арга хэмжээ авах боломжтой атал цагдаагийн алба хаагчдыг ийн ажиллуулж байгааг “шийтгэл” гэхээс аргагүй. Гэлээ ч төв замд л түгжрэл бага зэрэг саарч, бусад хэсэгт бахь байдгаараа. “Үүнийг хэзээ шийдэх вэ, сайд аа” гэхээр тэрбээр “Түгжрэл нь олон жил ужгирсан том асуудал тул шийдэхэд амаргүй” хэмээдэг. Бүр өөрийгөө өмөөрч, “Их Британийн Кэмбрижийн их сургуулийн хийсэн судалгаанд “Ганц зоригтой, том шийдлээр замын түгжрэлийг бүрэн шийдэж болно” гэх гэнэн бодлоо орхихыг хот төлөвлөгчдөд уриалжээ” хэмээн твиттерт бичсэн байх юм.
Өнгөрсөн сард хоёр ч удаа цас их хэмжээгээр орж, нийслэлд замын хөдөлгөөн тэг зогссон. Иргэд хаашаа ч үгүй, хэдэн цагаар зам дээр зогсохдоо “түгжрэл”-ийн сайдыг “эрэн сурвалжлахад” хүрсэн билээ. Гэтэл тэрбээр усанд хаясан чулуу мэт алга болсноо дараа нь гэнэт гарч ирэн “Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй. 20-30 жилийн хугацаанд ужгирч бүрэлдсэн. Позитив талаасаа эдийн засгийн өсөлт, хүн амын төвлөрөлтэй холбоотой. Негатив талаас хот нэгдсэн төлөвлөлтгүй, газрын авлига, замын сүлжээ бага, нийтийн тээврийн уналт, удирдлагын чадамжгүй байдал нөлөөлсөн” хэмээн бас л гоншигносон юм. Түүний хэлснээр бол зөвшөөрөлгүй өсөөд буй хүн ам түгжрэлийн гол буруутан болчихоод байгаа. Түүнчлэн сүүлийн үед сайдын ажил хэчнээн автобус үйлчилгээнд гарсан, Тээврийн цагдаагийн албаныхан хэрхэн ажилладаг, цаашлаад хотын ТҮК-ийнхан давс, бодисоо хэрхэн цацаж буйг мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэхэд чиглэж байна. Эдгээрийг хийхийн тулд заавал сайд болох шаардлагатай гэж үү.
Тэгвэл сайдын хийх ажил юу вэ. Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 14-ний ээлжит хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталсан юм. Түүнчлэн сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг дээд тал нь зургаа байхаар тогтоожээ. Уг дүрэмд зааснаар бол нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо нь “Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад чиглэсэн төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд Монгол Улсын сайдад дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр төрийн захиргааны бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах, авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, тэдгээрийн санал, санаачилгыг дэмжих, нийслэл хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн эрх хэмжээтэй байна” гэжээ.
Монгол Улсын сайдын хувьд Ерөнхий сайдаас өгсөн үүргийг биелүүлэх, үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газарт санал болгох, хорооны хуралдаанаас гаргасан тогтоол, зөвлөмжид тусгасан асуудлыг холбогдох хууль, журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх эрх, үүрэгтэй. Түүнчлэн хорооны гишүүдэд үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих, хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хариуцлага тооцуулах талаар томилох эрх бүхий этгээдэд санал хүргүүлэх аж. Мөн “Хорооны ээлжит хуралдааныг хоёр сар тутамд хийнэ. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын сайдын санаачилгаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно” гэж дээрх дүрэмд заажээ. Үүний дагуу хороо хуралдаж, зарим шийдвэрийг гарган, тийм, ийм ажлууд хийнэ гэх мэдээллүүд өгсөн. Гэсэн ч бодит байдалд нийслэлчүүд зам дээр амьдралынхаа багагүй цагийг үрсээр, алдагдсан хугацааныхаа үнэ цэнийг хэнээс нэхэхээ мэдэхгүй л явна. Бас цаашид ч итгэл хүлээлгэх, нөхцөл байдал өөрчлөгдөнө гэх найдвар сайдын үг, үйлдлээс харагдахгүй байна.
Ирэх оны улсын төсөвт тусгаснаар бол “түгжрэл”-ийн сайд 339.7 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь Засгийн газрын 22 сайдаас төсвийн хэмжээгээр есдүгээрт бичигдэх том тоо юм. Уг төсвийн задаргааг харвал, нийтийн тээврийн авто паркийг шинэчлэх, автобус худалдан авах гэсэн тун цомхон заалттай. Өөрөөр хэлбэл, “түгжрэл”-ийн сайдын ажил нь ердөө автобус худалдан авах болон авто парк байгуулах. Эдгээр ажлаа хийж дуусгачихаад, “хот”-ын сайд хийх ажилгүй, олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэн, заримдаа иргэдээрээ “тоглон”, уйдаагаа гаргаж суух уу. Сайд өөрөө бол “Засгийн газрын гишүүнээр ажилласнаас хойших хоёр сар гаруйн хугацаанд бид бодлогоо ингэж томьёолсон. Ямартай ч нийтийн тээврийг сэргээх нь гол зорилт, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх нийтийн сэдлийг идэвхжүүлэх гэдгээ шийдвэр гаргах болон олон нийтийн дунд ойлгуулахад өмнөхөөс ахиц гарсан” хэмээн ажлаа дүгнэжээ. Уг нь энэ мэт ажлыг заавал сайд хийх шаардлагагүй байлтай. Нийслэлийн ЗДТГ, харьяа газар, агентлагууд гэсэн маш том бүтэц байсаар атал шүү. “Түгжрэл”-ийн сайдын 100 хоногийн ажил иймэрхүү л байна. Бас цаашид хэрхэх нь ойлгомжгүй байсаар. Ялангуяа “түгжрэл”-ийн сайд хотын захиргаатай хэрхэн уялдаж ажиллах нь тодорхойгүй. Нийслэлийн ирэх оны төсөвт ч түгжрэлийг шийдэхтэй холбоотой хөрөнгө оруулалт гэх зүйл алга. Өмнө нь хотын захиргааны нуруун дээр байсан түгжрэлийг арилгахаар сайд томилж, хүч нэмсэн юм бол асуудлаа хамтран шийдэж, их хүчээр “довтлох” ёстой бус уу.
Бэлтгэсэн М.Оч