Өнгөрсөн долоо хоногт Монгол орны нийт нутгаар цаг агаар тогтуун, харьцангуй дулаан байсан бол өнөөдрөөс хүйтний эрч чангарна гэж цаг уурын байгууллагаас мэдээлэв. Өчигдөр баруун болон зүүн аймгуудын зарим газар, төв, говийн бүсийн зүүн хэсгээр цас орж, шуурсан бол өнөөдөр баруун аймгуудын хойд, зүүн, төвийн нутгийн зарим хэсгээр цастай байх нь. Уулархаг нутгууд, томоохон голуудын хөндийгөөр өдөртөө 24-28, шөнөдөө 31-36 градус хүрч хүйтрэн, салхи шуургатай байхыг анхааруулав. Харин Улаанбаатарт энэ долоо хоногт өдөртөө 19-24, шөнөдөө 25-29 градусынхүйтэнбайх гэнэ. Ташрамд дурдахад, өчигдрийн байдлаар нийслэлийн төв хэсгээр гурав, захын бүсэд 10, Багануур дүүрэг орчимд 34, Налайхад 14 см зузаан цасан бүрхүүл тогтсон байв. Түүнчлэн Баянхонгор, Өмнөговь аймгийн нутагт энэ сарын 11-нд салхины хүч секундэд 15-25, зарим үед 30 метрт хүрч ширүүсэн, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарт 1-7 цаг цасаар шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Бэлтгэсэн И.Мишээл