“БНХАУ ирэх оны нэгдүгээр сарын 9-нд хилээ нээх шийдвэрээ албан ёсоор зарлалаа”, мөн “Урд хөрш ирэх сард зөвхөн агаарын хилээ нээнэ” зэрэг яриа иргэдийн дунд тархсан. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “БНХАУ-ын талаас хилээ нээх талаар манай яаманд албан ёсоор мэдээлэл ирүүлээгүй” гэв. Гадаадын зарим эх сурвалж тус улс ирэх оны эхээр агаарын хилээ, харин эхний улиралд бүх хилээ нээнэ гэсэн байна. Өмнөд хөрш цар тахлын дэглэмээ аажмаар сулруулж, дотоодын нислэгийн компаниуддаа тавих шалгуураа багасгажээ. Өөрөөр хэлбэл, зорчигчид дунд нь “Ковид-19”-ийн халдвар авсан дөрөв болон түүнээс олон хүн байвал үйл ажиллагаа явуулах эрхийг нь тодорхой хугацаагаар цуцлах журам үйлчилж байж. БНХАУ уг журмаа цуцалсан талаар олон улсын зарим хэвлэлд бичжээ.
Бэлтгэсэн Р.Жаргал