Цар тахал ид үед зохион байгуулсан наадмын урлагийн тоглолтын үеэр дуучин Ука буюу Д.Уламбаярыг зохисгүй аягласан гэж үзсэн хүмүүс түүнээс сошиал сүлжээнд дагахаа больж байв. Ингээд тэрбээр 120 мянган дагагчаа алдаж байсан нь хоёр жилийн өмнөх явдал. Тэр үеэс манай улсад “cancel culture” хэмээх нэр томьёо илүүтэй дэлгэрч, олон хүний сонорт хүрч байлаа. Энэнь хуумгай явдалтнуудыг дэмжиж, дэвэргэхээ байя гэсэн утгатай, гадаадын орнуудад олон нийтийнх нь сэтгэл санаанд нэлээд хүчтэй нөлөөлдөг уриа маягтай хэллэг юм. Укагийн фэнүүд, тэр дундаа залуучууд тухайн үед дуучныг гэмшихэд хүргэсэн билээ. Үүний дараа хөгжимчин, дуучин Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нар үлгэр дуурайлгүй авирласанд олон нийт дургүйцлээ илэрхийлэн, “Тэдний дууг сонсохгүй” гэсэн уриалга ч гаргаж байлаа.
Харин өдгөө улстөрчдийг аялдан дагалдагчдыг эсэргүүцэх хандлага нийгэмд газар авч эхэлсэн. Эрх баригчдын алдаатай бодлого, хяналтгүй байдлын гороор бий болсон өнөөгийн нийгэм, ядуурал, амьжиргааны доройтол зэргийг иргэд эсэргүүцэн жагсаж байна. Гэтэл нэг хэсэг нь, ялангуяа олны танил эрхмүүд улстөрчдийг дэмжиж, сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан зэрэг нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Тиймээс олны танил хүмүүсийг нийгмийн сүлжээнд дагахаа болих, үндсэндээ “cancel culture” хийх “давлагаа” ч үүслээ. Үр дүнд нь ийм шүүмжлэлд өртсөн уран бүтээлч, инфлүүнсерүүд ч иргэдээс уучлал гуйж эхэлсэн. Тухайлбал, реппер ThunderZ, дуучин А.Хишигдалай, юүтүбэр Gremix нар олон нийтийн эрх ашгийн эсрэг, амин хувиа хичээсэн үйлдлүүд гаргасан улстөрчидтэй хамтран ажиллаж, өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаанд нь оролцож явсандаа монголчуудаасаа уучлалт гуйгаад байна. Тэд бол фэйсбүүк, инстаграм зэрэгт хэдэн зуун мянгаар тоологдох дагагчтай инфлүүнсер юм.
Олон нийтийн сүлжээнд дагагч олонтой хүмүүс бол жирийн нэгнээс өөр юм. Тэд тодорхой хэмжээнд нийгэмд нөлөө үзүүлж, аяндаа тойрон хүрээлсэн олны өмнө хүссэн ч, үгүй ч хамжааргатай, хянуур байх шаардлагатай. Технологийн хөгжлийн энээринд олон улсад инфлүүнсер хэмээгддэг ийм хүмүүсийн нөлөөг улс орнууд үндэстнийхээтусын тулд ухаалгаар ашигладгийн жишээг БНСУ харуулдаг билээ. Тус улсын эдийн засаг өсөж, нийгэм хөгжихөд соёл урлагийн салбарт нь гарсан дэвшлүүд нөлөөлснийг аль ч түвшиндээхэлдэг. Загвар, хөгжим, дүрслэх, ялангуяа орчин үеийн урлаг, кино, уран барилга, улмаар дуу хөгжмийн поп урсгалыг ч төрөөс нь дэмжиж, эерэг нөлөөг нь ард түмнээсоён гэгээрүүлэхэд ашигладаг.
Нөгөө талаар урлагийн салбарынхныг дэмждэг шигээ, тэднийг “татан буулгаж”, “шалд нь унагаж” чаддаг хүмүүс бол бас солонгосчууд. Тэд буруу явдалтнуудыг өршөөдөггүй. Хариуцлагыг хамтын хүчээр, тэр дор нь хүлээ л гэдгээрээ алдартай ард түмэн. Ёс зүйн алдаа гаргасан уран бүтээлчдийг тэд дэмждэггүй, тоглолт, киног нь үзэхгүй. Улмаар үүнд бусдыгаа уриалахад л хангалттай. Ингэж хамтаар хариуцлага тооцдог бичигдээгүй хууль нь иргэдийн санаачилга, хамтач байдлын үр дүн бөгөөд зорилгодоо хүрэх нэгдмэл хүч тул хэн ч зогсоож чаддаггүй хүчин зүйл болдог ажээ.
Уг жишгийг манай улсын залуучууд “импортолж”, болохгүй нэгэнтэй хариуцлага тооцдог механизм бий болгож эхэлсэн нь цагаа олж буй гэхээр. Энэ“хууль”-ийг хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлбэл уран бүтээлчид ёс зүйн алдаа гаргах нь багасах биз ээ. Үүнтэй адил улстөрчдийг ч чангалах шаардлага тулгарч байх шиг.
Бэлтгэсэн Р.Оюунжаргал