Туркийн Истанбул хотод жил бүр болдог “Uzakrota” олон улсын аялал жуулчлалын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Тапатрип” ХХК 2022 онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн технологийн бизнесээр шалгарчээ. Аяллын агентлаг, тур оператор, зочид буудал, агаарын тээврийн болон технологийн компани, зочлох үйлчилгээний салбарынхныг хамруулдаг томоохон арга хэмжээнд тооцогддог эл уулзалтад энэ удаа 10 000 гаруй мэргэжилтэн оролцож, 200 гаруй илтгэл хэлэлцүүлжээ. Зөвхөн технологийн чиглэлд 82 компани өрсөлдсөнөөс “Тапатрип” ХХК үзүүлэлтээрээ тэргүүлсэн байна. Тус компани нь нислэгийн тийз, зочид буудал, орон нутгийн автобус болон галт тэрэгний тасалбар, аяллын захиалгын үйлчилгээг цахим хуудас, аппликэйшнээр дамжуулан нэг дороос худалдан борлуулдаг аж. Цаг үеийн нөхцөл байдлаас хамааралтайгаар жуулчдын урсгал, зах зээл өөрчлөгдсөн нь “Uzakrota” дээд хэмжээний уулзалтад манай улс анх удаа оролцох шалтгаан болжээ.
Бэлтгэсэн Н.Буян