Улсын хэмжээнд уржигдрын байдлаар 101 307 тонн шатахууны нөөцтэй байсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Тухайлбал, А-80 автобензиний 5469 (33 хоног), АИ-92- ын 35 713 (27), АИ-95 шатахууны 4390 (32), дизель түлшний 51 382 (20), онгоцны түлшний 4065 тоннын (34) нөөцтэй байжээ. Улаанбаатарын хэмжээнд АИ-92 бензиний 20 468 (22 хоног), АИ- 95-ын 2922 (40), дизель түлшний 29 318 тоннын (27) нөөц байсан аж. Уржигдрын байдлаар нийслэлд А-80 бензинийг литрийг нь 2370, АИ-92-ыг 2390, АИ-95-ыг 3910, дизель түлшийг 3770 төгрөгөөр борлуулж байсан гэнэ. Дээрх яамнаас найман аймаг дахь шатахууны жижиглэнгийн үнийг мөн танилцуулсан юм. Үүнээс харахад, Булган, Дархан-Уулд А-80 бензинийг литрийг нь 2450, Завханд 2870 төгрөгөөр зарж байсан нь хамгийн хямд болон өндөр үнэд тооцогдлоо. Түүнчлэн АИ-92-ыг литрийг нь Завханд 2890 төгрөгөөр зарж байсан нь хамгийн өндөр дүн аж. Эл тоо Булган, Дарханд 2470 төгрөг байсан нь хамгийн хямд юм.
Энэ ташрамд өгүүлэхэд, манай улс өнгөрсөн аравдугаар сарын 25-31-нд 47.1 мянган тонн бүтээгдэхүүн импортолсны 23.7 нь дизель түлш, 19.8 нь АИ-92 бензин байжээ. Тэгвэл энэ он гарснаас хойш өнгөрсөн аравдугаар сарыг дуусталх хугацаанд нийт 1.54 сая тонн шатахуун импортолсон дүн гарчээ. Тодруулбал, 29.2 мянган тонн А-80, 500.9 мянган тонн АИ-92, 20.6 мянган тонн АИ-95/98, 788.2 мянган тонн дизель, 30.5 мянган тонн онгоцны түлш авсан гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор