УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газар “Рио тинто” компанитай байгуулсан гэрээнд хувийн ашиг сонирхлын дагуу хөндлөнгөөс нөлөөлж, авлига авсан, олон улсын түвшинд мөнгө угаасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр Швейцарын Холбооны Улсын прокурорын байгууллага 2016 оноос шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл тэрбээр тус улсын прокурорын байгууллага уг хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өчигдөр мэдээлж, түүний баталгаа болох тогтоолыг нийслэлийн Прокурорын газрын холбогдох албан тушаалтанд өглөө. Сангийн сайд асан “Швейцарын Холбооны Улс эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хүрээнд Австрали, Монгол, Хонконгийн хууль, хүчний байгууллагатай хамтран энэ хэргийг шалгасан юм билээ. Албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр надад тулгаж, үүсгэсэн байсан хэргийг нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн зургадугаар сарын 13-нд хэрэгсэхгүй болгосон. Швейцарын Холбооны Улс ч авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг цагаатгасан. Тус улсын прокурорын байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай албан ёсны тогтоолыг миний өмгөөлөгчөөр дамжуулан наймдугаар сарын 24-нд ирүүлсэн. Сүүлийн үед энэ хэргийн талаар зохион байгуулалттай мэдээлэл тарааж эхэлсэн учир зориуд хэвлэл мэдээллийнхний өмнө прокурорын байгууллагад энэ тогтоолыг өгөхөөр шийдвэрлэсэн юм. Монголын улстөрчдөөс ийм олон орны хууль, хүчний байгууллагаар нэгэн зэрэг шалгуулсан хүн ховор байх. Монголчууд улсынхаа хууль, шүүхийн байгууллагад итгэдэггүй. Шийдвэр болгоныг нь үгүйсгэж, нөлөөнд автсан гэж үздэг. Харин Швейцар бол хууль дээдэлдэг улс. Австрали, Хонконг хууль эрх зүйн тогтолцоо болон хууль дээдэлдэг байдлаараа дэлхийд дээгүүрт ордог. Ийм улсын хуулийн байгууллага энэ хэргийг мөрдөн шалгаж, цагаатгасанд баяртай байна. Монголын хууль, хүчний байгууллагууд ч хүн биш, хууль засагладаг цаг ирснийг харуулсан шийдвэр гаргалаа” гэв.
Бэлтгэсэн И.Мишээл