Самарт явсан иргэд төөрөх, бэртэх тохиолдол цөөнгүй гарах болжээ. Хушны самар түүж, бэлтгэх хуулийн хугацаа эхэлсэн үе буюу өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос хойш таван хүн сураггүй болж, онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ. Тэднээс гурвыг нь олсон бол хоёрынх нь эрлийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр түр хугацаанд зогсоогоод буй аж. Хамгийн сүүлд уржигдар Төв аймгийн Мөнгөнморьтод хийж байсан эрлийн ажиллагааг зогсоожээ. Тус сумын Жаргалант багийн нутаг, Хавцалт замбал хэмээх газарт самар түүж байгаад сураггүй алга болсон, нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны харьяат, 63 настай эрэгтэйг аврагчид долоо хоногийн турш хайсан байна.
Самарчид суурин газраас хол, холбоо харилцаа тогтоох боломжгүй бүсэд очдог учраас хэн нэгэн төөрсөн, гэмтсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагуудад цаг алдаж хүргэдэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Онцгой байдлын байгууллагад бүртгүүлсэн дээрх таван тохиолдлын дөрөв нь Төв, нэг нь Сэлэнгэ аймгийн нутагт дэвсгэрт болжээ. Ташрамд дурдахад, Архангай, Булган аймаг, Хөвсгөлийн Галт, Жаргалант, Тариалан сумын нутаг дэвсгэрээс бэлтгүүлэхээр тогтоосон самрын хэмжээ квотдоо хүрчээ. Үүнтэй холбогдуулан эдгээр газраас хушны “үр жимс” түүхийг ирэх оны аравдугаар сарын 1 хүртэл хориглох шийдвэрийг БОАЖЯ-наас гаргаад байна. Тусяамны мэргэжилтнүүд хушин ой бүхий бусад аймагт ч үнэлгээ, тооцоо хийж буй гэнэ.
Бэлтгэсэн И.Мишээл