Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос шатахууны асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл"-ийн 2018 оны 1-дүгээр сарын 18-ны өдөр зөвлөмж гаргасан. Зөвлөмжид өргөн хэрэглээний шатахууны үнийг нэмэхгүй байх талаар тусгасан. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр 45 хоногийн шатахууны нөөц бий гэсэн дүгнэлт гарсан учир борлуулалтын хувьд бэрхшээл гарахгүй юм байна гэсэн ойлголттой байсан. Гэтэл зөвлөмж гарснаас хойш шатахууны зохиомол хомсдол, ШТС-ын урт дараалал олон нийтийг бухимдуулж байна. Дийлэнх ШТС-д шатахууны борлуулалт хүнд байна.
Иймээс МҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо.
Зохиомол хомсдол үүсгээд байгаа аж ахуй нэгжүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох шаардлагыг тавьж байна. Асуудлыг шантаачлах замаар шийдэх нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй. Хүйтэн сэрүүний улиралд цаг агаар, нөхцөл байдлаа харгалзаж үзсэн ч тэр хөдөө орон нутагт яваа иргэд, олон нийтэд шатахууны хомсдол хүндээр нөлөөлж болзошгүй. Шатахууныг дагаад барилга хот байгуулалтын салбар гээд олон салбарын үнэ дагаад нэмэгддэг учир зөвлөмжийнхөө хүрээнд хангалтаа хэвийн явуулахыг ШТС-уудад уриалж, шаардаж байна.