Хачигт халдварын улирал эхэлж, өвчлөл нэмэгдэх болсныг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. Тодруулбал, жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс зургаадугаар сар хүртэл ой, хээр, бэлчээрийн бүсэд хүн, мал хачигт хазуулах нь ихэсдэг аж. Тус төвийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Гуравдугаар сарын 16-наас хойш 44 хүн хачигт хазуулсан гэх шалтгаанаар ХӨСҮТ-д хандсан. Үүнээс хачигт риккетсиозын халдвар авсан таван хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Тэд Төв, Завхан аймаг, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хачигт хазуулсан хэмээн өгүүлсэн. Иймд ой, хээрийн бүсэд ажиллаж, амьдардаг, мөн аялж зугаалах бол анхаарал болгоомжтой байж малгай, тод өнгийн битүү хувцас өмсөөрэй” гэж зөвлөлөө.
М.Гэгээ