Австралийн Сидней хотод зохион байгуулсан, пара байт харвааны дэлхийн чансаа олгох гран при тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад дөрвөн тамирчин өрсөлдлөө. Тэднээс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртэв. Өмнө нь “Лондон-2012”, “Рио-2016” паралимпийн наадамд оролцсон тэрбээр Францыг зорих эрхээ өнгөрсөн жил авсан юм. “Парис-2024” паралимпийн наадмын байт харвааны эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж буй. Түүнээс гадна ДАШТ-ий багийн болон Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн сарын эхээр болсон тэмцээнээс Парист цэц сорих эрх гардсан билээ. Ингэснээр Монголын хоёр харваач Парисын паралимпэд цэц сорихоор болсон юм. Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж, Б.Оюун-Эрдэнэ 14-т жагсаж байна.