Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан Азийн АШТ болон Парисын олимпын эрх олгох тэмцээнд хүч сорино. Эмэгтэйчүүд Төв аймгийн Батсүмбэр сумд байрлах “Аваргууд” академид ӨМОЗО-ы шигшээ багийн 10 гаруй тамирчинтай хамтарсан бэлтгэл хийж буй. Тэднээс олимпын зургаан жингээс хоёрт нь Францыг зорих эрхээ баталгаажуулсан. Тодруулбал, өнгөрсөн онд Сербийн Белград хотод болсон ДАШТ-ээс 50 кг-ын жинд ОУХМ Д.Отгонжаргал, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрх авсан билээ. Харин үлдсэн дөрвөн жинд Киргизийн Бишкек хотод энэ сарын 16-19-нд болох Азийн АШТ, Туркийн Истанбулд тавдугаар сарын 9-12-нд зохион байгуулах тэмцээнээс олимпын эрх гардах боломжтой. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан, Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар ажиллах юм.