БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 17-нд болсон олон улсын марафонд оролцсон Монголын үндэсний шигшээ багийнхнаас зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхзаяа оролцлоо. Тэрбээр хоёр цаг 24 минут 45 секундийн амжилтаар “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол хангасан байна. Б.Мөнхзаяа тус марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн 42 км-ийн зайд хурд сорин, VII байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ. “Улаанбаатар” марафоны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10 000, хагас марафоны дээд амжилт эзэмшигч тэрбээр өмнө нь “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөж байв.