БНСУ-д олон улсын гүйлтийн цанын олон улсын тэмцээн энэ сарын 4-5-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцсон Монголын цанын үндэсний шигшээ багийнхнаас “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Ачбадрах 15 км-ийн бөөн гараатай сонгомол зайн төрөлд түрүүлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Солонгост болсон гүйлтийн цанын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд хурд сорихдоо тэрбээр эрэгтэйчүүдийн 15 км-ийн цуваа болон 30 км-ийн бөөн гараатай уралдаанд тус бүр мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ онд оролцох тэмцээнүүдийнхээ амжилтыг медальтай эхлүүлсэн манай тамирчин эх орондоо зохион байгуулсан өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд хот, орон нутаг, спорт хороод, клубийн 40 гаруй тамирчинтай элит ангилалд цасан замаар хоёр км гүйж, таван км дугуй жийж, гурван км зайд хурд сорихдоо тэргүүлж, аваргаар тодорсон юм.