Монголын дугуйн холбоо 2013 оноос мэргэжлийн тамирчдыг бэлтгэж, 2022 онд “Ферей Монгол” үндэсний шигшээ багийг байгуулсан. Ингэснээр тамирчдаа хоёр дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийлгэж, “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнүүдэд хурд сорьж эхэлсэн билээ. Шигшээ багийнхан дасгалжуулагч Т.Төгөлдөрийн удирдлагад БНХАУ-ын Шиамен хотод нэг сар бэлтгэл базаахаар урд хөршийг зорив. Бүрэлдэхүүнд нь шигшээ багийн болон элит, 23 хүртэлх насныхны 10, залуучуудын багийн дөрөв, нийт 14 тамирчин багтжээ. Манай дугуйчид зургаадугаар сард болох Азийн АШТ-д амжилттай оролцохыг зорьж буй. Энэ онд 23 нас хүртэлх, мөн залуучуудын багийнхны уралдаанд түлхүү анхаарч, Швейцар улсад есдүгээр сард зохион байгуулах ДАШТ-д оролцуулах юм.
Тэгвэл элит ангилалд өрсөлддөг багийнхан Турк улсад ирэх сарын 2-3-нд болох цуврал тэмцээнд хурд сорих нь.