Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон, хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах, “Парис-2024” зуны олимпын эрхийн оноо олгох тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Б.Дэнсмаа нарын удирдлагад 14 тамирчин өрсөлдсөн. Монголын туйванчдаас шагналын салхи хагалж, эмэгтэйчүүдийн64 кг-ын жинд Г.Ануужин дэд байрт шалгарсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүний амжилтыг буухиалж, 71 кг-д О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. Ингэснээр Г.Ануужин Ази тивийн гурав дахь (2022 онд хүрэл, 2023 онд алт, 2024 онд мөнгө) медалиа зүүв. О.Төгс-Эрдэнийн хувьд өсвөр үеийн Азийн АШТ-ээс гурван алт, нэг хүрэл, залуучуудынхаас мөнгө, ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байна.