АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан, мөстэй усанд сэлэлтийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, 120 дугаар ангийн тамирчин, Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн багш, дэлхийн хошой аварга Ш.Даваадорж нь ач охин, “Күнз” сургуулийн зургаадугаар ангийн сурагч, 11 настай М.Цэнгүүний хамт оролцож, ур чадвараа сорьжээ. Тус тэмцээнд Ш.Даваадорж 50 метрийн мэлхий сэлэлт, өврөөр даллах, далайн гахай сэлэлтийн төрөлд тус бүр тэргүүлсэн байна. Тэгвэл М.Цэнгүүн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга болжээ. Манай тамирчид олон улсын хэмжээний тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн анхны тохиолдол нь энэ байлаа.
Ш.Даваадорж, М.Цэнгүүн нар өнгөрсөн жил Словенийн Блед хотод болсон, өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д оролцож, 31 орны тамирчинтай өрсөлдөж байв. Өвөөгийнхөө удирдлагад усанд сэлэлтээр хичээллэж, спортын гараагаа эхлүүлсэн М.Цэнгүүн тэр үед 25, 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд тэргүүлснээр эх орондоо хошой алтан медальтай ирсэн билээ. Тэгвэл Ш.Даваадорж хошой мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.