“Монголын нууц товчоо” судлаач, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Билгүүдэйтэй ярилцлаа. Монголын түүхийн уг эх сурвалжийг 1990 оноос эхлэн судалж, 1999 онд “Аман уламжлал ба “Монголын нууц товчоо”” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан түүнээс уг зохиолын орчуулга гэсэн сэдвийн хүрээнд асууж ярилцлаа.
- “Монголын нууц товчоо”-г гадаад хэл рүү орчуулах нь түгээмэл болжээ. Хэл, утга зохиол, түүхийн гэх зэрэг чиглэлийн эрдэмтдээс гадна өөр мэргэжлийн хүмүүс, инженер ч орчуулсан байна. Хүсвэл хэн ч хийж болох нь ээ?
- Дурын хүн орчуулж болохгүй гэсэн хууль байхгүй. Олон ч хүн орчуулсан.
- Нийт хэдэн хэл рүү орчуулсан юм бол?
- Манайд “Монголын нууц товчоо” цуглуулагч Э.Пүрэвжав гэж хүн байлаа. Сонирхлоороо бүхий л хэвлэл, хувилбар, орчуулгын бүтээлийг цуглуулсан. Хэзээ, хаана, хэн орчуулсан, хэвлүүлснийг андахгүй. Түүний бүртгэснээр 30 гаруй оронд, 40 гаруй хэл рүү орчуулсан байдаг юм.
- Түүхийн ч юм уу, танай хүрээлэнд албан ёсны бүртгэл байдаггүй юу?
- Байхгүй. Дээхнэ үеийнх шиг хяналт гэж одоо байхгүй шүү дээ.
- Хэн гэдэг хүмүүс ямар хэл рүү орчуулсан байдаг бол?
- 1866 онд Оросын П.И.Кафаров гэж эрдэмтэн “Монголын нууц товчоо” буюу “Ман хө лүнь ню у то а чань” хэмээх бичгийг олж аваад, хятад товчоос орос хэл рүү орчуулсныг анхны орчуулга гэж үздэг. Энэ хүртэл юу болсон талаар нэлээд тайлбарлах шаардлагатай. Ийм юм л даа. “Монголын нууц товчоо”-г бичсэн хэл нь бол монгол хэл. Бидний ойлгож байгаагаар Чингис хааныг нас барснаас хойш даруй бичсэн. Өөд болсных нь дараа жил Чингис хааныг тодотгосон эхний хэсгийг биччихсэн байсан. Гэхдээ монголоор бичсэн эх хувь олдоогүй учраас асуудал нэлээд үүссэн байдаг.
Түүхээс үзэхэд Монголын хаадын харилцаж байсан хэл нь монгол хэл, үүнийг бид, тухайлбал, Гүюг хааны тамганы дардсын бичгээс мэдэж болно. Тэр үеийн хөшөө дурсгалд монголчууд тухайн цагт монголоор бичдэг байсныг харж болно. Оросын нутаг дэвсгэр буюу хойд хөршийн Чита муж дахь Хархираа голын хөвөөнөөс Чингис хааны үеийн дээр нь монголоор бичсэн чулуун хөшөө олдсон. Үүнийг “Чингисийн чулуугы бичээс” гэдэг. Үүнтэй адил “Монголын нууц товчоо” нь анхандаа монгол хэлээр бичсэн ном байжээ. Хааны ордонд нуух маягтай, Алтан ургийн ноёд л унших боломжтойгоор хадгалдаг байж. Нууц гэдэг нь хаа хамаагүй хүн бус, Чингис хааны шууд залгамжлагчид буюу түүний дөрвөн хүүгийн удмын хүмүүс л уншиж байхаар бодож бичжээ гэж өдгөө дэлхий нийтээрээ төсөөлдөг. Ордонд байсан, монгол хэлээр бичсэн анхны ном алга болжээ. Монгол хэлээр бичсэн байсан гэдэг нь ойлгомжтой. Монгол буюу уйгаржин монголоор бичсэн байжээ гэж үздэг.
Чингис хааны ач хүү Хубилай урагш дайтаад, хятад газрыг эзэлж, Их Юань улсыг 1269 (Зарим түүхч 1271 он гэдэг) онд байгуулсан. Монголчууд хятад газар байгуулсан улсаа хятад маягаар нэрлэсэн нь тэр. Энэ улс 1368 он хүртэл оршин тогтносон. Тэр улсын засаг захиргаанд байсан нангиад нар бослого гаргаж босогчдын цэрэг Юань улсын Дайдуг эзэлж, Монголын хаадыг умар зүгт хөөн гаргаснаар Мин улсыг 1368 онд байгуулсан. Мин улс нь 1644 оныг хүртэл оршин тогтносон. Дараа нь манж нар Мин улсыг мөхөөж, өөрсдийн улсаа Да Чин улс гэж нэрлэсэн нь 1911 оныг хүртэл оршин тогтносон. Мин улсын эхэн үед тус улсын анхны хаан Жү Юаньжан оны цолоо Хун Ү-гийн анхдугаар он гэж тунхагласан 1368 оноос хойш Хун Ү-гийн 15 дугаар (1382) онд нэгэн зарлиг гаргажээ. Тэр нь “Хуа и и юй” хэмээх толь бичиг гаргах тухай зарлиг байсан. Хуа гэдэг нь хятад, и нь харь, дараагийн и нь хэл, юй нь толь бичиг гэж байгаа юм. Энэ нь 871 үгийг монголоор бичээд, доор нь хятад орчуулгыг хадсан монгол-хятад хэлний толь бичгийг Хө Юаньже, Ма-ша И-хэ гэдэг хоёр түшмэл 1389 онд “Хуа и и юй буюу хятад харь хэлний толь бичиг” хэмээн нэрийдэж гаргасан. Мин улсын эхэн үед хятад хүн монголчуудтай харилцах шаардлага байснаас ийм хоёр орны үгсийг тэмдэглэсэн толь бичиг гаргаж байжээ. Тэгэхлээр энэ толь бичгийг хийх тухай Жү Юаньжан хааны зарлигийн дотор “Юань ми щи” гэдэг номыг анх дурджээ. Юань нь монголчуудын байгуулсан Юань улсыг, ми гэдэг нь нууц, щи нь түүх гэж байгаа юм. Эндээс “Юань улсын нууц түүх” гэсэн утга гарч ирнэ. Тэрхүү толь бичгийг зохиоход ийм нэртэй номыг хяналт болгосон гэж бичсэн байжээ.
Тэгэхээр үүнийг “Монголын нууц товчоон”-ы монгол хэлийг хятад үсгээр галиглаад биччихсэн ном болсон байжээ гэж ойлгож болно. Монгол хэлээр байсан “Монголын нууц товчоо”-г хятад үсэг рүү болгосон түүхийг энэ үетэй холбогдоно. Хун Ү хааны 15 дугаар оны зарлигийн дагуу гарсан толь бичиг байх нь. 1403 онд засгийн эрхэнд гарсан Жү Ди хаан оны цолоо Юн лө гэж өргөмжлөв. Энэ хаан “Юн лө да дянь” буюу Юн лө хааны их журамлахуй бичгийг гаргах зарлиг болжээ. Энэ асар том 20 гаруй мянган эртний ном судар орсон нэвтэрхий толь мэт эмхэтгэлл “Юань ми щи” буюу Монголын нууц түүх маань 15 дэвтэр (жюань)-ийг эзлэн багтан орсон юм. Энэ бол 1407 болсон хэрэг.
Хятад газар XIV-XV зуунд гарсан энэ эхүүдээс хуулсан хувилбар Хятадад аажим аажмаар түгэн дэлгэрч байжээ. Хятад эрдэмтэд хуулж бичиж түгэн дэлгэрүүлж байх явцад 15 дэвтэрт хувилбараас гадна 12 дэвтэр (жюань)т буюу 12 бүлэг гар бичмэл байсан тодорхой болжээ. Хятад эрдэмтэд үсгээ бол таньж хуулаад байдаг. Гэтэл монгол хэл мэдэхгүй учраас уншсан ч гэсэн юу гээд байгааг ойлгохгүй нь их байв. Тиймээс тэдний дунд энэ бичгийг Юань улсын хүн бичсэн, хэл найруулга бүдүүлэг гэх ойлголт түгээмэл байв. Гэвч «Юань щи» (Юань улсын түүх)-д байхгүй, Чингис хааны эрт үеийн ховор сонин түүхэн мэдээ байна гэж түүхчид нь хэлдэг байж.
Тэгэхлээр одоо бидний төсөөлж байгаагаар бол “Монголын нууц товчоон” XIII зуунд (эхний Чингис хааны тухай өгүүлсэн хэсэг нь 1228 онд зохиодсон, Өгэдэй хааны хэсэг нь хожим 1240 оноос хойш бичигдсэн) монгол нутагт, монголын хааны ордонд монгол хэлээр бичигдсэн бичиг байсан. Үүнээс хойш 160-иад жилийн дараа Хятадын Мин улсын эхэн үед “Юань ми щи” гэх хятад нэртэй хятад үсгээр монгол хэлийн үе таслан буулгасан товч хятад орчуулга бүхий бичиг бий болсон байжээ. Үүнийг хятадын бичгийн хүмүүс хэдэн зуун жилийн туршид хуулах, унших, оршил, уншсаны тэмдэглэл, төгсгөлийн үг бичих гэх мэт өөрсдийн уламжлалт аргаар үзэж судалж ирсэн юм. Ийм байдлаар явсаар, 1866 онд Оросын эрдэмтэн, хятад судлаач И.П.Кафаров уг бичгийг олж, хятад товчийг орос хэл рүү орчуулаад “Чингис хааны тухай эртний монгол туульсын зохиол” (Старинное монгольское сказание о Чингис хане) гэж нэрлэн хэвлүүлжээ.
Энэ үеэс л Барууны орнуудад эрдэмтэд уг эх сурвалжийн тухай мэддэг болж эхэлсэн. Германы Эрих Хэйниш, Францын Поль Пеллио, Оросын С.А.Козин нар «Монголын нууц товчоон» эхийг хятад үсгийн галигаас латин үсгийн галигт шилжүүлэн галиглаж сэргээх, уг эхийг өөр өөрсдийн үндэстний хэл рүү орчуулах судалгааны ажлыг эрхээлсээр ирсэн. Энэ их ажлын анхны үр дүн нь Германид Э.Хэйнишийн галиг, орчуулга 1937 онд гарсан. Дараа нь 1941 онд Оросод С.А.Козины “Монголын нууц товчоон”-ы судалгаа, эхийн галиг, орос хэлний орчуулга хэвлэгджээ. Францад Поль Пеллио «Монголын нууц товчоон”-ы эхийг латин үсгээр галиглан сэргээгээд, франц хэл рүү эхний зургаан бүлгийг орчуулаад, уг бүтээлээ хэвлүүлж амжилгүй 1945 онд нас барсан. Харин түүний шавь Луи Амби багшийнхаа бүтээлийг 1949 онд Парис хотноо хэвлүүлсэн билээ. Ингэж «Монголын нууц товчоон» XX зууны эхний хагаст дэлхийн улс орнуудын түүхч, дорно дахин судлаач, монголч эрдэмтдийн анхааралд орж эхэлсэн юм.
- Монголд яаж судалж эхэлсэн бэ? ,
- 1941 онд их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай эртний монгол хэлнээс орчин үеийн монгол хэл рүү орчуулсаныхаа эхний хэсгийг «Шинжлэх ухаан» сэтгүүлд хэвлүүлж байгаад 1947 онд монгол бичгээр бүрэн нэг дэвтэр ном болгож гаргасан. Ц.Дамдинсүрэн тухайн үед гараад байсан германы болон оросын эрдэмтний буулгасан эх, бусад эхүүдийг харьцуулж үзэж байгаад орчуулсан гэдэг. 1957 онд Ц.Дамдинсүрэнгийн энэ орчуулга шинэ үсгээр буулган хэвлүүлсэн, 1976 онд гурав дахиа хэвлэсэн. Бүгд л “Монголын нууц товчоо”-г Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар мэддэг байлаа. Хэдий тийм ч Ц.Дамдинсүрэнгээс өмнө орчуулсан бас нэг орчуулга байсан юм. Богд хаант Монгол Улсын үед буюу 1916 онд Цэнд гүн “Юань улсын нууц түүх” гэсэн анхны орчуулгыг хийж гар бичмэлийг захиалагчдаа өгөөд байсан юм. “Монголын нууц товчоо” судлал Хятадад дээр хэлсэнчлэн уламжлалт байдлаар, хуучны гар бичмэлээс дамжуулан хуулан авах, түүндээ тайламж бичих байдлаар явж ирсэн бөгөөд 1908 онд Шанхайд хуучны ном цуглуулдаг Е Дэхуй гэдэг хүн “Нууц товчоо”-ны 12 дэвтэрт нэгэн сайн эхийг орчин үеийн ном маягаар хэвлэсэн юм. Энэ номыг 1913 онд Буриадын эрдэмтэн Жамсраны Цэвээн тэнд явж байхдаа олж ирээд, Цэнд гүнд өгч орчуулуулсан юм билээ. Цэнд гүн үүнийг 1916 оноос эхлэн орчуулж 917 оны аравдугаар сард орчуулгаа дуусгав. Тэр бээр орчуулгаа захиалагч Жамсраны Цэвээнд өгчээ. Эрдэмтэн Цэвээн уг гар бичмэлийг хадгалж байгаад 1935 онд Оросын Дорно дахиныг судлах хүрээлэнд өгсөн түүхтэй. Үүнээс хойш 80 жилийн дараа 1997 онд Цэнд гүнгийн охин Ц.Хандсүрэн уг орчуулгыг фото зургийн аргаар ном болгон хэвлүүлж монголчуудад танилцуулсан юм.
- “Монголын нууц товчоо” судлал 1990 оноос эрчимжсэн үү?
- Тийм ээ. 1990 онд «Монголын нууц товчоон” зохиогдсоны 750 жилийн ойг тэмдэглэж олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж Хэнтий аймагт Даншиг наадам хийж тэмдэглэсэн. Тэр ойд угтан Ш.Гаадамба «Монголын нууц товчоон»-ы худам бичгийн эхийг сэргээн сийрүүлж, үгсийн тайлбартай номоо хэвлүүлсэн. Мөн Б.Сумъяабаатарын «Монголын нууц товчоо» үсгийн галиг ном хэвлэгдсэн юм. Академич Д.Цэрэнсодномын «Монголын нууц товчоон»-ы эрдэм шинжилгээний орчуулга “Цог” сэтгүүлд тайлбаргүйгээр хэвлэгдсэн. Академич Д.Цэрэнсодном уг номоо 1992 онд Бээжин хотноо монгол бичгээр хэвлүүлсэн билээ. “Монголын нууц товчоо” судлал энэ мэт эрчимжихийн хамтаар олон ургальч үзэл дэлгэрч хэн хүн юу дуртайгаа ярих бичих болсон энэ цагийн өнгөн дээр 2000 оноос хойш “сайн дурын” гэж болох эрдмийн бус хүмүүс «Монголын нууц товчоон»-д орж ирэв. Үүнд бас 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди “Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргасан. Үүнд “Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгүй нэг хувь “Монголын нууц товчоо”-г урлан бүтээж, Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсугай. Айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж, сүслэн дээдэлж байхыг Монголын нийт ард иргэдэд зөвлөсүгэй.
Цогц хандлагаар эрчимтэй судалж, бүх шатны боловсролын байгууллагын суралцагсдад үе шаттай судлуулахыг нийт эрдэмтэд, судлаачид, багш сурган« хүмүүжүүлэгчдэд уриалсугай” гэж бий. Энэ зарлиг гарснаас хойш уг бүтээлийг хэвлэлийн компаниуд янз бүрийн байдлаар буулгах, хэвлэх, бичих болсон. Хад чулуу, торгон дээр ч бичсэн. Монгол эмэгтэйчүүд зүү ороох аргаар, их урт даавуун дээр бичсэн гээд жишээ олон бий. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилиийн ойг тэмдэглэх хүрээнд, монголчууд түүхээ сэргээж байна гэсэн нэрийн доор Чингис хаан болон “Монголын нууц товчоо”-той холбоотой хөдөлгөөн илүү өргөн цараатай өрнөж, бизнес ч цэцэглэсэн гэж болно. Үүнийг дагаад янз бүрийн орчуулга хийх нь ихэссэн. Аливаа сайн санаачилга, үйлсийг саар, сөрөг зүйл дагаж байдгийг эндээс харж болно. Шар сонины үе гэж байлаа. Тийм сонин захиалсан хүнд “Монголын нууц товчоо” бэлэглэж байлаа шүү дээ. Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгыг шууд хэвлэчихэж байгаа юм. Тэр бүү хэл түүний орчуулгыг бага зэрэг өөрчлөөд, өөр хүний нэр дээр гаргасан байгууллага ч бий. Хоёр субъектын хооронд маргаан үүсгээд, манай хүрээлэнгээр дүгнэлт гаргуулж байсан удаатай. Саяхан нэгэн монгол хүн украин хэл рүү орчуулсан гэсэн мэдээлэл байна. Бас белорусь хэл рүү орчуулж байгаа гэсэн сураг ч бий.
- Ингэж олон хэл рүү орчуулах нь сайн уу, муу юу?
- Монголын түүхийн тухай мэдээлэл дэлхийн үндэстнүүлэд аль болох түгж байх нь сайн. Сонирхол, бас эрэлт байгаа болохоор хүмүүс үүнийг барьж авч байгаа байх л даа.
- Орчуулга тааруухан, бүр муу байвал хэцүү юм даа.
- Энэ бол бас анхаарах л асуудал даа.