ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын дарга, доктор С.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Япон улсын Нагояагийн их сургуулийн Хүрээлэн буй орчны сургуульд “Монгол орны үерийн аюулын тооцоо ба аюулын зураглалын газар зүйн судалгаа” сэдвээр өнгөрсөн сард докторын зэрэг хамгаалсан юм.
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буйг эрдэмтэд хэлэх болсон. Таны судалгааны гол зорилго, ач холбогдол нь юу бол?
-Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимжиж байна. Тухайлбал, манай оронд агаарын дундаж температур 2.4, Улаанбаатар хотод 3.4 градусаар дулаарсныг эрдэмтэд онцолсон. Энэ нь дэлхийн дунджаас ч өндөр байгаа юм. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчны салбарын тулгамдсан хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж сүүлийн хэдэн 10 жилд эрчимтэй нэмэгдэж байна. Гамшгийн тоо, давтамж нэмэгдэх нь тухайн улсын нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Сүүлийн 60 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам 1.7 сая болтлоо найм дахин нэмэгджээ. Энэ нь үерийн аюул эрсдэлийг улам бүр нэмэгдүүлээд зогсохгүй эмзэг байдлыг бий болгож байгаа юм. Түүнчлэн иргэдийн гамшгийн талаарх ойлголт, мэдлэг хомс байна. Нөгөөтээгүүр, хот төлөвлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбогдсон дэд бүтцийн асуудал ч дутагдалтай. Үүнээс үүдээд үерийн гамшигт нэрвэгдэж, өртөх нь түгээмэл боллоо.
Миний хувьд сүүлийн 10 гаруй жил Японы эрдэмтэн Ясухиро Сузуки багшийн төсөл, хөтөлбөрүүдэд газар хөдлөлт, үерийн чиглэлээр судалгаа хийж, гамшиг судлал, түүнээс урьдчилан сэргийлэх боловсролыг түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэхээр ажиллаж байна. Бид Японы олон улсын байгууллага болох ЖАИКА-гийн санхүүжилттэй хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Миний докторын зэрэг горилсон судалгаа ч бас үүнтэй холбоотой. Эдгээр нь Монгол орны байгалийн гамшиг болон түүнийг даван туулах чиглэлийн судалгаа гэдгээрээ онцлогтой. “Монгол орны үерийн аюулын тооцоо ба аюулын зураглалын газарзүйн судалгаа” хэмээх энэхүү судалгаа нь Азийн хагас хуурай бүс нутагт оршдог Монгол орны томоохон хотуудын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, аюулыг үнэлэх, үерийн эрсдэлийн шинжилгээнд үндэслэн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилготой. Би багштайгаа сайтар зөвлөлдсөний эцэст Монголын баруун болон төвийн бүсэд судалгаагаа хийсэн. Тухайлбал, Монгол орны баруун хэсгийг төлөөлж Ховд аймгийн төвийг сонголоо. Ховд бол уруйн болон голын сав газрын үерийн эрсдэлтэй бүс нутагт оршдог. Нөгөөтээгүүр, үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах инженерийн барилга, байгууламж дутмаг. Тиймээс сүүлийн 60 жилд томоохон уруйн үер 10 гаруй удаа буусан байдаг. Хамгийн том хохирол учруулсан нь 1994 оны үер.
Харин төвийн бүсийг төлөөлүүлж Улаанбаатар хотыг сонгосон. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хур тунадасны хуваарилалт ч сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, хур тунадасны хэлбэлзлийг ажиглавал зөөлөн буюу эрчимшил багатай борооны эзлэх хувь багасаж, аадрынх нэмэгдсэн. Тухайлбал, нийслэлд хур тунадасны хэмжээ 10, Ховд аймгийн төвд 20 хувиар багасжээ. Ховд, Улаанбаатар нь байгалийн бүс, газар зүйн нөхцөлийн хувьд ялгаатай бүс нутагт оршдогоороо онцлогтой. Үүнийгээ дагаад тэнд бууж буй хур тунадас, үерийн хохирлын хэмжээ ч харилцан адилгүй.
-Үерийн аюулын болон эрсдэлийн үнэлгээний зургууд манайд ховор байдаг юм билээ.
-Судалгааныхаа хүрээнд үерийн аюулын зураглал гаргахыг зорьсон. Зөвхөн үер бус, гамшгаас урьдчилан сэргийлэх, даван туулахад чиглэсэн аюулын болон эрсдэлийн үнэлгээний зургууд манайд маш ховор. Ялангуяа үерийн аюулын зураглал Монголд ховорхон хийгджээ. Аймгуудад бараг байхгүй. Аюулын зураглалыг гаргахдаа тухайн бүс нутгийн аль хэсэгт үер бууж, хэр хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй байгааг зураг зүйн арга ашиглан боловсруулдаг. Ховдын үерийн аюулын зураглалыг хийхдээ орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглан байр зүйн зургийн үндсэн шинжилгээнд тулгуурлан урсцын чиглэлүүдийг тодорхойлсон. Ингэхдээ тусгай мэргэжлийн программ ашиглан үерийн аюулын зураглал, тооцооллыг хийлээ. Улмаар Ховдод үерт өртөх эрсдэлтэй дөрвөн бүс байгааг тогтоож, орон нутгийн байгууллагуудад мэдээлсэн.
-Эрсдэлтэй дөрвөн бүс нь хаана байна вэ?
-Тухайлбал, Буянт голын ойролцоох газрыг бид үерийн аюултай бүс гэж авч үзсэн. Учир нь, зуны улиралд энэхүү голын хөндийд 2000 орчим өрх, гэр зусдаг шүү дээ. Мөн Ховдын урдах Дан усны хөндий нь маш том хуурай сайр. Үүнийг дагаад Ховдын зүүн хэсгээр өнгөрсөн жилүүдэд уруйн үер 3-4 удаа тохиолдсон. Тэгэхээр голын эргийн болонхуурайсайрындагуух байршлууд үерт автах магадлал өндөр гэсэн үг.
-Тэгвэл нийслэлд үерт автах магадлалтай хэчнээн байршил бий бол?
-Нийслэлийн үерийн аюулын зураглалыг хийхдээ 2020 оны Улаанбаатар хотын кадастрын мэдээллийг ашиглан Туул, Улиастай, Сэлбэ, Толгойт зэрэг голын хөндийд байрлалтай үерт өртөх магадлалтай хашаа, барилга, байшинг тооцож зурагласан.
Дээрх голуудын голдирол буюу эргийн дагуу 200 метр тутамд үерийн аюултай бүсэд нийт 30 орчим мянган нэгж талбар буюу хашаа, 13 мянган барилга, байгууламж байрлаж байна. Мөн далангаар хамгаалагдаагүй, үерт автах магадлалтай 19 мянган нэгж талбар, зургаан мянга орчим барилга, байгууламж бий. Тодруулбал, дээрх голуудын эрэг дагуух хааш хаашаагаа 200 метрийн тойрогт буй айл, өрх, барилга, байгууламж үерт автах магадлалтай юм.
Улаанбаатар хотын сүүлийн 60 жилийн хур тунадасны төлөв байдал, үерийн гамшгийн түүхийг кадастрын мэдээлэлтэй зэрэгцүүлэн агаарын болон сансрын зурагт дүн шинжилгээ хийж судалсан. Өнгөрсөн үеийн үерийн шалтгаан, хур тунадасны хуваарилалт, өнөөгийн нөхцөл байдал, үерт өртөх магадлалтай газар нутаг, барилга, байгууламжийн тоог гаргалаа. Сүүлийн 60 жилд нийслэлд 17 мянга орчим мм хур тунадас унасан. Үүний 80.5 хувь нь зуны улиралд буюу дийлэнхдээ долоодугаар сарын эхээр оржээ. Мөн энэ хугацаанд нийслэлд 10 орчим томоохон үерийн гамшиг тохиолджээ. Тухайлбал, 1966, 1982, 1994 оны үер. Миний хувьд 1994 оны үерийг тод санадаг. Сэлбэ голд ачааны машин урсаж байсныг одоо ч санадаг юм. Харин сүүлд томоохон хэмжээний үер 2023 онд хоёр ч удаа болчихлоо. Өнгөрсөн хугацаанд үерийн гамшгийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж, 50 000 орчим өрх өртөж, тухайн үеийн эдийн засгийн ханшаар тооцвол 3.3 сая ам.долларын хохирол улсад учруулжээ. Эндээс хамгийн их хохирол учруулсан үерийн гамшиг бол 1966 оны үер, 100 гаруй хүн нас барж, 300 сая орчим төгрөгийн хохирол амсаж, 8500 орчим өрх үерт автсан байдаг. Тухайн үед нийслэлийн хүн ам харьцангуй цөөн, сийрэг байсан. Тиймээс үерийн хохирлын хэмжээ ч харьцангуй бага байж.
-Үерийн эрсдэлийг бууруулах, хохирлыг сааруулах чиглэлээр манай улс шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж чадаж байна уу?
-Манай улсад гамшиг, эрсдэлтэй холбоотой хууль, дүрэм, стандартууд бий. Гэхдээ гамшгаас урьдчилан сэргийлэхэд санхүүжилт маш чухал. 2022 онд гаргасан тайлангаас харахад манай улс гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хохирлыг бууруулахад нийт 10 орчим тэрбум төгрөг зарцуулсан юм билээ. Гэвч энэ нь гамшигтай тэмцэж, хариу арга хэмжээ авахад хангалтгүй зардал юм. Жишээлбэл, 10 тэрбум төгрөгөөр бид хоёр километр л зам тавина шүү дээ. Тэгэхээр нэг, хоёрхон километр асфальтан зам барих төсвөөр бүхэл бүтэн 1.5 сая ам километр нутаг дэвсгэртэй, 3.7 сая хүн амьдардаг Монгол оронд тохиолдох байгалийн гамшгийн эсрэг менежмент хийх боломжгүй. Ер нь гамшгаас хамгаалах нь Засгийн газар, орон нутгийн бүх шатны байгууллагуудын хамтын ажиллагаа шаарддаг, олон талт үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн үер бус, байгалийн гамшгийг даван туулахад олон талт оролцоо чухал. Жишээлбэл, байгалийн гамшиг их тохиолддог Япон улсад гамшгийн менежмент сайн хөгжсөн. Тэнд гамшгийн бэлэн байдал ард иргэдийнх нь оюун санаа ухамсарт суучихсан байдаг.
-Судалгааныхаа үр дүнг нийслэлийн удирдлагуудад танилцуулж, бодит байдалд хэрэгжүүлэх үү?
-Усны газар, нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг төрийн захиргааны байгууллагынханд судалгааныхаа үр дүнг хэвлэмэлбайдлаархүргүүлсэн. Гэхдээ одоогоор хамтарч ажиллая гэсэн хүн алга.
-Дараа дараагийн жилүүдэд үер болох магадлалыг тооцоолсон судалгаа хийв үү?
-Үерийн аюул, гамшиг тохиолдох нь цаг хугацааны асуудал. Гагцхүү үерийн эрсдэлтэй, өртөх магадлал өндөр газруудыг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал юм. Олон улсын байгууллагаас хийсэн судалгааны дүн, таамаглалаас харахад ирээдүйд эрчимшил ихтэй аадар борооны хэмжээ дөрөв дахин нэмэгдэнэ гэх прогноз гаргасан. Тэгэхээр үүнийг дагаад үерийн эрсдэл ч нэмэгдэх магадлалтай. Тиймээс бид үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга замуудыг сайтар төлөвлөж, шат дараатай ажлууд хийх нэн шаардлагатай байна.
Үерийн гамшгийн менежмент нь урьдчилан сэргийлэх, бэлтгэх, хариу арга хэмжээ авахад чухал үүрэгтэй. Хүний эрүүл мэнд, амь, эд хөрөнгийг хамгаалах, хохирлыг бууруулахад ач холбогдолтой юм. Тиймээс манай улс дэд бүтэц, эрт сэрэмжлүүлэх систем, аюулгүй газар ашиглалт, гамшгийн менежментэд хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэснээр үерийн гамшиг, хүндрэлийг бууруулж, гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.
-Гамшгийн менежментийн талаар хийсэн судалгаа манайд бий юү?
-Энэ төрлийн судалгаа манайд ховор. Тэр дундаа үерийн судалгаа бараг байхгүй гэж хэлж болно. Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг олон улсын цөөн хэдэн байгууллага л хийсэн байдаг. Мөн гамшиг судлалын хүрээлэнгийн судлаачдын хийсэн судалгаанууд бий. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр статистик мэдээллүүдийг нэгтгэж гаргасан нь ховор.
-Судалгааны явцад хүндрэлтэй зүйлс тулгарав уу. Манайд мэдээллийн нэгдсэн бааз байхгүй учраас судалгаа хийхэд хүндрэлтэй гэдэг шүү дээ.
-Мэдээж хүндрэл бэрхшээл тохиолдолгүй яах вэ. Үүнийг, ялангуяа эрдмийн зэрэг хамгаалах гэж буй судлаачид зайлшгүй даван туулдаг. Тухайлбал, манай улсад мэдээллийн нэгдсэн бааз байхгүй. Олдсон мэдээ, материалууд нь судалгааны шаардлагад хүрдэггүй. Бас судалгааны эх сурвалжууд нь тодорхойгүй байдаг. Ялангуяа олон жилийн хугацаанд хуримтлагдсан, бүртгэгдсэн мэдээллүүд бараг л байхгүй. Судлаачдын хувьд анхнаасаа зорилгоо тодорхойлохдоо ямар мэдээлэлд үндэслэх вэ, энэ нь олдоцтой юу гэдгийг сайтар судлах ёстой юм байна лээ. Нөгөөтээгүүр, судалгаа шинжилгээний байгууллагууд мэдээллээ хуваалцахад анхаарах хэрэгтэй байна. Ту хайлбал, уур амьсгал, цаг уурын мэдээний дата олдоц муутай байсан. Урт хугацааны мэдээллүүд нь өндөр үнэтэй зэрэг хүндрэлтэй зүйл цөөнгүй бий. Тиймээс төрийн байгууллагууд хоорондоо хамтын ажиллагааны хүрээнд мэдээллээ солилцдог болох хэрэгтэй. Одоогийн байдлаар судалгаа шинжилгээний дата мэдээллүүдийг төрийн байгууллагууд хоорондоохудалдан авч байна шүү дээ.
-Таны цаашдын төлөвлөгөө юу бол?
-Судлаачийн цаашдын зорилго, зорилт нь тодорхой хэрэгцээ шаардлагад үндэслэдэг. Миний ч гэлтгүй манай хүрээлэнгийн бүхий л судлаачид улс орны нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ач холбогдол бүхий судалгаа хийж, тодорхой үр дүн гаргахыг эрмэлздэг. Миний хувьд үерийн гамшгийн болон аюулын зураглалыг илүүтэй хөгжүүлж, нарийвчлан судлах төлөвлөгөөтэй. Учир нь дээр дурдсанчлан уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинаа хэдийн эрчимжээд эхэлсэн шүү дээ. Үүнийг дагаад байгалийн гамшгийн давтамж ч нэмэгдэнэ. Тиймээс үүнд чиглэсэн ач холбогдол бүхий судалгаа хийхийг зорьж байна. Тухайлбал, 21 аймгийн байгалийн гамшгийн болон аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн судалгаа хийхээр төлөвлөж байна. Мөн эрсдэл өндөртэй томоохон хот, суурин газруудын хэмжээнд гамшгийн индексийн судалгааг хөгжүүлэх зорилготой.
У.Цэцэгсүрэн