“Улаанбаатар” кино наадмыг анх 2004 онд нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж, 2013 оноос Монголын урлагийн зөвлөл олон улсынх болгон өргөжүүлсэн. Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор үүнийг жил бүр зохион байгуулж буй. 14 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 17-23-нд болно. “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр онцлох орны болон олон улсын кино үзвэр, “Үзэхийн хязгаар” хэсэг, “Ирж яваа цаг” кино форум, “Монгол кино” хөтөлбөрийг хүргэдэг. Өнөө жилийн наадмын “Үзэхийн хязгаар” хэсгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүү найруулагчийн 1975 онд бүтээсэн “Хань” киног англи орчуулгатайгаар нээж, 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгийн шилдэг богино хэмжээний киногоор шалгарсан, П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” бүтээлээр үргэлжлэх аж. Түүнчлэн энэ жил наадмын онцлох орноор БНСУ-ыг сонгосон бөгөөд Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Солонгос, Франц, Герман, Турк, Швед, Финланд, Иран, Испани, Исланд, Итали, Польш, Румын, Швейцар болон Монголын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног үзүүлэхээр бэлтгэжээ. Түүнчлэн уламжлал ёсоор “Хангарди” Монгол киноны уралдаант хэсгийг зохион байгуулж, шилдэг кино, найруулагч, зохиол, продюсерыг шалгаруулна.