“Урлагийн хөгжил, ирээдүй” ТББ, “Bee” театрын үүсгэн байгуулагч Д.Мэндсайхантай ярилцлаа. Тэрбээр 2002 оноос “Гэгээн Муза академи” ТББ-ын гишүүн, 2004-2015 онд УДЭТ-т утга зохиолын ажилтан, 2015-2020 онд тус театрын сургалт, судалгаа, төлөвлөлт хариуцсан ажилтан, зохиолч, урын сангийн эрхлэгч, 2020 оноос үүсгэн байгуулсан “Bee” театрынхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
-“Урлагийн хөгжил, ирээдүй” ТББ-ыг яагаад байгуулав?
-Би урлагийн гэр бүлд төрж, өссөн. Аав минь зураач. Тиймээс багаасаа л урлагтай ойр байхын зэрэгцээ урлагт дурласан гэхэд болно. Хувь тавилангаар гэх үү, аз завшаанаар гэх үү, УДЭТ-аас ажлын гараагаа эхэлж, урлагт, тэр тусмаа тайзны урлагт, театрт их хайртай болсон. Энэ хугацаанд театрын урлагт сурсан зүйлээрээ хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ хүсэж ажиллалаа. Тэр хэрээр урлагийн сайн сайхныг хүртэж явна. “Урлагийн хөгжил, ирээдүй” ТББ шигээ төв байгуулахыг хүсэж байсан ч хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй явахад дотнын найз минь санал тавьснаар хамтарч, үйл ажиллагаагаа өнгөрсөн оноос эхэлсэн дээ.
-Өдгөө танайхаас ямар чиглэлийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж буй вэ?
-Олон нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлээр сургалт, үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолт бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулах зорилготой. Утга зохиол, дүрслэх урлаг, хөгжим, тайз дэлгэцийн урлагийн төрлүүдээр цуврал лекц, сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Мөн “Bee” студи, урландаа уран зургийн болон жүжгийн зохиолчийн сургалт явуулдаг. Түүнчлэн “Bee” театрын тоглолт, шинэ уран бүтээлийг үзэгч олондоо цаг тухай бүрт нь толилуулдаг.
-Бэсрэг буюу бага тайзны жүжгийн театр байгуулсан нь та энэ төрлийн уран бүтээлд илүү хорхойсдогтой холбоотой юу?
-Энэ төрлийн уран бүтээлд мэдээж дуртай. Нөгөө талаар үйл ажиллагаа явуулж буй бусад театраас ялгарахыг хүссэн. Мөн сургалтын үр дүнд бүтсэн зохиолыг жүжиг болгон театртаа амилуулах боломжтой юм.
-Урлагийн төрлүүдээрх сургалт, лекцийг хүмүүс хэр сонирхож байна вэ?
-Урлаг сонирхогч хэн бүхэнд бидний үүд хаалга ямагт нээлттэй. Уран зургийн сургалтаа хүүхэд, багачууд болон насанд хүрэгчдэд зориулан тусгайлсан хөтөлбөрөөр хүргэдэг. Харин жүжгийн зохиолынход мэдээж театрын урлагт дуртай, энэ чиглэлээр бичих хүсэлтэй залуус суралцдаг. Харин урлагийн цуврал лекцээ бид тодорхой сэдвийн дор зохион байгуулдаг учир ихэвчлэн тэр чиглэлээр суралцаж буй оюутнууд болон мэргэжилтнүүд сонирхдог.
-Зөгий нь өөдлөн дэвжих, үргэлж ажил ундарч, түүгээрээ их үр ашгийг хүртэж байхыг бэлгэддэг гэдэг. Харин та театраа нэрлэхдээ юуг бэлгэдсэн бол?
-Мэдээж сая хэлсэн бэлгэдлээс гадна зөгий хорвоо дэлхийг өнгөтэй болгодог амьтан мэт санагддаг. Харин урлаг бол хүний сэтгэлийг өнгөтэй байлгадаг зүйл. Тийм ч учраас театраа хүмүүсийн сэтгэлд өнгө нэмдэг урлагийн нэгэн содон, сонирхолтой хэсэг байлгахыг хүсэж ийн нэрлэсэн.
-Театрынхаа хөшгийг П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгээр нээсэн нь олон хүний сонирхлыг татсан. Тэр тусмаа үзэхээр хоног тоолон хүлээсэн хамгийн том шалтгаан нь эл уран бүтээлийг Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж найруулсан явдал байсан. Яагаад хамгийн түрүүнд эл жүжгийг хүргэхээр шийдсэн юм бэ?
-Манай театрын баримталдаг гол зарчим бол сайн зохиол сонгож үзэгчдэд хүргэх явдал. Хорвоо дэлхий уужим, сайн зохиол бүтээл өч төчнөөн бий. Тэдгээрээс гадаадын гэхээсээ илүүтэй дотоодын зохиолчдынхоо бүтээлийг голчлон хүргэж, урын сангаа тэлэх зорилготой. Мэдээж орчуулгын зохиол, гадаадын зохиолчдын бүтээлээс хүргэлгүй яах вэ. Ингэхдээ урын сангийн 70 хувийг дотоодын, үлдсэн 30 хувийг гадаадынх эзлэх юм. Ингэхийн тулд дотоодын зохиолчдын бүтээлийг илүү судлах, хүмүүст хүргэх, шинэ зохиолч бэлтгэх, тэдний зохиолыг тайзнаа амилуулахыг зорьж буй.
П.Баярсайхан бол бичлэгийн өнгө аяс, сэтгэл зүйн уран дүрүүдээрээ уншигчдын талархлыг хүлээсэн зохиолч. Түүний зохиол бүтээлүүд хэл найруулга, өнгө аяс, утга агуулгаараа онцгой хэв маягийг бүтээж, эрс ялгардаг. Төгс зүйл гэж байдаггүй гэдэг. Харин “Хүн гөрөөс” бол миний хувьд төгс гэдэгт хамгийн ойртсон зохиол. Эл бүтээлийг Монголын театрын урлагийн багана мэт Б.Мөнхдорж найруулагч найруулсан нь манай театрын хувьд завшаан. Түүнтэй эл жүжигт ажиллах хугацаандаа үг бүрийг нь алдалгүй сонсож, ихийг сурахыг хичээсэн. Эл бүтээл минь өнөө жилийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын хоёр хүний жүжгийн төрөлд өрсөлдөж, шилдэг найруулагч, тайзны зураач, эмэгтэй жүжигчин номинацад шагнал хүртсэнд их баяртай байгаа.
-Удаах уран бүтээл “Тусгал” жүжгийг залуу уран бүтээлчид, тэр дундаа эмэгтэйчүүд хамтран бүтээсэн. Танайхаас зохион байгуулсан жүжгийн зохиолын сургалтаас “төрсөн” бүтээл гэсэн. Сургалтынхаа үр дүнд нь сэтгэл хангалуун байна уу?
-Сургалтаас “төрсөн” гэдгээр нь биш, сайн зохиол байсан учраас тайзнаа тавьсан юм. Тохиолдлоор эмэгтэй зохиолчийн, эмэгтэй дүрүүдтэй зохиол байж таарсан. Тиймээс эмэгтэй найруулагч, зураачтай хамтран ажиллахыг хүссэн. Яагаад болохгүй гэж. Жүжигт гурван өөр насны бүсгүйн амьдрал, зөрчлийг өгүүлдэг. Тэдэнд тулгамдсан асуудлаар дамжуулан эмэгтэй хүний нөхөрлөл, амьдралын үнэ цэнийг харуулсан. Хамгийн гол нь үзэгч өөрөө жүжгийн нэгэн оролцон тоглогч гэдгээрээ онцлог, шинэлэг байсан болов уу. “Тусгал” жүжгээ өнгөрсөн зургадугаар сард анхлан хүргээд энэ сарын эхээр дахин тоглосон.
-Жүжгүүдээ олон нутгийн үзэгчдэд хүргэх төлөвлөгөө бий юү?
-“Хүн гөрөөс” жүжгээ бид орон нутгийн үзэгчдэд хүргэсэн. Дараагийн уран бүтээлүүдээ хүргэхэд ч болохгүй зүйл үгүй.
-Тун удахгүй А.П.Чеховын “Хунгийн дуу” жүжгийг танай театрт тоглох гэж буй. Эл жүжгийн талаар болон дараа нь хүргэхээр төлөвлөсөн бүтээлүүдийнхээ талаар ярина уу?
-СУИС-ийг өнөө жил төгссөн залуу уран бүтээлчид “Хунгийн дуу” жүжгийг бүтээж буй. Түрүүн хэлсэнчлэн, манай театр хийж бүтээх хүсэлтэй залуу уран бүтээлчдийг үргэлж дэмжинэ. Жүжгээ энэ сарын 15-наас үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Түүнчлэн моно буюу нэг хүний гурван жүжгийг аравдугаар сард хүргэнэ. Тодруулбал, аравдугаар сарын 7-нд “Хүүхэлдэй” жүжгийг хүргэнэ. Зохиолыг нь би бичсэн. Т.Цэнд-Аюуш найруулж, жүжигчин А.Энхжин тоглоно. Аравдугаар сарын 18-нд Энэтхэгийн зохиолч Гириш Карнадын “Хэмхэрхий дүрснүүд” жүжгийг Л.Эрдэнэ-Очир найруулж, М.Мөнхчимэг тоглох юм. Н.Болороогийн зохиол “Галт шувуу” жүжгийг ирэх сарын 28-нд Ч.Жавхлантөгс найруулж, Б.Одгэрэл тоглон, үзэгчдэд хүргэнэ. Ирэх аравдугаар сарыг манай театр Олон улсын театрын институтийн Монгол дахь төвтэй хамтран моно буюу нэг хүний жүжгийн сар болгон зарлах гэж байна. Энэ хүрээнд сая дурдсан гурван жүжгээ хүргэх юм. “Bee” театр ийм өнгөтэй, онцлогтой шүү гэдгийг л юуны түрүүнд хүмүүст таниулахыг хүсэж буй учраас аль болох сонирхолтой уран бүтээлийг сорчилж хүргэхийг хичээж буй.
-“Хүүхэлдэй” таны бичсэн жүжгийн хэд дэх зохиол вэ?
-УДЭТ-т ажиллаж байхдаа “Найзууд миний бооцоо”, “Ээж ээ”, “Мануухай”, “Хувьсал” продакшны “Надад өгөөгүй хайр”, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Худалч эгч”, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Жангар” жүжигт ажилласан. Энэ мэтчилэн зохиолыг нь бичиж, ажилласан тайз, дэлгэцийн уран бүтээлүүд бий бий.
-Моно жүжгийн сарын аяныг жил бүр зохион байгуулах уу?
-Нэг хүний жүжиг нь уран бүтээлчийн авьяас, ур чадварыг бүрэн сорьдог тайзны урлагийн төрөл. Тиймээс залуу уран бүтээлчдийн бүтээсэн орчин цагийн, шинэлэг, өвөрмөц, тайзны бүтээлийн жил бүр уламжлал болгон хүргэхээр зорьж буй. Ингэснээр үзэгчдэд сонирхолтой уран бүтээл хүргэхээс гадна залуу уран бүтээлчдэд мэргэжил, ур чадвараа хөгжүүлэх боломж олгох давуу талтай.
-Олон улсын театрын наадмуудад бүтээлүүдээ сойно гэсэн. Энэ талаар дэлгэрүүлнэ үү?
-Олон улсад нэг хүний жүжгийн наадмууд олноор зохиогддог. Энэ нь тухайн улс орнуудын уран бүтээлчид өөрийн орны театрын бүтээлээр дамжуулан урлаг соёл, зан заншил, уламжлал, театрын урлагийн хөгжлийг сурталчлан таниулах боломжит талбар нь байдаг. Нэг хүний жүжгийн хүрээнд бүтээсэн жүжгүүдээ олон улсын наадмуудад оролцуулна. Эхний ээлжид Энэтхэг, дараа нь Египетэд зохион байгуулдаг наадамд оролцохоор төлөвлөөд байна.