Зураач Б.Одмэргэн “Аниргүйн дунд” үзэсгэлэнгээ “Бэст” галерейд дэлгэжээ. Монголын шог зургийн ноён оргилуудын нэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байдыгийн хүү тэрбээр 1995 оноос хойш уран бүтээлээ туурвиж буй бөгөөд “Аниргүйн дунд” үзэсгэлэндээ хөрөг болоод байгалийн судалбар бүтээлүүдээ дэлгэсэн байна.
Б.Одмэргэн уран бүтээлээрээ Монгол, Итали, Франц, Англи, АНУ, Япон, БНХАУ зэрэг улсад зохион байгуулсан үзэсгэлэнгүүдэд оролцож байсан юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд сэдэвт уран зураг түлхүү туурвиж буй талаараа “Сэдэвт уран зураг нь утга зохиолоор бол роман, хөгжмөөр бол симфони мөн. Энэ төрлөөр уран бүтээл туурвих нь зураачаас өндөр ур чадвар, ухаан, авьяас шаарддаг. Дүрслэх урлагийн энэ эрхэм төрлийг сэргээн хөгжүүлэх нь Монгол Улс шиг баялаг түүхтэй, зурах сэдэв нь дундаршгүй ийм улсад чухал зорилт юм. Би “Бөртэг аварсан нь” зурагтаа хүний өр өвтгөм төрх, цаашлаад баяр жаргал хүртэлх сэтгэлийн олон хөдөлгөөнийг багтаахыг зорьсон” хэмээв. Хөнгөн гуниг төрүүлж, бодол хөврүүлэх, сэтгэл догдлуулж, баясал бэлэглэх түүний бүтээлүүдийг үзэхийг хүсвэл “Бэст” галерейг зориорой.