СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн монгол зураг, сэргээн засварлалтын багш С.Ганзамтай ярилцлаа. Манай улсын хувьд “Улаан ном”-д орох түвшинд байгаа урлагийн бүтээл сэргээн засварлагч мэргэжилтэй цөөн хүний нэг тэрбээр Венийн Хэрэглээний урлагийн сургуульд сэргээн засварлахын гурван сарын сургалтад хамрагдаад иржээ. Хүн төрөлхтний, хөгшин Европын соёл иргэншлийн өлгий хотуудын нэг Вена түүнд юу өгөв, олж мэдсэнээ бусадтай хуваалцаж, санаж төлөвлөснөө хийж хэрэгжүүлэх талд ямар алхам хийж байгаа талаар нь асууж сонирхлоо.
-Урлагийн бүтээл сэргээн засварлах гурван сарын сургалтыг та богино хугацааны гэж хоёр ч удаа хэллээ. Хугацааг нь жаахан чамлаад байгаа юм уу даа?
-Үгүй ээ, юу гэж чамлах вэ. Маш их юм мэдэж авч, ойлгосон. Би Дүрслэх урлагийн дунд сургууль төгсөөд зураачаар ажиллаж байлаа. Сургууль дээд боловсрол олгодог болоход суралцан 1998 онд бакалавр зэрэгтэй төгсөж багш болсон юм. Тэр жилээс Соёлын өвийн төвд сэргээн засварлагч зураачаар гурван жил гаруй ажиллах болсон юм. Тус төвийн захирал, Польш улсад суралцаж төгссөн, Монголын мэргэжлийн ганц сэргээн засварлагч Д.Хишигбаяр агсны удирдлага дор зургийн сэргээн засварлалт дээр ажилласан. Тэгж энэ мэргэжлийн зах зухтай танилцсан даа. Сэргээн засварлалт гэж юу вэ, хадгалалт хамгаалалт ямар байдаг юм гэдэг тойм ойлголт авч дадлага суулаа. Зургийн хуулбар дээр нэлээд ажилласан. Хуучны шүтээн зураг, цутгууран бурхан зэргийн өнгийг яаж сэргээн засварлах, өнгө таглалт, зургийн нөхөөсийг хэрхэн хийх зэрэг нарийн арга ажиллагаанд суралцаж билээ. Харин онолын хувьд ямар ч мэдлэггүй байв. Өнгөрсөн хавар Австри явж ойлголтуудаа батжуулахын зэрэгцээ үндсэндээ нүд тайлсан. Урлагийн бүтээлийн сэргээн засварлалт гэдэг миний төсөөлж байснаас асар өндөр түвшний ойлголт юм байна.
-Монголд ганц мэргэжлийн сэргээн засварлагч өөд болчихсон гэв үү?
-Тийм ээ. Их юм хийж байсан хүн. Түүний хүсэлтээр СУИС-д сэргээн засварлагчийн анги нээгээд байснаа нэг их удалгүй хаасан юм. Гэхдээ энэ мэргэжлийн шаардлага маш их байгааг үндэслэж, хоёр жилийн өмнө сэргээсэн. Одоо дөрөв, таван оюутан сурдаг.
-Урлагийн бүтээлийн сэргээн засварлалт гэдэг төсөөлж байснаас өндөр түвшний ойлголт юм байна гэлээ. Энэ талаар ярих уу?
-Манайд бол сэргээн засварлагч гэхээр зураач голдуу байдаг гэсэн ойлголттой байлаа. Гэтэл тийм биш, энэ нь эрдэм шинжилгээний ажилтан хүн юм байна. Дээд сургуульд дөрвөн жил сурч эзэмшдэг бие даасан мэргэжил. Дотроо зургийн, чулууны, даавууны, модон эдлэлийн буюу биет бүтээлийн гэх зэргээр мэргэшдэг. Сэргээн засварлагч болох хүнд хамгийн түрүүн тавигдах суурь мэдлэг бол хими. Органик химийн тодорхой түвшний боловсрол, мэдлэгтэй байх шаардлагатай. Дараагийнх нь аливаа материал дээр ажиллах дур сонирхолтой, мөн өнгө будаг ялгах мэдрэмжтэй байх гэсэн үндсэн шаардлага тавьдаг юм байна. Тэнд би Венийн Хэрэглээний урлагийн сургуулийн захирал Габриэла Крист гэж доктор, профессорын удирдлага дор Каролина Окс, Тана Байорова гэдэг мэргэжлийн багш нараар хичээл заалгасан. Каролина Окс багш Дорно Дахины танка зургийн сэргээн засварлалтаар эрдмийн зэрэг хамгаалсан юм билээ. Онол заалгахын зэрэгцээ урлагийн бүтээлүүдтэй газар дээр нь танилцаж, үүх түүхийг нь судлахын сацуу дэг жаяг, ур хийц талаас нь судалсан. Вена хот 70 гаруй музейтэй. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Дүрслэх урлагийн чиглэлийн ч, орчин үеийн бүтээлийн ч жижиг галерейнууд олон байх юм. Үндсэн 10 гаруй музей, галерей, хуучны том том цайзуудыг үзсэн. Музейн үзмэрүүдийг яаж хадгалж хамгаалдаг юм, сэргээн засварлалтыг хэрхэн хийдэг юм гэдэгтэй танилцлаа. Тэнд сэргээн засварлалтыг байнга хийдэг. Манайхан бол байрны засвар хийж байгаа юм шиг энд тэнд нь будаг түрхээд, тав, арван жилээр мартчихдаг, үндсэндээ хаячихдаг. Гэтэл аливаа түүхийн үнэт биет соёлын өвд жил бүр сэргээн засварлалт хийж байх ёстой юм байна. Төсвийг нь календарчлаад гаргаад өгчихдөг. Барилга, сүм хийдүүдийг тэгж хамгаалж байдаг болохоор гэмтэх нь бага. Хадгалалт хамгаалалтын горим нарийн. Энэ бүхнийг нүдээр харж, өөрийн чихээр сонсож байж бат бөх ойлголоо. Залуучуудаа явуулах хэрэгтэй юм байна гэж бодож ирсэн.
-Залуучуудаа явуулах боломж бий юу?
-Манай сургууль сүүлийн таван жил Австрийн Хэрэглээний урлагийн их сургуультай гэрээний хүрээнд амжилттай хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд жил бүр тэндээс сэргээн засварлагч зураач нар, багш, професорууд ирж богино хугацааны сургалт явуулж байгаа. Харилцан хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилсээр байвал болох байх гэж боддог юм. Хамтран ажиллах явцад манай сургуулийн удирдлагууд Монгол Улсад сэргээн засварлалт хүнд байдалтай буйг хэлж, Монголын мэргэжилтнүүдийг бэлдэж өгөхийг хүссэн юм билээ. Соёлын өвийн төв хоёр, гуравхан сэргээн засварлагчтайгаас цаашгүй. Бүх музей дэргэдээ олон улсын жишгээр сэргээн засварлагчтай байх тухай Засгийн газрын шийдвэр гарлаа. Музейн үзмэрүүдийг сэргээн засварлах, хадгалах, хамгаалах, олноор олдож буй археологийн олдвор, эд өлгийн зүйлүүдийг сэргээн засварлах шаардлага тулгарч байна. Тиймээс сэргээн засварлах төв барихаар шав тавьсан.
-Хаана?
-Буянт-Ухаад байшин барьж байгаа. Энэ нөхцөлүүд бүрдээд байхад практикаар сурсан хэдээс өөр сэргээн засварлагчгүй байдаг.
-Австри сэргээн засварлалтаар дэлхийд тэргүүлэгч үү?
-Австри өөрсдийгөө дэлхийд тэргүүлэгч гэдэггүй юм байна. Тэд энэ талд италичуудыг нэрлэж байна. Орос, Польшид хөгжсөн, Азийн хувьд Японд өндөр хөгжсөн гэж мэдэж байснаас цаашгүй надад сонин л мэдээлэл байлаа. Ер нь их юм сурсан. Одоо бол оюутнуудад хичээл заахдаа сэргээн засварлалтад ирж байгаа соёлын өв, бүтээлтэйгээ яаж харьцах вэ гэдгээс сургалтаа эхэлнэ. Хуучин бол хуйлж авчраад дэлгээд хаядаг байлаа. Одоо бол унаж байгаа ширхэг будаг болгоны төлөө хүн яаж амиа тавихаас наагуур ажиллаж, түүний төлөө хэрхэн хөдөлмөрлөдөг гэдэг наад захын энэ ойлголтыг биеэр үзэж танилцаад ирсэн хүний хувьд сайтар ойлгуулах болно. Урлагийн бүтээлийг сэргээн засварлах гэдэг нь мэс засал хийж байна л гэсэн үг. Маш нарийн утаснуудыг өсгөгч шилээр томруулж харж байгаад нэг нэгээр нь хооронд нь цавуудаж наагаад хоосон байсан зайг утас утсаар нь нэхэж нийлүүлдэг. Ингэж хийхэд олон сар зарцуулдаг. Хааш хаашаа таван см талбай нөхөх гэж хоёр, гурван сар суудаг юм.
-Та ч мөн ингэж сууж байсан байх?
-Соёлын өвийн төвд ажиллаж байхдаа Соросын сангийн тэтгэлгээр “марзан” хэмээх Шаравын “Монголын нэг өдөр” зургийг албан ёсны эрхтэйгээр анхны хуулбар, сэргээн засварлалт хийх багт орж ажиллах боломж олдсон юм. Их азтай. Эх зураг дээр ажиллахдаа хуулбар хийх ухаанд суралцсан. Зөвхөн хуулбарлах биш, сэргээн засварлалт, цэвэрлэгээ гэсэн шат дараалалтай ажлууд хийсэн. Богдын музейд хадгалагддаг 21 Дарь эхийн “Ногоон Дарь” эхийн өнгөний сэргээн засварлалт дээр мөн Хишигбаяр захирлын удирдлагаар ажилласан. “Эрдэнэ зуу” сүм музейн хосгүй үнэт бүтээл “V Богдын хөрөг” гэж гайхамшигтай зургийн сэргээн засварлалт дээр ч ажиллаж байлаа.
-Монголын дүрслэх урлагийн хамгийн нандин өвүүд дээр та ажиллажээ. “V Богдын хөрөг” хэний зураг юм бэ?
-Эрдэнэ зуугийн сургалтын дэг жаяг, Агвааншаравын тиг сургуулиар бүтээсэн гэдэг. Зураач нь тодорхойгүй. Зураач гарын үсэг тавьдаггүй байсан үеийнх л дээ. Тэр зургийг эх хувиас нь хуулбарлах ажил гойд таалагдсан. Монгол зургийн уламжлалт арга ажиллагаа шүтээн урлаг гэж юу юм бэ гэдгийг ойлгосон. Нарийн хийцүүд, бүрдэл хэсгүүдийн зураас, өнгө, өнгө тавилт, тэдгээрийн хоршил болон цул өнгөөр орон зайг яаж илэрхийлдэг гэдгийг хуулбар хийх явцдаа мэдэж авч байлаа.
-Уг нь дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн хүн шүү дээ.
-Тийм. Сургуульд бол онол заалгахын зэрэгцээ дадлага хийдэг л байсан. Гэхдээ жинхэнэ ажлын талбарт, бүтээл дээр сууж байж цогц ойлголт, мэдлэгтэй болсон. Ингэж оюутнуудад гайгүй юм заахтай болсон. 2002 оноос Дүрслэх урлагийн дээд сургуульдаа монгол зургийн багшаар ажиллаж байна. Шүтээн урлаг, монгол зургийн уламжлалт Шаравын зураг гэдэг юм уу, төрөл маягуудын талаар хүүхдүүдэд заахын хажуугаар өөрөө суралцсаар ирлээ.
-Хааны хувцас байна гэж бодъё. Түүнийг сэргээн засварлахын тулд хаанаас нь яаж эхэлж хийдэг юм бол?
-Засах гэж байгаа бүтээлтэйгээ маш сайн танилцана. Түүхэн цаг үеийг, материалыг тогтоох судалгааны ажил удаан явагддаг юм байна. Дараа нь тэр бүтээл өнөөгийн байдалд ямар хэмжээнд байна вэ, ямар гэмтэл байна гэдгийг тодорхойлж дүгнэлт гаргадаг. Тэр дүгнэлтэд тулгуурлаж ажлаа төлөвлөнө. Насжилт, өнгө, гандалтын хувьд шаардагдах материал юу байна гэдгийг тогтоох, орлуулах материал олох. Ингэж байж нөхөн сэргээх ажлаа эхэлнэ. Хөвөн даавууг яаж хуучруулж материал бэлдэх вэ. Хананы шигтгэмэл зургуудын чулуу унасан байлаа гэхэд орлуулах өнгөтэй чулуунуудыг, пааланг лабораторийн аргаар яаж хийх вэ. Энэ бүхнийг хийх технологи Европт асар өндөр түвшинд хүртэл хөгжжээ. Энэ бүгдээс харахад зураач, уран бүтээлч гэхээс илүү цэвэр эрдэм шинжилгээний ажилтнууд ажиллаж байгаа юм. Энэ бүхэн байхгүйгээр сэргээн засварлалт хөгжих гэдэг учир дутагдалтай юм байна.
-Яавал хөгжих вэ?
-Ер нь манай нийгмийн байдлыг аваад үзэхэд сэргээн засварлалтын үнэ цэнийг ойлгох, эсэх нь асуудалтай. Хүн жижигхэн шүтээн зураг авчраад “Энд будаг нь ховхроод уначихжээ, засаад өгөөч. Надад маргааш, нөгөөдөр хэрэгтэй байгаа юм аа” гэдэг. Өмнө нь мэдлэг дутуу байхад тэгье гээд авч үлдээд ямар ч хамаагүй будгаар өнгө тавьж янзлаад явуулдаг л байлаа. Өнөө хүн баярлаад аваад явдаг, би ч гэсэн засчихсан хүн шиг суугаад байдаг. Үнэнийг хэлэхэд би тэр зургийг насгүй, үнэгүй болгочихоод өгөөд явуулсан байгаа юм. Гэтэл өнөө хүн маань ч мэдэхгүй. Хэн хэн нь мэдэхгүй. Энэ бол гашуун үнэн юм. Одоо бол “Тийм хурдан хийх боломжгүй” гэж хэлнэ. Гэтэл ойлгох хүн хэр олон байна вэ. Мэргэжлийн сэргээн засварлагч, захиалагч хоёр ойлголцохгүй, захиалагч өөрийнхөөрөө хандах давамгай байдал л байна. Гэтэл Европт, Австрид бол мэргэжлийн сэргээн засварлагчийн дүгнэлт, засварлаж хүлээлгэн өгөх хоног хугацааг хүлээн зөвшөөрч соёлын өвөө үлдээгээд явдаг. Тэр хүн ямар ажил, хугацаа орохыг ойлгож байна. Түүндээ ч тэр соёлын өв, бүтээлийн үнэ цэнэ оршиж байгаа гэдгийг мэддэг. Манайд сэргээн засварлалтын үнэ цэнийн талаарх ойлголт, улмаар хамгаалах тогтолцоо байхгүй. Тийм болохоор сэргээн засварлалт хөгжих суурь хөрс тааруу байна. Гэхдээ манай сургууль бусад зорилго нэгтэй байгууллагуудтай ойлголцож, гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч үр дүнтэй ажилласнаар үр дүнд хүрэх өдөр ирэх байх.