Шон Коннери. Энэ бол амьд домог, агуу жүжигчин, анхны Жеймс Бонд. Түүний түүх 87 жилийн тэртээ Шотландын Эдинбургээс эхтэй. “Оскар”-ын шагналт тэрбээр уран сайхны 70 гаруй кинонд гол дүр бүтээснээс долоо нь Британийн сэтгүүлч, зохиолч Ян Флемингийн романаас сэдэвлэсэн “Жеймс Бонд” киноны супер тагнуулч байсан.
Энэ л дүрээрээ дэлхийн дэлгэцийн урлагт залуу насаа мөнхөлж, алдрын оргилд гарсан Шон Коннери бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигчдийн жагсаалтад багтдаг. Өнгөрсөн наймдугаар сард 87 насны босго давсан тэрбээр 2003 онд их урлагаас хөндийрч, өдгөө Багамын арал дээр эхнэрийнхээ хамт жарган суугаа. Альцгеймерийн шинж илэрсэн учраас ийм шийдвэр гаргасан гэнэ.
Анх сүү түгээгч болохоор сэтгэл шулуудсан талаараа нэгэнтээ хуучилсан тэрбээр Их Британийн усан цэргийн флотод алба хааснаар эл санаагаа орхисон гэдэг.
Армиас халагдаад 1951 онд Эдинбургийн Хааны театрт ажилд орсон нь хоолоо олж идэх арга байсан гэж ярьжээ. Удалгүй бялдаржуулах урлагийг гойд сонирхон, хичээллэх болсон нь 1.89 см өндөр, царайлаг эрийг олны анхаарлын төвд эрхгүй оруулжээ. 1953 онд “Дэлхийн мистер”-ийн тэмцээнд орж, гуравдугаар байрт шалгарсан Шон 1958 онд “Өөр цаг үе, өөр газар” кинонд тоглосноор дэлгэцийн урлагтай холбогджээ.
“People” сэтгүүл 1989 онд 59 настай Шон Коннерийг XX зууны хамгийн хүсэмжит эрээр нэрлэсэн гэхээр энэ хүн ямархан “халуун” эр болох нь ойлгомжтой. Ингээд зогссонгүй, 10 жилийн дараа түүнийг өнгөрсөн зууны хамгийн тачаангуй эр хэмээн нэрлэсэн нь тохиолдол биш юм.
2004 онд Британийн “Empire” сэтгүүлийн санал асуулгаар Шон Коннери дэлхийн хамгийн тачаангуй эрэгтэй жүжигчдийн жагсаалтад багтсан байдаг. Тэрбээр царайлаг, нуруулагтаа бардаж, хөнгөн замаар амьдраагүй нь ачааны тэрэгний жолооч, авс өнгөлөгч, усан сангийн харуул зэрэг олон ажил хийж байснаас нь харагддаг. Тагнуулч 007-гийн дүрийг хамгийн шилдэг бүтээсэн жүжигчнээр энэ хүн шалгарсан.
1983 онд 53 настайдаа залуу, халуухан Жеймс Бондын дүрд долоо дахь удаагаа тоглосон Шон Коннерийн анхны эхнэр Дайан Силенто нь жүжигчин. Тэд 1962 онд гэрлэж, есөн жил амьдрахдаа нэг хүүтэй болсон нь Жейсон Коннери. Хүү нь мөн л кино урлагаар замнаж, жүжигчин, найруулагч болжээ. Шон Коннери нэг ачтай.
Францын зураач Мишелин Рокбрюн бол Шоны удаах амьдрал бөгөөд тэд 40 гаруй жил хамтдаа байгаа ч үр хүүхэдгүй аж.
Шон Коннери Шотландын Үндэсний намын гишүүн бөгөөд тус улс Английн бүрэлдэхүүнээс гарахыг хамгийн их дэмжсэн гэнэ. 2014 онд “Хэрэв Шотланд туурга тусгаар улс болбол би эх орондоо амьдарна” хэмээн ярьж байжээ.
1993 онд улаан хоолойн хорт хавдраар өвчилсөн түүнийг Африк, Японы сонин, сэтгүүлд нас барсан хэмээн мэдээлж байсан юм. “Би хөгшин хүний дүрд тоглохыг хүсэхгүй. Гэтэл залуу, романтик эрийн дүр нь олдохгүй юм” хэмээн нэгэнтээ хошигносон Шоны дотор хүн ямар болохыг “Esquire”-ийн тольдсоноор хүргэе.
- Намайг хаана оршуулах бол гэдгийг та бүхэн сонирхож байгаа юм уу. Гэтэл би үнэндээ энэ талаар, тэр ч бүү хэл үхнэ гэдэгтээ ч итгэхгүй л байна шүү.
- Би 30 нас хүрээд амьдралын тухай, надад чухам юу хэрэгтэйг ойлгосон.
- Миний амьдрал гэнэтийн учрал, амжилт хоёрын холимог коктейль шиг л байлаа.
- Дэлхийн II дайн эхэлдэг жил би есөн настай байсан. Манайх Эдинбургэд маш тарчиг амьдарч байсан учраас би 12 наснаасаа л ажил хийж, дараа жил нь сургуулиа орхисон. Тэгэхээр боловсрол эзэмшсэн гэхэд хэцүү. Өдий хүртэл би өөрийн гэсэн амьдралын хар ухаанаар явж ирсэн хүн. Тийм болоод ч тэр үү, сэхээтнүүдийн нийгэмд өөрийгөө балчир хүү л гэж боддог.
- Аав маань жирийн л ажилчин байсан, долоо хоногт хоёр долларын орлоготой. Тийм хэцүү цагт дүү Нил минь төрж, хувцасны шүүгээн дээрх миний орыг эзэлж, би сандал руу шилжсэн юм.
- Би дүүрэн устай онгоцонд (ванн) хэвтэх дуртай. Юу ярьж байгааг минь ойлгож байгаа биз дээ. Намайг бага байхад усны онгоцонд орно гэдэг чинь их “хувь заяа” байлаа. Эдинбург хотын гудамжуудад ганц ганц л усны газар байсан. Шар айраг нэрдэг том саванд л усанд орно шүү дээ.
- Миний амьдралын хамгийн том ололт амжилт нь уншиж сурсан явдал. Би уг нь таван настайгаасаа л бичиг, үсэг сурч эхэлсэн ч, бараг 70 жил болж байж л “уншиж” сурсан.
- Хийж байсан ажлуудаас минь хамгийн аймаар нь юу вэ гэж үү. Авс өнгөлөх хэцүү шүү. Үнэндээ бол би бараагүй ажил даа.
- 12, 13 настай байхад амьдралд минь ер бусын явдал тохиосон юм. Би Роберт Хендерс хэмээх америк залуутай театрын тайзан дээр танилцлаа. Тэрбээр надад Жорж Бернард Шоу (Нобелийн шагналт, Ирландын жүжгийн зохиолч)-гийн “Жүжигчний гарын авлага”, Станиславскийн “Урлаг миний амьдрал”, Прустийн “Мартагдсан цаг хугацааны эрэлд”, мөн Томас Вулф, Оскар Уайльд, Ибсен, Жойс нарын зохиол бүтээл, номын жагсаалт үзүүлсэн. Үнэндээ бол тэдгээрийг эхэндээ ойлгоход хэцүү ч дараа нь маш үр өгөөжтэй гэдгийг энд онцлон хэлье.
- Үнэнийг хэлэхэд, би тэр Толкины “Хоббит”-ыг огт уншаагүй. “Бөгжний хаан”-ы Гэндальфын дүрийг санал болгоод, зохиолыг нь явуулахад унших гэж оролдсон. Ёстой бүү мэд, нэг ч өгүүлбэрийг нь ойлгоогүй. Ямар юмных нь Хоббит байх вэ дээ. Боббит ч бил үү?
- Би нас ахисан ч Хичкок шиг, бас Пикассо шиг сайхнаараа байхыг хүсдэг.
- Магадгүй намайг үргэлж зааж, сургадаг хөгшин гэдэг байх. Яг үнэндээ энэ бол сайхан зусар үг. Тийм биш л дээ. Би одоо сурсан, мэдсэнээ эргэцүүлэхийг хүсэж байна. Бас алдаанаасаа бага багаар сурч явна. Гэхдээ сургамж авахгүй алдаа гаргасаар л байгаа. Үүнээсээ ч ихийг сурахыг хүсэж байна.
- Би ер нь хэзээ ч гомдоллож, гоншгонодоггүй. Чин сэтгэлээсээ ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хэнийг ч үнэн голоосоо хүндэлдэг. Мужаан, гэрэлтүүлэгч, найруулагчийн туслах, ер нь надтай хамтран ажиллаж байсан хүн бүхэн үүнийг гэрчилнэ. Харин асуудлыг шийдвэрлэхээсээ илүүтэй байдлыг улам дордуулдаг тэнэгүүдтэй “тулдаг” байсан.
- Бонд бид хоёрын дунд нэг том ялгаа бий. Жеймс Бонд асуудлыг зохицуулахдаа гаргууд.
- Хэрэв хийсэн бүтээсэн минь хүмүүст таалагдаагүй бол би сүүний үйлдвэрт ажиллах байсан.
- Хэрэгтэй үед хийсэн ганц хөдөлгөөн, дохио зангаа бүхэл бүтэн өгүүлбэрээс ч илүү ихийг өгүүлэх боломжтой. С.Спильберг үүнийг “Сүүлчийн загалмайтны аян” хэмээн тун гайхалтай онож хэлсэн шүү дээ. Найруулагчаас үг “горьдож, шипи” хэрэглэдэг жүжигчдээс би ондоо. Өөрөө бүх зүйлийг зохицуулдаг байсан.
- Би англи хүн биш. Хэзээ ч англи байгаагүйн адил болох ч үгүй. Би бол шотланд удамтай, шотланд хүн.
- Францчуудтай хэрэлдэж, маргалдаад дийлнэ гэж байхгүй дээ. Миний хувьд франц бүсгүйтэй танилцаад, хэл сайн нэвтрэхгүй явсаар амархан суучихсан юм шүү дээ.
- Ээж минь намайг нэг их тэвэрч, үнсдэггүй байж билээ. Тэглээ гээд би гомдоогүй. Үргэлж тэвэрч, үнсэхгүй байх нь амьдралд ноцтой үр дагавартай гэж бодохгүй байна. Хайр нь дотроо хүмүүс байдаг даа.
- Би эмэгтэйчүүдэд хайртай. Яагаад гэдгээ өөрөө ч ойлгодоггүй хэрнээ хайрладаг юм.
- Эмэгтэйчүүд гутланд тэгтлээ дурладаг учрыг та надад хэлээд өгөх юм биш биз. Сонин юм шүү. Тэгтэл би хуучин гуталтайгаа өчнөөн жил болж байна. Нэг киноны үеэр надад өгсөн хэдэн хос гутлыг мөн ч олон жил чирсэн. Одоо ч байгаа.
- Би “Paramount”-аас бусад бүх кино компанийг шүүхэд өгсөн. Жинхэнэ хулгайч гэж тэднийг л хэлнэ.
- Намайг олон удаа хүчингийн хэрэгт гүтгэж байлаа. Би хоёр ч удаа тэгж гүжирдсэн нөхдүүдийг барьж, шүүхэд өгсөн. Ер нь үзэн ядалт, шударга бус байдалд би дургүй.
- Кино бүтээж чадах болон чадахгүй хүмүүсийн зааг ялгаа олон жил харагдсаар ирсэн. Би мэдэхгүй, чадахгүй гэж хэлэхээс хүмүүс айх юм. Тийм байдлаасаа болж чухам юу хийж байгаагаа ч ойлгохгүй явдаг нь харамсалтай.
- Би хоёр удаа хар тамхи татаж, мансуурч үзсэн. Сайхан эд биш. Харин би балгачихдаг юм. Уух дуртай шүү. Заримдаа бүр долоо хоног тасралтгүй уучихсан байдаг. Үр дүнд нь ёстой л шанална даа, хэвийн байдалдаа орох гэж.
- Би их эрт халцарсан. Амьдрал минь их хялбар болсон шүү дээ, үсгүй болохоор. Би ер нь залуу, хөгшин гэлтгүй хүмүүстэй тоглоом наргиан хийдэг зантай.