Багш нар зураг авахуулах гэж яг л хүүхдүүд шиг бужигналдав. Болсонгүй, жаахан наашаа, эсвэл хойшоо, урагшаа болчих доо, нүдээ аньчихлаа гэх зэргээр хэлэхэд “Муухай гарсныг “Матар”-т тавьчих”, маяглаад байгааг нь “Тоншуул”-д тавьчих гэх зэргээр хөгжилдөн байж патиараа татуулсан юм. Тэртээ 1970-аад онд орчин цагийн Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд сонгодог хөгжимд суралцуулахаар тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, Их, Бага Араратын хөндий дэх Армен улсын нийслэл Ереван хотын Хөгжмийн дээд сургууль буюу Консерваторид илгээсэн цөөн хэдэн оюутны арваад жилийн амьдрал, намтар тун баялаг, сонирхолтой.
Анхдагчид
Армен улсад Монголын сонгодог хөгжимчдийн нэлээд хэсэг нь суралцаж төгссөн бөгөөд анхны оюутнууд салбартаа анхдагчдын зэрэгцээ тэргүүлэгчид гэдгээр онцлог. Тус улсын нийслэл Ереван хотын Консерваторид манай улсаас анхлан очсон нь хийлийн ангийн оюутан Ч.Чинбат (өдгөө Урлагийн гавьяат зүтгэлтэн), мөн хийлийн ангийн оюутан Ж.Баярсайхан (алдарт хуурч Г.Жамъянгийн хүү), Л.Мөнхцэцэг (УДБЭТ-ын хийлч, Гавьяат жүжигчин) нар юм. Тухайн үеийнхэн Хөгжим бүжгийн дунд сургуулийн наймдугаар анги төгсч очоод Хөгжмийн дунд сургууль, үргэлжлүүлээд Консерваторид суралцаж төгсдөг байсан болохоор нийт 10 жил суралцаж байв.
Идэр насаа өнгөрөөсөн нутаг орон, ахуй орчин гэдэг амьдралын их сургууль билээ. Олон жилийг хамтдаа үдэхдээ жаргал зовлон, баяр гунигаа хуваалцаж нэгэн гэр бүл шиг аж төрж, сурч тэмүүлж байсан он жилүүдийнх нь тухай Ереваныхнаар яриулаад л баймаар. Энэ залуусыг “Армянхан-I” гэж онцолмоор байгаа юм. Яагаад гэвэл эдний дараа үеийн оюутнуудын амьдрал, дурсамжийн сонирхолтой бас нэгэн үе бий. Тэднийг “Армяныхан-II” хэмээн тодотгож дараа нийтлэлд урьж болох юм. Мөн бас нэгэн зүйлийг тодотгоё. Соёл урлагийн чиглэлийг барьж буй болохоор Консерваторид суралцаж байсан оюутнуудын тухай бичиж байгаа билээ. Бусад их, дээд сургуульд өөр өөр мэргэжлээр сурч байсан цөөн монгол оюутан тухайн үед бас байсан.
Армений Консерваторийнхны энэ үеийн оюутнуудын бага нь морин хийл хөгжмөөр суралцагч Ч.Насантогтох байлаа. СУИС-ийн эстрад урлагийн факультетад 19 дэх жилдээ багшилж байгаа, ер нь урлагт 40 жилийн амьдралаа зориулсан Гавьяат жүжигчин тэрбээр энэ удаагийн болзоонд хамгийн түрүүн ирсэн юм. Чухал ажлаа хойш тавьж сониныхны урилгыг хүндэтгэж ирсэн түүнээс “Танайхан гоё хоол хийдгээрээ алдартай гэж сонссон. Танд хэн нэгний хоолыг идмээр бодогдож байна уу. Тийм бол хэний өрөөнд зочилж ямар хоолоор дайлуулмаар байна” гэж асуусан юм. Тэгэхэд тэрбээр “Ч.Тунгалаг эгч, Н.Ганчимэг эгч хоёрын бялууг идмээр байна. Тэр хоёр нэг өрөөнд амьдардаг, байсхийгээд гоё бялуу хийдэг байсан. Бид хожуу очсон 16, 17-той хүүхдүүд. Ах эгч нарын өрөөгөөр хамаагүй орж, хоол унднаас нь дураараа идээд байж болохгүй. Орж ир, хоол ид гэхэд нь жигтэйхэн их баярладаг байж билээ. Ах, эгч нар тэр л үед орчноосоо суралцсан соёл, хүмүүжлээ тээсээр эх орондоо ирж, сургууль, багш нар, оюутан сурагчдадаа түгээж байсан хүмүүс дээ. Боловсрол жигд, төрөл чиглэл бүртээ тэргүүлэгчид” гэж ах, эгч нараараа бахархан ярьж байлаа. Морин хийлч, “Соёл Эрдэнэ” хамтлагийн дуучин түүнтэй уулзсаных дууны урлагт хүч сорих болсон түүхийг сонирхохгүй өнгөрч хэрхэн болох билээ. Гавьяат жүжигчин “Манай Баяраа ах (“Соёл Эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Баяр агсан), Ч.Тунгалаг эгч хоёр их сайхан дуулдаг байсан юм. Баяраа ахын санаачилгаар монгол оюутнууд хамтлаг болон дуулж эхлээд байлаа. Хийлийн Л.Алтанцэцэг эгч бид хоёр нэг өрөөнд амьдард байсан юм. Нэг өдөр би янз бүрийн дуу аялангаа гэрээ цэвэрлэж байтал Алтаа эгч “Насаа, чи гоё дуулах шинжтэй юм байна. Баяраатай хамтраач. Үз үз, болох юм шиг байна” гэж байна. Тэр үед “Миний дуулах ч гэж юу байх билээ, чадахгүй биз дээ” гэж хэлээд өнгөрсөн. Тэгтэл Баяраа ахын хамтлаг амжилттай, ийш тийш уригддаг болоод сонирхол татаад ирлээ. Тэгэхэд нь хорхой хүрээд, үзээд алдвал яадаг юм бол гэж бодоод дуулж үзлээ. Тэгэхэд манайхан шууд л “Болох юм байна” гэсэн. Анх шинэ жилээр монгол оюутнуудын мэндчилгээ дэвшүүлж дуулсан. Багаасаа Хөгжим бүжгийн дунд сургуульд морин хийлээр суралцсан, Армянд тэр л мэргэжлээрээ сурч байсан хүн хөгжмөө насан турш тоглоно гэж бодож байснаас дуулах тухай бодож байгаагүй хүн нэг л өдөр Армений Улсын филармонийн дэргэдэх эстрад дуу, хөгжмийн сургуульд элсэж орж төгсөөд Монголоосоо анхны дээд боловсролтой эстрадын уран бүтээлч болж байлаа” хэмээн түүх өгүүлсэн нь сонирхолтой байлаа.
Монгол Улсын Консерваторийн виолончель хөгжмийн багш, Соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан Ш.Дуламсүрэн багш “Би болзоондоо хоёр зурагтай ирлээ. Уг нь зурагнууд байна. Гэтэл дандаа амаа том ангайж инээсэн, хажуу тийш харсан, эсвэл тонгойж байгаа гэх зэрэг сонинд тохирохооргүй юмнууд байна. 1976 оны шинэ жилийн баяраа бид ингэж тэмлэглэж байжээ. Баримтаар нь харуулъя” гэж инээлгэн түүх хүүрнэх гэрэл зураг өгөв.
Амь нэгтэй
Шинэхэн оюутнууд дандаа л хөглөж байдаг хойно. Арменийхнаас хэн гэрээ хамгийн их санаж, усан нүдэн гүнж болж суудаг байсныг асуухад урлагийнхан “Армян Ганбаа” гэж дууддаг төгөлдөр хуурч, жааз хөгжимчин, “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадмыг санаачлагчдын нэг Н.Ганбат “Манайхан чинь амар, нийтээрээ уйлчихдаг юм” гэснээ ийм нэгэн түүх ярьж өгөв. “Монголчууд бид цөөхүүлээ ч байлаа даа. Амь нэгтэй гэж жигтэйхэн. Намайг очсон оны өвөл юм. Амралтаар том оюутнууд, үнэндээ бол мөнгөтэй ах, эгч нар гэртээ харилаа. Сүүлд очсон шинэковууд оюутны байрандаа үлдэв ээ. Бүгд гэрээ саначихсан, хийх юм байхгүй, мөнгө байхгүй, үндсэндээ өлсгөлөн. Тэгсэн нэг өдөр Балдангомбо бид хоёр охидынхоо өрөөнд яваад ортол манай хэд цонхон дээрээ болжмор шиг жирийтэл эгнээд суучихсан уйлж байна. Тэр цонх нь Монгол эх орон маань байгаа зүг рүү харсан талын цонх байхгүй юу. Тэндээ цуглаад гэрийн зүг хараад уйлж суув. Гэрээ санахын зэрэгцээ өлсөөд байгаа гэдгийг Балдан бид хоёр ойлгож байсан болохоор шууд арга хэмжээ авахаар шийдлээ. Оюутны байрныхаа корпусуудын зургадугаар давхраас нэгдүгээр давхар хүртэл явж шил цуглуулж тушаая гэж ярилаа. Мэдэгдэхгүйн тулд хамгийн гоё цүнхээ барьж байгаа юм. Хоёулаа сүү, тараг, архины шил гялс гялс шүүрч цүнхэндээ хийгээд орж ирэхэд охид савантай, савангүй гээд гурван тусдаа түмпэнд бэлдсэн усанд хийж угааж гялалзуулна. Тэгэхээр нь төрлөөр нь ялгаж гурван өөр гоё цүнхэнд хийж дэлгүүрт аваачиж тушаагаад гоймон, наранцэцэгийн тос, талх авч ирнэ. Тэгж өвлийн амралтын олон хоногийг өнгөрөөж байж билээ. Ах, эгч нар нутгаас ирэхдээ хүүхэд бүрийн гэрээс юм авчирна л даа. Гэрээсээ юм авсан хүүхдүүд өнөө амь нэгтэй багаас нэг нэгээрээ сугарч гарсаар байна. Хэн үзэгдэх нь ховор болно, түүний гэрээс юм ирсэн гэсэн үг. Хөгжилтэй байгаа биз.
Дугуйтай чемодан байсан ч болоосой
Болзоонд цугласан багш нар бүгд бага нас, оюутан цагаа дурсч завсарлагааны хэдэм минутад алжаал тайлан хөхрөлдсөн юм. Консерваторийн хийл хөгжмийн багш, Монгол Улсын гавьяат багш Л.Алтанцэцэг нэгэн үеийн хоёр найздаа насан турш талархаж яваагаа ийнхүү тайлбарлалаа.
-Би Ч.Чинбат, Ж.Баярсайхан багш хоёртоо насаараа баярлаж явдаг хүн. Бусад хүүхнүүд маань ч ялгаагүй байх. Манайхан дотор эрэгтэй хүүхэд цөөн байсан юм. Бид эх орондоо ирж очихдоо, ер нь хаашаа ч явсан цуг явдаг байлаа. Москвагаас Ереван руу галт тэргээр явна. Галт тэрэгний нэг будлаас нөгөө рүү явна, буудалд очоод вагон руу очтолоо бас нэлээд зай туулна. Энэ бүхэнд охидынхоо хүнд ачаануудыг ёс юм шиг л Чинбаа, Баягаа хоёр маань өргөж, үүрч явдаг байлаа. Хүүхэд бүр чемодан, цаасан хайрцаг дүүрэн хүнд ачаатай. Ихэнх нь консерв. Бид өөрсдөө бол газраас бараг л хөндийрүүлэхгүй. Манай хоёр зөөгөөд л байна, хөлсөө урсгаад л зөөнө. Бид хажууд нь жижиг цүнхтэй юмнууд, гар цүнхээ бариад алхана. Чинбаа, Баягаа хоёр гартаа барихын хажуугаар хүзүү, мөрөн дээрээ дамнуулж тавиад явдаг байсан. Нэг удаа яасан гээч, яг ийм байдалтай ачаануудаа зөөсөөр байгаад галт тэрэгнээсээ хоцорчихсон. Бид ингэж л бие биедээ дэмтэй, тустай, нэг нэгнээ хайрлаж явсан улс. Одоо би дугуйтай чемодан харах бүртээ Ереванаа санадаг. Тэр болгонд хамаг ачааг минь өөрийгөө хайрлахыг мэдэхгүй тус болж явсан хоёр найздаа баярладаг. Хайр хүрээд байдаг юм. Дугуйтай чемодан зохион бүтээсэн хүнд талархдаг. Биднийг оюутан байхад одоогийнх шиг өөрөө гүйдэг чемодан байсан ч болоосой гэж боддог.
Аав, ээж, ах гурав
Консерваторийн хийл хөгжмийн багш, сургуулийн хийлийн чуулгыг олон жил удирдаж ажилласан, цөөхүүл хөгжмийн “Итгэл” оркестрын багш Т.Сарантуяа энэ өдөр оюутан нөхдийнхөө “аав” нь болж байсан Ч.Чинбат, ээж нь юм шиг ачтай тустай Н.Ганчимэг багш хоёроороо бахархав. Т.Сарантуяа багш “Манай Чинбаа бидний аав шиг, Баярсайхан багш яг ах шиг, харин Н.Ганчимэг багш яг л ээж шиг байдаг байлаа. Чинбаа, Баягаа хоёр бүх оюутныхаа өрөө байрны тав тухад санаа тавина. Орчин үеийн маягаар амьдрах гэж зүтгэнэ. Төмөр орны толгой тайрч, ширээний тавцан бэхлээд мебель ортой болгож өгсөн. Бүгд пянз тоглуулагчтай байлаа. Цэвэрч нямбай. Энэ байдлаараа бид Консерваторийн дотуур байранд төдийгүй ЗХУ-д сурч байсан монгол оюутнуудын хувьд үлгэр болдог байлаа. Ч.Чинбат маань манай эвлэлийн үүрийн дарга. Москвад хуралд суугаад ирэхэд нь бид аавыгаа хүлээж байгаа юм шиг хүлээнэ. Мань хүн ирэхдээ биднийг ингэж сайшаасан гэж мэдээлнэ. Бидний захисан юмнуудыг бүгдийг авчирдаг байлаа. Бас тоглоом, чихэр авчирна.
Бид загвараг хувцаслах шэж хичээдэг байлаа. Чинбаа, Баягаа хоёр оёдлын машинаар бидэнд өмд оёж өгдөг болов. Германы “Бурда” сэтгүүлийн загвар,эсгүүр харж байгаал эрээн даавуугаар бүгдэд маань даашинз оёж өгсөн. Бид шинэ жилийн баярт өмнө нь өмч байгаагүй хувцастай оръё гэхэд ингэж оёж өгсөн юм.
Бас нэг сонирхолтой түүх бидэнд бий. Манай Чинбаа, Нараа хоёр бидэн дундаас төрсөн хос юм шүү дээ. Анхны хүүхэд Амраагаа тэнд төрүүлсэн хоёр. Нялх хүүхэд асрах ямар ч туршлагагүй хэдэн нөхөр хуваарь гаргачихаад л үзэж тардаг байлаа. Тэр 30 гаруй градусын халуунд өрөөнйихөө салхивчийг тас хаачихна. Хүүхэд унтахгүй уйлахаар бүгд айна. Халууцаж бүгчимдээд унтахгүй байгааг хэн ч ойлгохгүй. Даавууг нь угаах хүн гартаа резинэн бээлий өмсч, амны хаалт зүүж угаалгын өрөөнд даавуу угаана. Ингэж бие биеэ халамжилж нэгэн гэр бүл шиг амьдардаг байлаа.
Н.Ганчимэг багш бол яг л бидний ээж. Өрөөнд нь ороход “За, чи ядраагүй биз. Идэж уусан уу. Май энийг идчих, тэрийг уучих. Гэрийнхэн чинь сайн уу. Захиа авсан уу” гээд л санаа тавина. Монгол руу явна, бүх хүүхдийн гэрээр орж, аав ээжтэй уулзаад, дайсан юм авч ирнэ. Ирээд чемоданаа онгойлгоно, ихэнх нь бидний юм байдаг байж билээ. Өөрийгөө гэхээс өмнө өрөөлийг гэдэг тийм л нинжин хүн.
Консерваторийн хийл хөгжмийн багш, Соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан Ж.Энхээ “Би насаар бага оюутнуудын тоонд багтдаг байлаа. Манай Ч.Насантогтох, Филармонийн хийлчээр олон жил ажиллаад одоо Дорнод аймгийн театрт ажиллаж байгаа Г.Тунгалаг бид хэд ах, эгч нараас нэлээд хэдэн насаар дүү юм. 1974 онд наймдугаар ангиа төгсч очоод Р.Меликяны хөгжмийн дунд сургууль төгсөж, үргэлжлүүлэн Консерваторид сураад 1984 онд ирсэн. Бид ч бас сайн сурахыг эрмэлздэг оюутнууд байлаа. Би Ереваны Улсын симфони найрал хөгжимтэй Дуурийн театрт гоцолж тоглож байсан. Ч.Чинбат багштай хоёулаа хийлийн гоцлол тоглож байлаа. Мэргэжлийн багш минь манай сургуулийн гадаад оюутан хариуцсан декан А.О.Шамшян гэж мундаг хүн байсан” гэж ярьж байлаа.
Цонхоор орж давтдаг байлаа
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат багш “Бид хичээлээ их хийдэг, ялангуяа мэргэжлийн хичээлээ маш сайн давтдаг оюутнууд байлаа. Сургууль ганц, оюуьан олон, анги танхим хүрэлцэхгүй. Тийм болохоор хүнгүй үед давтаж амжих гэж үүрээр сургууль руугаа ордог байлаа. Орой тарахдаа Баягаа бид хоёр жорлонгийн өрөөний цонхнуудыг онгорхой орхино. Өглөө эрт жижүүр унтаж байхад ирээд цонхоо түлхэж онгойлгоод охидуудаа нэг нэгээр нь өргөж оруулаад өөрдсөө хойноос нь ордог байсан юм. Тэгж хичээл эхлэхээс хоёр, гурван цагийн өмнө зөндөө сайхан давтаад дараагийн даалгавраа авахад бэлэн ордог байлаа. Энэ их хичээл зүтгэлийн үр дүн янз бүрийн хэлбэрээр гарна. Тэр үед Монголын оюутнууд бүх талаар манлайлагчид байсан даа”.
Энэ нийтлэлдээ бид Армений Ереван хотын Консерватори буюу Хөгжмийн дээд сургуулийн нэгэн үеийнхнийг урьсан гэдгийг дахин хэлье. Тухайн үед яамны томилолтоор Ереваны Театр урлагийн дээд сургуулийн жүжигчний ангид ганц оюутан сургахаар илгээсэн нь одоогийн Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун юм. Сургуулиа онц төгсөхийн зэрэгцээ бакалавр зэргийг магистртай нь хамт аваад ирсэн гавшгай оюутан бол жүжигчин Л.Чаминчулуун юм. Урлагийн сургуулийн оюутан гэдгээр нь гавьяатыг Консерваторийнхонтой хамтатган болзоонд урьсан билээ.