“Монгол нэгдэл” студийн продюсер, залуу хөгжмийн зохиолч, реппер Х.Анхбаяртай ярилцлаа. Тэрбээр “Амьдралд тавтай морил” олон ангит, “Хүсэл мөрөөдлийн зүгт” хүүхдийн, “Эмералдмэн” студийн “Код”, “Улаан театр”-ын “Дүр эсгэгчид”, “Сүлд” энтертайнментын “Үндэсний баялаг, “Найзууд” театрын “Зургаа дахь хүсэл”, “Мөрөөдлийн театр”-ын “Одод болохын хүслэн”, найруулагч Б.Жаргалсайханы “Барьцаа:007” уран сайхны кино, нийслэлийн "Улаанбаатар" чуулгын “Парисын Дарь эхийн сүм” хөгжимт жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллажээ. Хамгийн сүүлд “Морьтон” энтертайнментын “Сүүлчийн хүсэл” кинонд ажилласан бөгөөд өнгөрсөн сарын 25-наас үзэгчдийн хүртээл болгожээ.
-Хэзээнээс хип хоп урсгал руу “татагдсан” юм бэ?
-Би ХБК төгссөн. Багаасаа дуу хөгжимд сонирхолтой хүү байв. 2000 онд “Эрх чөлөө” хамтлагийн гишүүн Дээмээ ахтай танилцсан юм. Тэрбээр хип сонирхдог, дуулж, бүжиглэдэг хүүхдүүд хайж явсан юм. “Мини браво” хүүхдийн хувцасны дэлгүүрийн рекламанд тоглуулах гэж тэр. Ингээд сургуулийнхаа таван хүүхэдтэй хамт шалгуулж, тэнцээд тэр рекламанд тоглосон. Ингэж анх олны өмнө “үглэсэн” юм.
-Энэ урсгалын юу нь онцгой санагдаж, дурласан бэ?
-Хип хоп урсгал дотроо хэд хэдэн төрөлтэй. Үүнд реп, дижей, брейк бүжиг, скратч, битбокс, графит зэрэг багтдаг. Хөгжмийн энэ урсгалын хэв маяг, хэмнэл, бусдад өөрийгөө илэрхийлэх байдал, үг хэллэг бусдаас онцгой.
-1990-ээд оны сүүл үеэс хип хоп урсгал хүч түрж, залуус ч их соргогоор хүлээн авч, дурласан. Харин одоогийн залуус энэ урсгалд яаж хандаж байна вэ?
-Ийм, тийм гэж хэлэхээс илүү нэгэнт энэ урсгалыг сонгон сонсож байгаа бол үүх түүхийг нь сайн судалж мэдэх нь зүйтэй байх. Ингэсэн цагт хип хоп урсгалын өнгө аяс, хэв маягийг илүү ойлгож, цааш дэлгэрүүлнэ. Орчин цагийн репперүүд бүгд л дор бүрнээ хичээж байгаа. Сонсогчдод чанартай, сонирхолтой уран бүтээл хүргэхээр зорьж байна. Уулын мод урттай богинотой шүү дээ. Түүн шиг сайны хажуугаар саар нь ч бий. Гэхдээ сошиал ертөнц хөгжсөн, бүх зүйл нээлттэй болсон энэ үед хийж, бүтээж байгаа нэгнээ зөв талаас нь харах бус, хий дэмий шүлсээ үсчүүлэгсэд ихэссэн нь их анзаарагддаг. Доромжлох биш шүүмжлэх нь зөв байх.
-Хип хоп бол урлаг биш гэж үздэг хүмүүс бий. Та харин юу гэж “өмөөрөх” вэ?
-Дэлхий даяараа хип хоп бол орчин үеийн хөгжмийн нэг урсгал гэж хүлээн зөвшөөрөөд олон жил болж байна шүү дээ. Үл зөвшөөрөх хүмүүс байхгүй байх. Байсан ч яагаад ч нэмэргүй. Хип хоп урлаг улам хөгжсөөр байна.
-Та ХБК төгссөн юм билээ. Яг ямар мэргэжилтэй вэ?
-Үлээвэр хөгжмийн ангид, сонгодог лимбэ хөгжимд суралцсан.
-Анхны дуугаа хэзээ зохиож байв?
-2000 онд найзуудтайгаа нийлэн хамтлаг байгуулж байв. Репперүүд дууныхаа үгийг өөрсдөө бичдэг шүү дээ. Тэр жил арваад дуу зохиосон санагдана. 2003 оноос хөгжим бичиж, дууны үг зохиохоо больсон. Одоо бол beat maker, хөгжмийн зохиолч тал руу түлхүү ажиллаж байна. Ая зохиох гэдэг мэдлэг, мэдрэмж шаардсан их нарийн ажил. Олон төрлийн урсгалаар, тухайн уран бүтээлчийн хэв маягт тохируулж аялгуу зохиож, түүнийхээ донжийг олж хөгжмийн найруулгыг нь хийхэд асар их мэдрэмж шаарддаг.
-Анх хэрхэн тайзан дээр гарсан бэ. Тайзан дээр дотоод ертөнцөө дуу болгон үглэхэд ямар санагдаж байв?
-Бүр багадаа, гурван настайдаа анх тайзан дээр гарсан. Харин реппер болоод 2001 онд гарсан. Тайзан дээр реп хийж, үглэхэд номхон зогсож, чанга яригчийг тэгш барих шаардлагагүй. Тэр үедээ эрх чөлөөг хамгийн их мэдэрдэг. Яг л өөрийнхөөрөө байж, дотоод сэтгэлээ уудлах мэт болдог.
-Өөрийн хэчнээн дууг сонсогчдод хүргэж амжив. Мөн сүүлийн үед та бусад реппер, хип хоп хамтлагийн уран бүтээлийг туурвиж буй. Таны хэчнээн дууг бусад уран бүтээлчид “амилуулсан” бэ?
-Нарийн тоо хэлж мэдэхгүй юм. Хамтран ажиллаж үзээгүй хип хоп хамтлаг, реппер бараг байхгүй. Ганц хип хоп гэлтгүй нийтийн, рок поп гээд бусад урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучидтай ч ажилладаг болохоор тоолбол нэлээд овоо тоо гарах байх. Сүүлийн үед кино, жүжгийн хөгжим бас бичиж байгаа.
-Ер нь тайз, дэлгэцийн уран бүтээлийн хөгжмийн зохиолчоор ажиллах, дууны ая зохиох ажлын аль нь өөрт чинь илүү сонирхолтой байдаг бол?
-Аль аль нь сонирхолтой. Гэхдээ киноны хөгжим илүү хариуцлагатай. Би тэр олон хүмүүсийн хөдөлмөрийг хөгжмөөрөө баллаж болохгүй. Харин ч улам амь оруулах хэрэгтэй. Тийм учраас маш их анхаарч ажилладаг. Аль алинд нь хамгийн сайнаараа л ажиллахыг хичээдэг дээ.
-Ямар үед сүүл, толгой холбох, ая зохиох онгод тань ордог вэ?
-Онгод ордог цаг үе гэж надад байдаггүй юм. Хүсвэл танд одоо ч нэг ая зохиогоод өгч чадна (инээв).
-Уран бүтээлдээ өөрийн ямар онцлогийг шингээхийг хүсдэг вэ. Бусад репперүүдээс ялгарах таны гол онцлог юу вэ?
-Реп хийдэг, хөгжим бичдэг хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Миний хувьд уран бүтээлдээ орчин үеийн хэмнэл хэв маягийг үндэснийхээ хөгжимтэй хослуулан шингээхийг хүсдэг. Мөн бүтээлүүддээ симфони найрал хөгжим заавал оруулах гээд байдаг муу зантай. Бүтээлээ аль болох баялаг өгүүлэмжтэй, чанартай дуугаралттай байлгахыг эрмэлздэг.
-Та хэдэн жилийн өмнө реппер Б.Ганхөлөг, Женни нартай “Nexus” хамтлаг, “Гүн ухаантан” бүлэг байгуулж байсан. Одоо тэдэнтэй холбоотой ажилладаг уу?
-Байнга холбоотой. 2008 онд реппер Э.Хатанбаатар, Б.Ганхөлөг тэргүүтэй ах нартай нэгдэж “Гүн ухаантан” хэмээх байгуулж, 20 шахам уран бүтээлийг сонсогчдод хүргэсэн. Тэдгээр бүтээлээ цомог болгон нэгтгэх гэж төлөвлөсөн ч, одоо болтол гаргаж чадаагүй л байна. Цагийн юм цагтаа гэдэг дээ. Цаг нь болоогүй юм байлгүй.
-“Монгол нэгдэл” студиэ хэзээ байгуулсан бэ. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Би 2005 оноос хойш нэлээд олон студи, продакшнд хөгжмийн зохиолч, дууны найруулагч, хоолой бичлэг, хөгжмийн тохируулгын ажил хийдэг байлаа. 2013 онд “Монгол нэгдэл” студиэ байгуулсан. Уг студи маань дуу хөгжмийн бичлэгээс гадна шоу, тоглолт зохион байгуулах гэхчилэн энтертайнмент чиглэлд ажилладаг. Техник технилогийн хувьд бусадтай адилхан ч, хийж ажиллаж байгаа уран бүтээл минь ялгардаг гэж боддог шүү.
-Хамтарч ажиллаж дадсан уран бүтээлчид байдаг уу. Студидээ үндсэн артист авсан уу?
-Одоогийн ихэнх хит дууны эзэд, олны танил олонх уран бүтээлчтэй байнга хамтран ажилладаг. Студидээ албан ёсны артист аваагүй. Хэн нэг уран бүтээлчийг сонгож, голчилж ажилладаггүй гэсэн үг. Гэхдээ шинэ залуу, урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй, тууштай хүмүүстэй хамтран ажиллахаас хэзээ ч цааргалдаггүй.
-Та бие даасан цомгоо гаргаж амжсан уу?
-Хараахан амжаагүй байна. Гэхдээ бодсон, төлөвлөсөн зүйл нэлээд их бий.
-Таны ямар зан араншин, давуу тал уран бүтээлээ хийхэд түлхэц болдог вэ?
-Аливаа уран бүтээлийг хийхээсээ өмнө их удаан бодож, эргэцүүлдэг. Маш их судалгаа хийдэг. Тэгээд нэг хийгээд эхэлчихвэл хамаг анхаарлаа түүндээ л төвлөрүүлдэг. Энэ зан маань илүү их дэм болдог байх.
-Ирэх аравдугаар сард та уран бүтээлийн анхны тоглолтоо хийхээр төлөвлөсөн гэсэн. Эл тоглолтынхоо тухай ярина уу?
-Ирэх аравдугаар сарын 23-нд буюу төрсөн өдрөөрөө бие даасан анхны тоглолтоо ДБЭТ-т хийх гэж байгаа. Уг тоглолтод 2003 оноос хойш зохиосон дуунууд, кино жүжгийн хөгжмүүдээ симфони найрал хөгжимд хөрвүүлэн үзэгчдэд хүргэх юм. Хип хоп, сонгодог, театрын урлагийг хослуулах гэсэн санаа. Тоглолтод рок поп, хип хоп хамтлаг, дуучид, ДБЭТ-ын дуурийн дуучид, симфони найрал хөгжим, бүжигчид, УДЭТ-ын жүжигчид оролцоно. Өмнө нь олон тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байсан ч энэ удаа өөрийн анхны тоглолт гэдэг утгаараа их догдолж, сандарч байна. Маш олон хүний хөдөлмөр шингэсэн энэхүү тоглолтоо амжилттай хийхийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан ороод байна.