“Монголын Нууц Товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис хаан” хүүхэлдэйн киноны албан ёсны анхны танилцуулгыг үзэгчдэд хүргэжээ. Энэхүү бүтээл нь Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцүүлэн, 2D болон 3D формат хослуулсан бүтээж буй бүрэн хэмжээний анхны хүүхэлдэйн кино болж байна. Дэлхийд алдартай “Уолт Дисней” компанийн формат, чанарт бүрэн нийцүүлсэн энэхүү хүүхэлдэйн киног “Ocean pictures” студи сүүлийн таван жилийн турш бүтээж буй. Кино багийнхан “Монголын Нууц Товчоо”-нд гардаг бүхий л бодит газар нь очиж, хоёр жилийн хугацаанд судалгаа хийн “Чингис хаан” хүүхэлдэйн кинондоо тухайн газар, байгалийн зураглалыг бүрэн тусгаж чадсан аж. Тус киноны “Ээжээ, би харьж явна” дууг “Хөсөгтөн” хамтлаг бүтээжээ. “Чингис хаан” киног ирэх аравдугаар сараас үзэгчдийн хүртээл болгох бөгөөд киноны уран бүтээлчид тус киногоороо олон улсын хэд хэдэн кино наадамд өрсөлдөх эрх авсан байна.