Зураач, уран бүтээлч Б.Мөнхцэцэг, Э.Найдандорж нар “Эсгий бүтээхүй, бичвэр тайлахуй” үзэсгэлэнгээ энэ сарын 26-нд Урчуудын эвлэлийн уран зургийн галерейд дэлгэжээ. Тэд эл үзэсгэлэндээ орон зайн өрөг, эсгий баримал, дуу авиа, дүрс бичлэг, зураг, холимог барилаар бүтээсэн 40 гаруй бүтээлээ байрлуулсан байна.
“Эсгий бүтээхүй, бичвэр тайлахуй” үзэсгэлэн дэх бүтээлүүдээрээ төрөлх хэл, оюуны биет, биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах, өвлүүлэн үлдээх нь эсгий туургат Монгол үндэстэн бүрийн үүрэг гэдгийг илэрхийлжээ. Түүнчлэн эсгийн зөөлөн, дулаан чанарыг бүтээлүүдийн хэмнэл болсон хурц өнцгүүдтэй уялдуулсан нь арга, билгийг санагдуулна. Эффект бүхий дүрс бичлэгийн харах өнцгийг үнэхээр бүтээлч бөгөөд сонирхолтой байдлаар шийджээ. Тодруулбал, эд юмсын шинж байдлыг маш ойроос даялан харуулах нь үзэгчдэд илүү сонирхолтой сэтгэгдэл төрүүлнэ.
Монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг нийгэм, эдийн засаг, соёлын томоохон өөрчлөлтөд зугуухан автаж, нүүдлийн соёлын өдөр тутамд аман уламжлалаар дамждаг байсан ардын мэдлэг, зан заншил, соёлын илэрхийллүүд амьдралын шинэ хэвшилд зарим талаар шигтгэгдэн үлдэж, хувьсахын хажуугаар бага багаар устан мартагдаж байгааг үзэгчдэд аядуухнаар сануулах энэ үзэсгэлэнд “Нас буян тань сүн далай мэт арвидах болтугай. Өлзий хийгээд хутаг нь сүмбэр уул адил баттах болтугай” хэмээх уран бичлэг чимэг нэмж, ирсэн олныг ерөөх аж. Тус үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.