Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагын байрны гадна ханыг зураач залуус графит зургаар гоёжээ. Энд нийт 17 бүтээл байгаа бөгөөд энэ нь НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрт тусгагдсан ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэнд, чанартай боловсролыг дэмжих, жендерийн эрх тэгш байдлыг хангах, баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах зэрэг 17 зорилтыг уран зургаар илэрхийлжээ.
Хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар олон үгээр тайлбарласнаас зургаар өгүүлэх нь мэдээлэл олон нийтэд түргэн, ойлгомжтой хүрэхэд тустай гэж үзсэн уран бүтээлч залуусын сайн дурын санаачилгыг НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас дэмжжээ.