Шинээр зурагт худалдаж авах гэж эсвэл буйдан, зурагтын дэлгэц хоорондын тохиромжтой зайг сонирхож байна уу. Жижиг давчуу өрөөнд хэт том дэлгэц нүүрэнд тулсан мэт харагддаг бол саруул зайд буйдан эсвэл ороо дэлгэцээс хэт зайтай байрлуулсанаас болж сайн харахгүй байх алдаа түгээмэл тохиолддог. Түүнчлэн зурагтыг хэт өндөрт эсвэл нам байрлуулах нь үзэгчийн хүзүүний булчинг чангаруулж, ядраах сөрөг талтай. Ялангуяа, европ, америк загварын интерьерт камин зуухны дээр зурагтаа байрлуулах явдал ихээхэн ажиглагддаг ч, үүнийг мэргэжлийнхэн түгээмэл алдаанд тооцдог юм.
Зурагтын дэлгэцийн хэмжээ нь буйдан дээр сууж буй хүний харааны өнцөг дэлгэцийн өргөнтэй 28-40 градус үүсгэж байхаар байвал хамгийн тохиромжтой гэж үздэг аж. Дэлгэцийн дээд ирмэг нь үзэгчийн хараатай 15-33 градус үүсгэж байхаар өндөрт байршуулах нь хамгийн тохиромжтой хэмээн эргономик инженерүүд зөвлөжээ. Зайны хувьд дэлгэцийн хэмжээнээс шалтгаалан янз бүр байна. Тодруулбал, 30 инчийн зурагтыг буйдангаас 1-1.6 метр, 40 инчийнхийг 1.5-2.5, 50 инч бол 1.6-2.6, 60 инчийн зурагтыг 2.2-3.5 метрийн зайд байрлуулбал тохиромжтой гэнэ. Түүнчлэн цонхоор тусах байгалийн гэрэл нь дэлгэц дээр ойхоос сэргийлж зурагтын нүүрийг гэрлийн эсрэг тал уруу харуулан байрлуулах нь зүйтэй. Мэдээж нүдний хараагаа хайрлаж байгаа бол жаахан холоос үзэхэд гэмгүй.