Энэ бол таны хувцасны шүүгээнд юу байгаа тухай бус, харин та тэдгээрийг хэрхэн зохицуулан өмсөж байгаа тухай юм. Амжилтын төлөөх хувцаслалт нь шинэ төрлийн сэтгэл судлалын салбар болтлоо хөгжөөд байгаа энэ үед таны өмссөн хувцас таны ажлын байр, таны хүсэл тэмүүлэл, сэтгэлийн хөдөлгөөн, цаашлаад таны дадал зуршлыг хүртэл хэлж байдаг тухай бид багагүй сонссон.
Клиникийн сэтгэл судлаач, доктор Женнифер Бомгартер “Хувцаслалт ба сэтгэлзүй” номондоо “Таны юу өмссөн нь таны хэн бэ гэдгийг хэлдэг” хэмээсэн байдаг. Энэ тухайгаа тэрбээр “Хувцасны сонголтонд хүний сэтгэл санааны байдал нөлөөлж байдаг. Нөгөө талаас хувцаслалтаар нь мөн тухайн хүний сэтгэлзүйн асуудлыг зохицуулж болно” хэмээн тайлбарлажээ.
Дэлгүүр хэсэж, өөртөө шинээр хувцас худалдан авах нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүний хувьд тодорхой хэмжээний сэтгэл өөдрөг байдал, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж байдаг нь үнэн. Харин ихэнхдээ бид өөрийн дуртай өнгө, материал, загварыг л дэлгүүрийн лангуунаас шүүрэн авдаг боловч үнэндээ “Яг энэ хувцас миний тухай бусдад юу хэлэх бол” гэж бодох нь тун ховор.
Тиймээс ажилдаа гарахдаа, ямар нэг чухал уулзалтанд очихдоо, эсвэл ер нь л гэрээсээ гарахдаа толинд хараад дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Үүнд. “Би хаашаа явах гэж байгаа вэ. Хэнтэй уулзах гэж байгаа вэ. Өнөөдөр надтай уулзах хүмүүс (ажлын хамт олон, дарга захирал, эсвэл гудамжаар зөрөх хэн ч байж болно) миний тухай ямар сэтгэгдэлтэй байгаасай гэж хүсэж байна вэ. Би тэдэнд өөрийнхөө хүсэж байгаа хүн шигээ харагдаж чадаж байна уу”.
Эцэст нь хэлэхэд, өмссөн хувцас зөвхөн бусдад л таны тухай “хэлдэг” бус, таны өөрийн тань сэтгэлзүйд нөлөөлж “Өнөөдөр та хэн байх вэ (Өөртөө итгэлтэй, ажил хэрэгч нэгэн эсвэл өөрийгөө, мөн ажлаа ч үл хүндэтгэдэг нэгэн) гэдгийг шийдэж байдаг юм шүү.
Эх сурвалж: “FORBES” сэтгүүл, “Dress for success” нийтлэлээс