Зураач Ч.Солонго бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ өнгөрсөн баасан гаригт “Бум” арт галерейд дэлгэлээ. Тэрбээр өмнө нь 1996 онд “Би”, 2011 онд “108 цам”, 2015 онд яруу найрагч Х.Тэргэлтэй хамтран “Тэргэл ба Солонго” үзэсгэлэнг гаргаж байсан юм. “Солонгын долоон өнгө” хэмээн нэрийдсэн энэ удаагийн үзэсгэлэндээ зураач бүсгүй 25 бүтээлээ сорчлон байрлуулжээ.
Зураач Ч.Солонго энэ удаа монгол зургийн уламжлалт арга барилыг ашиглан Буддын шашны гүн гүнзгий утга санаа, ёр билэгдэл, зөн совин зэрэг уран бүтээлчдийн тэр бүр хөндөөд байдаггүй сэдвийг нь хөндсөн нь сонирхолтой байв. Тэрбээр эл үзэсгэлэнгийнхээ талаар “Миний зургийн гол сэдэв амьдарч буй эргэн тойрны байдал, уншиж мэдсэн бүхнээс минь урган гардаг. “Солонгын долоон өнгө” дэх уран бүтээлүүд миний дотоод сэтгэлтэй холбоотой. Хүнд гуних, гутрах, унах, бас гэнэт эр зоригтой босох гээд юу эс тохиолдох билээ. Би бүтээлүүддээ тэдгээрийг л илэрхийлэхийг хүссэн” хэмээлээ.
Хорвоогийн алаг эрээн, амьдралын утга учир, сэтгэлийн гүн дэх зөн билиг, зүүд мөрөөдлийг “Солонгын долоон өнгө”-өөр хэрхэн илэрхийлснийг тольдоорой. Эл үзэсгэлэн энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.