“Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч Ч.Содтуяаг “Зөвхөн спортын тухай” буландаа урилаа. Тэрбээр “Ододтой бүжиглэе” шоунд оролцсон авьяаслаг нэгэн билээ.
-Та багадаа хэр спортлог хүүхэд байв. Ямар нэгэн спортын төрлөөр хичээллэдэг байсан уу?
-Үнэнийг хэлэхэд тийм ч спортлог хүүхэд байгаагүй ээ. Нуруулаг байсан болоод ч тэр үү, ангийнхныхаа шахалтаар заримдаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцдог байсан. Өрсөлдөгч багийн хамгийн сайн тоглодог, ур чадвар сайтай хүүхдийг надаар хамгаалуулдаг байж билээ. Чөлөөт цагаараа аавтайгаа шатар нүүн, усан спортоор хичээллэдэг байсан. Гэхдээ би спортоос илүүтэй урлагийн авьяастай. Би одоо ч монгол бүжиг бүжиглэх дуртай.
-Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө “Ододтой бүжиглэе” шоунд оролцсон. Хэчнээн бүжгийн авьяастай ч бэрхшээл багагүй тулгарсан байх.
-Тэгэлгүй яах вэ. Чадна гэдэгтээ нэлээд итгэлтэй оролцсон юм, уг нь. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ эргэх нь тэр. Бүжгийн спорт харахад амархан хэрнээ их хэцүүг тэр үед бүрэн утгаар нь мэдэрсэн. Шантармаар, больё гэмээр үе бишгүй тохиолдсон шүү. Тэр бүхэнд Монголын бүжгийн спортын холбооныхон надад их тусалж, дэмжсэн.
Шоуны үеэр манай тамирчид ДАШТ-д оролцох гэтэл зардал, санхүүгийн хүндрэл гарахад нь сэтгэл их зовниж билээ. Тэгж их бэлтгэл хийн, уйгагүй хөдөлмөрлөчихөөд тэмцээний зардалгүйн улмаас оролцож чадахгүй бол яана гэж бодохоор харамсалтай санагдаж байлаа. Фитнес бол хэн ч хичээллэх боломжтой спорт.
Гэтэл бүжгийн спорт тийм биш. Энэ спорт хүний сэтгэл зүйг залуужуулж, улам уян налархай, эвсэлтэй болгохын сацуу стресс тайлдаг. Ямар ч насны хүн хичээллэх боломжтой нь надад таалагддаг. Хүн хөгширч бус хөшиж үхдэг гэдэг үнэн.
-Загвар өмсөгчид гоо сайхан, биеийн галбираа хадгалахад спорт хамгийн чухал болов уу.
-Тийм шүү. Загварынхан үргэлж спортоор хичээллэх хэрэгтэй. Би моделиуддаа сунгалтын дасгал хийхийг үргэлж зөвлөдөг. Бас нуруунд ачаалал өгдөггүй тул усан спортоор хичээллэхийг захидаг. Гэхдээ хэт ачаалалтай бус нэг хэвийнээр тогтмол хийх нь чухал. Би аливаа зүйлийн тунг нь хэтрүүлэх дургүй.
Тамирчид уйгагүй бэлтгэлийн үр шимээр амжилтад хүрдэг. Харин энгийн хүмүүс тэгж хийх дэмий болов уу. Би долоон хоногт нэг удаа фитнест явж байна. Хоолоо шингээх, ядаргаагаа тайлах зорилгоор гэртээ дасгал, хөдөлгөөн үргэлж хийдэг.
-Бие хүн болж төлөвшихөд тань спорт хэрхэн нөлөөлсөн бэ?
-Маш их нөлөөлсөн. Тэсвэр хатуужилтай, тууштай, зарчимч, үнэнч, шударга, хөдөлмөрч төлөвшлийг би спортын буянаар л олж авсан юм.
-Спортынхноос дотно нөхөрлөдөг тамирчин бий юү?
-Байлгүй яах вэ. Цагаанаа (Х.Цагаанбаатар)-тай сайн найз. Бид хоёрын хувьд 2004 он одтой жил байсан. Би олон улсын миссийн тэмцээнд түрүүлж, Цагаанаа Афины олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Тухайн үед бараг бүх арга хэмжээ, үйл ажиллагаанд бид хоёрыг урьдаг байлаа.
Тэр үед найзтайгаа анх танилцсан. Гаднын оронд явж байх үеээрээ тамирчидтайгаа уулзан, тэмцээн үзэхээр сэтгэл их хөдөлж, эх орноороо улам бахархдаг юм.