Канад улсад яваа төгөлдөр хуурч С.Саянцэцэгтэй холбогдож маргааш болох тоглолтынх нь талаар болон ойрын ирээдүйд ямар төлөвлөгөөтэй байгаа тухай нь сонирхлоо.
-Та сайн явж байна уу. Хэрэг зориг бүтэмжтэй юү?
-Сайн явж байна. Маргааш тоглолттой болохоор амарч байна.
-Канадын төгөлдөр хуурч Лин Нгуентэй хамт тоглох зар гарсан байна билээ. Хослон тоглох уу?
-Бидэнд хосолж тоглох бүтээл бий. Энэ тоглолтыг нэрт төгөлдөр хуурч, хослон тоглох урлагийн мастер Татьяна Галицкаягийн дурсгалд зориулан зохион байгуулах юм. Орлогыг төгөлдөр хуурчийн үйлсийг дэлгэрүүлэх үйл ажиллагаанд хандивлана.
-Ямар бүтээл сонсгох вэ?
-И.С.Бах, В.А.Моцарт, Ф.Шопен, Р.Шуман, П.И.Чайковский, А.Скрябин, А.Аренский нарын бүтээлээс тоглоно.
-Канадаас шууд Америк явах юм уу?
-Тэгнэ. Америкт энэ сарын 25-нд тоглолттой. Тэнд кларнет хөгжимчин Мэтью Нэльсон, челист Пол Йорк нартай хамтарч гурвал төрлөөр тоглох юм. Энэ тоглолтыг Луисвилл их сургуулийн хөгжмийн сургуулиас зохион байгуулж, “Комсток холл”-д тоглоно.
-Ойрхон зайтай тоглож байгаа юм байна. Амжилт хүсье. Испани улсад өнгөрсөн зургадугаар сард таны зохион байгуулсан олон улсын хөгжмийн наадмаар эгшиглэсэн, таны аав, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн бүтээл “Тэмээчин ээж” дууны сонгодог гурвалд зориулсан найруулга ямар гоё байв аа. Интернэтээр сонсоод уйлах шахсан шүү. Түүнийг тайзан дээр сонсох боломж олдох уу?
-Баярлалаа. Олдох байх аа. Аавын тэр дууг испани хөгжмийн зохиолч хийл, морин хийл, төгөлдөр хуурт зориулан найруулсныг энэ жил хөгжмийн наадмаараа анх удаа эгшиглүүлсэн нь тэр. Танхимд суугаа хүмүүс нулимстай сонсож, удтал алга ташсан. Надад их сайхан санагдсан.