Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу БСШУСЯ-наас “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаан зохион байгуулах гэж байна. 11 дэх удаагаа зохион байгуулах эл уралдаан нь орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм. Уралдаан уран сайхны кино, телевизийн олон ангит кино болон драмын жүжгийн, хөгжимт жүжгийн зохиол гэсэн дөрвөн төрлөөр явагдах аж. Түүнчлэн уралдаанаас шалгарсан зохиолыг бүтээл болгон “амилуулж” үзэгчдэд хүргэдэг уламжлалтай. Сонирхуулахад, өнгөрсөн жил л гэхэд тус уралдаанд Я.Баяраагийн “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн зохиол шилдгээр шалгарч, уг зохиолыг Б.Хишигзаяа найруулан, УДЭТ-ын уран бүтээлчид тоглож хүүхэд, багачуудад хүргэсэн юм. Энэ жилийн уралдаанд өрсөлдөх бүтээлүүдийг ирэх сарын 10 хүртэл Соёл урлагийн газарт хүлээж авах юм.