Олон улсын музейн холбооны гишүүн, зураач О.Маш-Эрдэмийг “Хообий” буландаа урилаа. Тэрбээр Монголын түүх, соёлын үнэт өв цуглуулагч нэгэн бөгөөд уг цуглуулгаа гэр музейдээ дэлгэсэн аж. Гэр музейд нь зочлоход өмнөх зуунд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үзмэр олон. Сонирхуулахад, түүний цуглуулгад буй 100 гаруй жилийн өмнө эгшиглүүлж байсан арьсан цартай морин хуурыг АНУ-ын Чикаго мужид зохион байгуулсан “Чингис хаан, Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнд дэлгэж байжээ. Түүнээс цуглуулгынх нь талаар сонирхлоо.
-Та хэзээнээс энэ төрлийн үзмэр цуглуулах болов?
-Бага ангиасаа марк, тэмдэг, ил захидал цуглуулж эхэлсэн. Би 1968 онд ЗХУ-д франц хэлний ангид сурсан. Тэр үед мэргэжлийн багш нар “Та нар франц хэлийг сурахын тулд тэдний урлаг, соёлыг сайн мэдэх хэрэгтэй” гэж хэлсэн нь миний өнөөгийн цуглуулгын эхлэл болсон юм. Анх монгол гэрт ямар тавилга, эд зүйлс байх ёстой вэ гэж бодож, цуглуулсаар гэр музейгээ нээсэн дээ.
-Хүмүүс ямар нэгэн зүйл дагнан цуглуулахдаа бэлгэдлийг нь боддог. Та юуг нь илүү бодолцдог вэ?
-Хообий гэдэг хүний сэтгэл, сэтгэхүйтэй холбоотой. Тархиндаа нэг зүйлийг бодож түүнийгээ олох юм сан гэх бодол нь нэг ёсондоо сэтгэлийн донтолт. Түүнээсээ сэтгэлийн таашаал авч, тайвшралыг олох сайхан. Эхлээд араг олсон бол дараа нь савар хайх жишээтэй. Сонирхолдоо хөтлөгдөөд л цуглуулгаа бүрдүүлсэн. Нэгэн цул зүйлийг бий болгохыг хүссэн юм. Миний цуглуулгад марк, одон тэмдэг, ил захидал, уран зураг, монгол ахуй, соёлтой холбогдох 10 мянга орчим үзмэр байна. Дурдвал, марк 500 орчим ширхэг, авдар 200 гаруй гэхчилэн тоо хөвөрнө. Жижиг цаасан зураг байсан ч нэг дурсгал, нэг маркны хоёр хувилбар байвал төдий чинээ гэж тоолдог учраас тэр орчим болж байгаа.
-Тантай ижил зүйлс сонирхдог, цуглуулдаг хүн хэр олон байдаг вэ?
-Монгол ахуйтай холбогдох зүйлс цуглуулдаг хүн сүүлийн үед нэмэгдсэн. Би Нүүдлийн өв, соёл цуглуулагчдын холбооны Монголын гишүүн. Тус холбоог сонирхол нэгт хэдэн цуглуулагч 2001 онд байгуулсан юм. Ингэснээр эд зүйлсээ хоорондоо солилцоход амар, хайж буй зүйлээ олоход хялбар болсон.
-Цуглуулгатай болоход цаг заваас гадна мөнгө их зарцуулдаг байх. Гэр бүлийнхэн тань хэр ойлгодог вэ?
-Тийм шүү. Зовж олсон хэдэн төгрөгөөрөө цуглуулгадаа үзмэр нэмж, хоолгүй хоносон шөнө цөөнгүй. Эд зүйл цуглуулдаг хүнийг баян чинээлэг гэж хүмүүс ойлгодог. Эхнэр хүртэл “Хэрэггүй зүйлс цуглуулах юм. Хэзээ үр өгөөжөө өгөх юм” гэж бухимддаг байв. Харин одоо өөрчлөгдсөн. “Миний ханийн цуглуулгыг хүмүүс сонирхдог юм байна” гэдэг болсон.
-Цуглуулгатай байхын ач холбогдол юу вэ?
-Нэгдүгээрт, түүх, өв соёлын дурсгалаа хадгалж байгаа нь иргэн хүний үүргээ биелүүлж буй хэрэг. Удаах нь, үр хүүхдүүддээ өвлүүлэх өв хөрөнгө болно. Гуравдугаарт, шинэ музей нээснээр эх орноо сурталчлах боломжтой.
-Таны цуглуулгын хамгийн сонин, содон үзмэр аль нь вэ?
-Миний хувийн цуглуулгад улсын музейн сан хөмрөгт байхгүй үзмэр цөөнгүй бий. Жишээлбэл, Монголд ганц буй, 100-гаад жилийн өмнөх хүүхдийн уужтай дээл байна. Үүнийг айлын эрх охин юм уу, хүүхэд тогтдоггүй гэр бүлийн хэнз охин өмсөж байсан болов уу гэж таамаглаж байгаа.