“Монголчуудын Ганжууртай холбогдолтой ном бүтээлийн өв” үзэсгэлэн Занабазрын музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд XYII зууны үеэс орчуулагдаж ирсэн Ганжуурын олон хувилбаруудыг дэлгэсэн байлаа. “Ганжуурын судалгааны эрдэм шинжилгээний олон улсын хурал”-д оролцоод ирсэн судлаач эрдэмтдийн санаачилгаар Ганжуурын орчуулга бүхий цуврал боть гаргахаар болсон. Цувралын эхний дугаарт XYII зууны эхэн үеийн нэрт орчуулагч Алтангэрэлийн бүтээлүүдийг хэвлүүлсэн юм. Уг үзэсгэлэнг санаачлан зохион байгуулж Варшавын их сургуулийн багш Р.Бямбаа шинээр хэвлүүлсэн номоо хүндэт зочдод гардуулан өглөө. Тэрбээр хэлэхдээ Ганжуур бол зөвхөн буддын шашны бүтээл гэдгээр үл хязгаарлагдах, олон шинжлэх ухааныг амьдралтай уялдуулан холбож тайлбарласан хосгүй үнэт бүтээл юм. Мөн түүнчлэн үе үеийн бичгийн мэргэд маань орчуулахдаа алдаа мадаг гаргахаас сэргийлэн үг, үсэг зоож орчуулах арга хэрэглэж ирсэнд гүнээ талархууштай гэдгийг онцолсон.