Олон улсын усан будгийн холбоо (ОУУБХ)-ны анхдугаар уралдаанд өнгөрсөн жил “Бүргэд” бүтээлээрээ оролцож, тэргүүн байрт шалгарсан зураач С.Мөнхбаатар Монголын усан будгийн урлагийн хөгжлийг дэлхийд таниулж буй бахархалт залуу. Тэрбээр энэ сарын 3-8-нд Турк улсын Газиантеп хотод зохион байгуулсан “Алтан бийр” наадмаас нэг бийр “шүүрджээ”. Энэ талаар өөрөөс нь тодруулав.
-Зургаа дахь удаагийн “Алтан бийр” наадамд хэчнээн орны зураач оролцов. Ер нь эл арга хэмжээ ямар журмаар явагддаг юм бол?
-Эхний шалгаруулалт нь цахим хэлбэрээр явж, 30 гаруй орны 200 орчим зураач бүтээлээ сойсон юм билээ. Би хоёр охиныхоо хөргийг илгээсэн. Шүүгч нар хоёр дахь шатанд оролцуулах зураачдыг сонгон, Газиантеп хотод урьж, гол арга хэмжээ тэнд болсон. Шалгарсан зураач бүр тус хотын амьдрал, хүмүүсийнх нь аж байдлыг харуулсан хоёр бүтээлээ газар дээр нь зурсан. Миний хувьд турк гар урлаач болон худалдаачны хөрөг зурсан. Туркийн үндэсний гутал зардаг өвгөний зургаараа тус наадмын дөрөвдүгээр байрт шалгарч “Алтан бийр” авлаа. БНСУ, Турк, Хятадын зураач эхний гуравт орж мөн л “Алтан бийр”-ээр шагнуулсан.
-Та бас Энэтхэгийн биенналийн нэгдүгээр шалгаруулалтад тэнцсэн гэж сонссон. Тэгэхээр тус улсыг хэзээ зорих вэ?
-Дараагийн шалгаруулалт нь ирэх арванхоёрдугаар сард болно. Зардал зэргээ шийдчихвэл Энэтхэг явж, оролцох санаатай.
-Манай уран бүтээлчид гадаадын олон уралдаан, наадамд хувийн зардлаараа оролцдог. Энэ шалтгаанаар заримдаа явж чадахгүйд хүрдэг нь харамсалтай.
-Олон улсын уралдаан, наадамд оролцож байж л бид дэлхийд танигдана. Тэгэхээр мөнгөгүй гээд хойш сууж боломгүй. Гэхдээ л тоолдог хэдээсээ болоод зарим уралдааныг өнжихөөс аргагүйд хүрдэг л дээ.
-ОУУБХ-ноос эрхлэн гаргадаг сэтгүүл таныг мастер зураач гишүүнээрээ сонгосон гэв үү?
-ОУУБХ өөрийн гэсэн сэтгүүлтэй болж, түүгээрээ дамжуулан мэдээлэл түгээхээс гадна залуу уран бүтээлчдийг дэмжиж, олон арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Тэр сэтгүүлээс зарласан уралдаанд өнгөрсөн тавдугаар сард оролцож дэд байрт шалгарсан. Мөн эл сэтгүүл гишүүдээ ангилан тусгай карт олгодог юм. Мастер зураач, гишүүн, шүүгчийн гэсэн ангилалтай. Надад мастер зураачийнхыг шуудангаар илгээснийг гурав хоногийн өмнө хүлээн авлаа.