Монгол түмний туурвисан уран зохиолын гурван ноён оргил бол “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” хэмээдэг. Энэ үнэт бүтээлүүдийн нэг “Монголын нууц товчоо”-г дэлхийн уншигчдад танилцуулах зорилготой зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо” зурагт ном гаргажээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Та их зорилгынхоо талаар товчхон танилцуулна уу?
-Би “Монголын нууц товчоо”-г дэлхийд түгээе, танилцуулъя гэж зорьж буй залуусын нэг нь би. Танилцуулах аргын хувьд гурван үе шаттай. Хүүхэд, залуусын сонирхдог зурагт ном, анимэйшн болон хүн төрөлхтний өнөө үеийн хэрэглээ аппликэйшнээр дамжуулах юм. Энэ хүрээнд “Монголын нууц товчоо” зурагт номоо 2008-2016 онд бүтээж, гурван дэвтрээр хэвлэн “Түгээмэл эх” гэж нэрлэсэн.
-“Түгээмэл эх”-ээс “Монголын нууц товчоо” юугаараа онцлогтой вэ?
-Дэлхийд нэртэй эрдэмтдийн анхаарлыг “Монголын нууц товчоо” яах аргагүй татдаг. Ер нь судалгааны ажил эрдэм шинжилгээний хэл найруулгаар бичигддэг болохоор жирийн уншигчдад уйтгартай, ойлгоход хүндрэлтэй байдаг. Иймээс би тэдгээр эрдэмтний шавь нарын тусламжтайгаар шинэчлэн найруулж, түүхэн эд хэрэглэл, археологийн олдворуудад тулгуурлан бүтээсэн учраас чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ тухайн цаг үеийн аж, амьдралыг харуулсан зурагтай. Энэ талаараа “Түгээмэл эх” гэх нэрэндээ тохирсон ном.
-Одоогоор хэдэн орны хэлээр хэвлүүлсэн бэ?
-Монгол, хятад, англи, орос, япон, солонгос хэлээр хэвлээд байна.
-Анимэйшн хувилбарыг хэзээ гаргах вэ?
-Эхний ээлжинд аппликэйшн хийх шаардлагатай. Энэ төрлийн ажлыг ээлж дарааллаар нь хийх хэрэгтэй юм билээ. “Монголын нууц товчоо”-ны “Түгээмэл эх” хувилбарыг бүрэн эхээр нь аппликэйшн болгоно. Кино бол ном шиг бүрэн мэдлэг өгч чаддаггүй. Аппликэйшнээр уншиж, анимэйшн үздэг хэлбэрээр бүрэн ойл голт өгөхийг хичээж байна. Аппликэйшн хийх ажил 20 хувьтай байсан ч санхүүгийн бэрх шээлийн улмаас түр зогсоосон.