Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардифф хотод хоёр жил тутамд зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world” олон улсын уралдааны романсын төрөлд тэргүүн байр эзлэн, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорч, баритон хоолойтой шилдэг дуучнаар шалгарсан Чингисийн одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өчигдөр өглөө эх орондоо ирлээ.
Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Үргэлжлүүлэн түүнийг УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар тэргүүтэй албаны хүн хүлээн авч, баяр хүргэн, цаашдын уран бүтээлд нь амжилт хүссэн юм.
Түүнчлэн Г.Ариунбаатарыг ЦЕГ, СУИС-ийн хамт олон хүлээн авч, баяр хүргэсэн. СУИС-д зочлох үеэрээ тэрбээр уралдаанд дуулсан “Монголын тал нутаг” дууг багш нартаа дахин дуулж сонирхуулав.
Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-“BBC Cardiff singer of the world” уралдааны хоёр төрөлд оролцож, өмнө нь эл уралдаанд Монголоо төлөөлөн оролцсон дуучдын амжилтыг шинэчиллээ. Уралдааны шалгуур, босго хэр өндөр байв?
-Уралдаанд ари болон романсын төрлөөр оролцож, хоёуланд нь сүүлийн шалгаруулалтад тунан, романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Монгол дуучдынхаа гаргасан амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна. Дэлхийн шилдэг дуучдын чансааг сорьдог эл уралдаанд оролцохын тулд бүх хүч, авьяасаа дайчиллаа.
-Өмнө нь эл уралдааны тайзан дээр Монголын хөгжмийн зохиолчийн бүтээл эгшиглэж байгаагүй. Та Б.Шаравын хөгжим, З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг”-ийг дуулсан.
Гадаадын хөгжим судлаач, уралдааны шүүгчид, үзэгчдийн сэтгэл их догдолж харагдсан.
-Дэлхийн хэмжээний, томоохон уралдааны, тоглолтын тайзан дээр Монголынхоо агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэхийг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдлөө биелүүлчихлээ. Олон хүнд таалагдсан нь мэдрэгдэж байлаа.
Хилийн чанадад байгаа монголчууд төдийгүй гадаадын олон уран бүтээлч надад урмын үг хайрлаж, дэмжсэнд талархъя. Монгол Улс сонгодог урлагтай, бид урлагийг бүтээж, дуулж чаддаг хүмүүс гэдгийг харуулахыг хичээсэн.
-“Сүлд” чуулгын хамт олон танд зориулж “Амжилт хүсье, анд минь” дуу бүтээжээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Аз жаргалаар бялхсан сайхан өдрүүд байна. Төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярлалаа. Намайг өдий зэрэгт хүргэсэн СУИС-ийн багш нар, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулга, Соёлын төв өргөө, Улсын филармони гээд ажиллаж байсан байгууллага, хамт олон, намайг дэмждэг бүхий л хүнд талархаж байна.
Мөн Буриадын дуурь, бүжгийн театрын хамт олонд баярлалаа. Цаашид улам их хичээж, дэлхийд данстай дуучин болж, Монголынхоо уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлхий дахинд таниулахыг хичээх болно.
-Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-Улсын баяр наадмын тоглолтод оролцоод, хэд хоног амарна. Уралдааны үеэр Европын томоохон агентлагуудтай гэрээ байгуулах, цаашид хамтран ажиллах талаар ярилцсан. Есдүгээр сараас ажиллаж эхлэх байх.