Монгол Улсын гавьяат дуучин Г.Ариунбаатар BBC агентлагийн ивээн тэтгэдэг Кардиффийн Олон улсын дуурийн дуучдын уралдааны шилдэг тавд багтсан билээ. Тэгвэл тус уралдааны шилдгийн шилдгийг Монголын цагаар маргааш тодруулна. Хоёр жилд нэг удаа зохиогддог тус уралдаанд хоёр жилийн өмнө гавьяат жүжигчин Э.Амартүвшин үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болж байв. Үзэгчдийн нэрэмжит шагналыг зөвхөн англичууд болон тус улсад амьдардаг иргэд сонгох эрхтэй байдаг гэхээр ямархуу нэр хүндтэй том шагнал нь ойлгомжтой.
Энэ жил тус уралдаанд Г.Ариунбаатараас гадна ДБЭТ-ын гоцлооч Б.Батжаргал нар дэлхийн шилдэг 20 дуучны нэгд зүй ёсоор багтаж, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эхний уралдаандаа түрүүлсэн билээ.
Тэгвэл тус уралдааны ШИЛДГИЙН ШИЛДЭГ дуучинг тодруулахаар "Singer of the World" шагналын эзнийг маргааш тодруулна. Тухайлбал, орон нутгийн цагаар энэ сарын 18-ны 17:30 цагаас буюу Монголын цагаар 19-ны үүрийн хоёр цагт уралдаан эхлэх юм.
Тус уралдааныг 1983 оноос хойш зохион байгуулж буй. Анхны уралдаанд Финландын алдарт дуучин Карита Маттила түрүүлсэн бол үүнээс хойш АНУ-ын гурван дуучин тэргүүлсэн. Түүнчлэн ОХУ, БНХАУ болон Финландын тус бүр хоёр, Австрали, Итали, Дани, Швед, Герман, Румын, Молдав, Беларусийн дуучид түрүүлж байжээ.
Ингээд Г.Ариунбаатарын өрсөлдөгчдийг танилцуулья.
Жон Чест / АНУ
АНУ-ын дуурийн дуулаач Жон Чест Өмнөд Каролина мужийн Гринвил хотод төрж, өссөн. Тэрбээр Чикаго хотын Боб Жонсын нэрэмжит их сургуульд суралцаж, Сан Франциско хотын Дуурийн дуулаачийн хөтөлбөрт хамрагдаж байсан юм. 2013-14 оноос хойш Берлиний Дуурийн чуулгын хамгийн залуу гишүүн болжээ. Түүнчлэн Баварын Улсын Дуурийн чуулгын гишүүн юм.
Катриона Морисон / Шотланд
Шотландын Эдинбург хотод урлагийн гэр бүлд төрж өссөн Катриона Морисон дуучин болохоосоо өмнө хийл тоглодог байсан аж. Тэрбээр Шотландын Урлагийн их сургуулийг төгссөнийхөө дараа Берлиний их сургуульд суралцжээ. 2014 оноос Бамбергийн Синфони найрал хөгжмийн чуулганд ажлын гараагаа эхэлж, өдгөө Германы алдарт "Opernhaus Wuppertal" театрын дуучнаар ажиллаж байна.
Юрий Самойлов / Украин
Тэрбээр Украины Үндэсний дуу бүжгийн академид мастер хамгаалж, Кьевийн Дуурийн театрт маш олон жүжигт гол дүр бүтээсэн юм. Түүнчлэн Нидерландын Үндэсний дуурийн академид урилгаар суралцаж, тус улсын Дуурийн акедемийн гишүүнээр сонгогдсон юм. Энэ жил 28 настай ч чадварлаг дуучин залуу маань дэлхийн олон орны театрт тоглож, өөрийн ур чадвараа гайхуулсан нэгэн.
Луиси Алдер / Англи
Эзэн Хааны нэрэмжит Олон улсын дуурийн сургуулийг төгссөн Л.Алдер 2017 оны Олон улсын шилдэг залуу дуурийн дуучин болсон билээ. Тэрбээр энэ жилээс Фрэнкфуртын дуурийн театрын дуучнаар ажиллаж буй юм.