Монголын урлагийн ертөнцийн цусыг сэлбэж, мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэдэг уурхай бол С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж билээ. 80 жилийн түүхтэй тус сургуулийг төгсөгчид эх орны төдийгүй гадаадын том театруудын нүүр царай болсоор ирсэн.
Сүүлийн жилүүдэд Орос, Америк, Франц зэрэг хөгжингүй улсаас оюутан, сурагчид ХБК-ийг зорин ирэх нь нэмэгдэж буй. Энэ нь мэдээж сургалтын чанар, өөрийн гэсэн дэг сургалттай нь холбоотой. Ийм л бахархам сургуулийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчинд тулгуурлан Монголд консерватори буюу хөгжмийн дээд сургууль байгуулахаар тус хамт олон 20 гаруй жил хөөцөлдөж буйг урлагт ээлтэй монголчууд мэдэх буй за.
Хамт олны зүгээс бэлтгэл бүрэн хангагдсанаас гадна хэдэн жилийн өмнө консерваторийн байр ч бэлэн болж, тэдний мөрөөдөл биелэхэд нэг алхам ойртсон билээ. Гагцхүү төр, засгийнхны шийдвэрийг хүлээж “дуншиж” байгаад өнгөрсөн оны сүүлчээр сайхан мэдээ дуулдсан. Монгол, Оросын хооронд боловсрол, соёл, спортын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоны үндсэн дээр манай ХБК-д суурилан консерватори байгуулах ажлыг Санкт-Петербург хот дахь Римский-Корсаковын нэрэмжит консерваторийн оролцоотойгоор зохион байгуулах болсон.
Тус сургуулийн төлөөлөгчид өнгөрсөн хоёрдугаар сард ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон юм. Тэгвэл энэ сарын 15 буюу маргааш тэрхүү консерваторийн сургалт эрхэлсэн дэд захирал Монголд ирэх нь. Тэрбээр манай мэргэжлийн урлаг, соёлын салбарын түүхэнд шинэ хуудас нээх их үйлсийг эхлүүлэхэд чухам юу анхаарах зэргээр зөвлөгөө өгөх юм байна.