Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан, зураач С.Алтангэрэл “Бум” арт галерейд бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ гаргажээ.
Завхан аймгийн Алдархаан суманд төрж, байгаль дэлхийтэйгээ ойр өссөн тэрбээр голчлон эх нутаг, монгол ахуйтай холбоотой зураг зурдаг юм байна. 1971 онд УБИС-ийн уран зургийн анги төгссөнөөс хойш тасралтгүй туурвиж яваа ахмад зураач энэ удаагийн үзэсгэлэндээ 1963 онд 18 настайдаа зурсан нандин дурсамжтай бүтээлээсээ эхлээд өнгөрсөн жилийн судалбаруудаасаа дэлгэсэн байна.
Тодруулбал, хагас зууны хугацаанд хийсэн тосон будаг болон графикийн 23 бүтээлээ дээжилжээ. Англи, буриад, монгол хэлээр “Амьдрал их сайхан. Хаана ч явсан хамт байдаг нутаг минь” гэж бичсэн “Амин нутаг” хэмээх хөрөг зургийнх нь талаар тодруулахад “Америкт 10 жил болоод, нутгаа маш их санаж ирсэн буриад бүсгүйг зурсан юм. Би буриад зонтой холбоотой хэд хэдэн бүтээл хийсний нэг нь энэ. 2015 онд Хэнтий аймгийн Дадал суманд бидний найман зураач очиж, судалбар бүтээл хийхдээ энэ баавай, баавгай хоёрыг зурсан” хэмээн ярив.
Түүнээс уран бүтээлийнх нь талаар товчхон тодрууллаа.
-Та ямар арга барилаар туурвидаг вэ?
-Би ер нь бодит буюу реалист талдаа зурдаг. Өнгөний хувьд нэлээд тод сонголттой байж мэднэ.
-Зураач болсны жаргал, зовлон нь юу байдаг бол?
-Зарим зураач мэргэжлээ зовлонтой энэ тэр гэсэн байдаг л юм. Миний хувьд зураач болсноороо зовсон гэж ярихгүй. Харин ч зураад суухаараа жаргадаг. Ертөнцийн эрээн бараан асуудал, эвгүй бодлоос салж, орчноосоо тасарч, өөрийн ертөнцөд тун таашаалтай байдаг шүү дээ.
-Орчноосоо хэтэрхий тасарчихаар амиа бодсон хэрэг биш үү?
-Зурж дуусаад, сэтгэл хангалуунаар эргээд л амьдралдаа орно шүү дээ. Тасарсан чигтээ явахгүй л дээ.
-Зарим хүн онгод орохоор зурдаг гэх юм билээ. Та яадаг вэ?
-Онгод гэдгийг би сэтгэлийн хөөрөл гэж боддог шүү дээ. Тэгэхээр онгод минь үргэлж хамт байдаг болов уу. Гэнэтхэн онгод нь ороод, маш хурдан зурлаа гэдэг хүн бий. Ер нь бодол санаа төвлөрсөн үед зурахад амар л даа. Харин санаа тогтохгүй бол зурах гэж хичээгээд ч нэмэргүй.
Та бүхэн Отгон тэнгэр ууланд “гарч”, Хятад нутгаар “аялахыг” хүсвэл С.Алтангэрэлийн үзэсгэлэнд саатаарай. Энэ сарын 18 буюу ирэх пүрэв гариг хүртэл үргэлжилнэ гэсэн.