БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын дуучин С.Гантогоог зочноор урилаа. Монголын үзэгчид түүнийг БНСУ-ын SBS телевизийн “Оддын хаан” цэнгээнт нэвтрүүлэгт 2012 онд оролцож байсныг эчнээ мэднэ. Түүнчлэн 2015 онд БСШУСЯ-наас зохион байгуулсан “Монгол дуу дэлхийд” шоу нэвтрүүлэгт амжилт гаргасныг нь ч санаж буй биз ээ. Өдгөө тэрбээр “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг-2” нэвтрүүлэгт амжилттай өрсөлдөж, үзэгчдийн хайр, талархлыг хүлээсэн оролцогчдын нэг болсон.
-“Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэг таныг Монголын үзэгчдэд улам ойртууллаа. Бусад өрсөлдөгч тань бүгд л олны танил. Нэвтрүүлэгт оролцох саналыг хүлээн авахдаа үзэгчид таныг ийм элгэмсгээр хүлээн авч, дэмжинэ гэж төсөөлж байв уу?
-Эл нэвтрүүлэгт оролцооч гэсэн санал тавихад их балмагдсан. Ямар хүмүүстэй өрсөлдөхөө асуусан боловч хэлээгүй. Тиймээс “Хэд хоногийн дараа хариу хэлье” гэчихсэн. “Endemol shine” группийн эл нэвтрүүлгийг мэдэхгүй, үзээгүй хүн бараг байхгүй. Энэ саналыг менежертээ хэлтэл шууд л зөвшөөрсөн. “Монтант” жилийн эхний хагаст уран бүтээлчдээ чөлөөтэй байлгаж, дараагийн хагаст элдэв тоглолт, арга хэмжээгээр дарчихдаг. Тиймээс энэ нэвтрүүлэгт оролцох зав, боломжтой байлаа. Саналыг хүлээн авсны дараа өрсөлдөгчдийнхөө нэрийг сонсоод их эмээсэн. Нуугаад яах вэ, “Би юу хийчихэв. Одоо яана аа” гэж бодсон шүү. Багаасаа шүтэж, үлгэр жишээ авч ирсэн уран бүтээлчидтэйгээ өрсөлдөнө гэж сонсоод сүрдэхгүй яах билээ. Намайг энд хэн ч мэдэхгүй шүү дээ. Үсрээд л “Оддын хаан” нэвтрүүлэгт оролцож байсныг л мэдэх байх. Үзэгчид намайг яаж харах, юу гэх бол гэж их түгшсэн. Гэтэл төсөөлснөөс минь сайхнаар хүлээн авч байгаад их баярлаж байна. Хэлэх үг ч олдохгүй л байна даа.
-Оддыг сонгох баззер танд арай л хатуурхаад байна уу даа?
-Бусад оролцогч маань ч баззерт таарсан дүрийг бүтээх гэж бүх л хүчээ шавхаж байгаа. Баззер надад хатуурхсан гээд хэлчихвэл хүмүүс намайг шоолно доо. Гэхдээ би ямар ч хүнд бэрхшээл тулгарахад “Хэцүү байна. Одоо би яана аа” гэж шаналах дургүй. “Болгоно, хийнэ” гээд л зүтгэдэг. Нэг зүтгэсэн л бол түүндээ бүх сэтгэл, ухаанаа дайчилдаг зантай. Баззер миний шүүсийг үнэхээр шахаж, чангалсан. Үнэгний дуу, дуучин Рианна, Лэди Гага гээд л. Би Солонгост очоод эхний таван жил үйлдвэрт хар ажил хийдэг байлаа. Эдгээр дүрд хувирах нь хүнд үйлдвэрт ажилласан тэр үеэс ч хэцүү байсан гэхэд хилсдэхгүй.
-Одоогийн байдлаар гурван удаа эмэгтэй хүний дүрд хувирлаа. Та өмнө нь эмэгтэй хүний хувцас өмсөж, нүүрээ будуулж үзсэн үү?
-Ёстой үгүй. Хэзээ ч төсөөлж байгаагүй. Бүсгүйчүүдийг болзоондоо яагаад хоцордгийг одоо л ойлгож байна. Лэди Гагагийн дүрд хувирахын тулд зөвхөн хумсаа янзлуулахад л хоёр цаг зарцуулсан гээд бод л доо. Нээрэн, би Лэди Гагагийн дууг тайзан дээр дуулж байхдаа юу гэж бодсон гээч.
-Юу гэж?
-Бэртчихгүйхэн шиг тайзнаас буух юмсан гэж. Өндөр өсгийтэй гуталтай бүжиглэх нь битгий хэл, алхах ч хэцүү юм билээ.
-Үзэгчдийн санал асуулгаар та бусдаасаа тасархай түрүүлж байгаа юм билээ. Ярьж буй байдал, сэтгэлийн хөдөлгөөн, хөдөлмөр тань хүмүүсийн сэтгэлийг татаж байгаа байх.
-Миний байгаа байдал л энэ. Би камерийн өмнө өөр хүн, ард бас өөр нэг хүн байхыг хүссэнгүй. Хүмүүс надад ийм сайн хандаж байгаад их гайхаж, бас баярлаж байна. Надад дүрдээ хувирах, дууны дасгал, бүжгийн сургуулилалт хийх гээд л энэ нэвтрүүлгийн бүхий л үйл явц сонирхолтой санагдаж байна. Оролцогчид баззераас дүр сонгох агшин бүр ч сонирхолтой. “Хэрэв надад энэ дүр таарсан бол яах вэ” гээд л ургуулан бодно, төсөөлнө. Одоо бол өөрт ойр дүрд хувирснаас илүүтэй хэцүү дүрийг хичээж бүтээх нь амттай санагдаж байна. Тэр болгонд шинэ зүйл сурч, мэдэж байгаа болохоор. Өнгөрсөн дугааруудын таван дүрд хувирах явцад “Хөөх, би ингэж бүжиглэж чаддаг юм байна. Надаас ийм хоолой гарах юм байна” гээд л өөрийгөө шинээр нээж, хөгжүүлж байлаа.
-Солонгос руу явахаасаа өмнө та “Оддын эрэлд” уралдаант нэвтрүүлэг оролцож байл уу. Ер нь энэ төрлийн уралдаанд хэр олон оролцсон бэ?
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гуравдугаар дунд сургуулийг төгссөн л дөө. Сургуулийн урлагийн үзлэг, сум, аймаг, улсын уралдаанд зөндөө оролцсон. Ардын болон эстрадын дуу дуулчихдаг, уралдаан алгасалгүй оролцож өөрийгөө сорьдог хүү байлаа. “Оддын эрэлд”-д оюутан байхдаа оролцож, шилдэг дөрвөн оролцогчийн нэг болсон. “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Улсын филармонийн дуучин Л.Насанбуян, Н.Эрдэнэбат, бид дөрөв сүүлийн шатанд тунаж байлаа.
-Та багш мэргэжилтэй гэсэн үү?
-Би МУБИС-ийг Газар зүй, байгаль шинжлэлийн заах аргазүйч мэргэжлээр төгссөн. Аав минь хилийн цэргийн хүн л дээ. Ээж минь багш. Аавыгаа гал, ээжийгээ устай зүйрлэдэг. Тэд маань биднийг дэгтэй, хүмүүжилтэй болгож өсгөсөн. Намайг урлагийн мэргэжил сонгоно гэхэд их дургүйцсэн. Уг нь дунд сургууль төгссөн жилээ СУИС-ийн дуулаачийн ангид шалгуулсан боловч тэнцээгүй юм. Тэгээд л аав, ээжийнхээ үгийг дагаж өөр мэргэжил эзэмшсэн. Аав минь надад “Аав нь хүүгээ дуулахад жаргалтай болдог. Гэхдээ энэ авьяасыг чинь хэн ч булааж чадахгүй. Чи тордох л юм бол авьяас чинь насан туршид оршино. Харин өөр мэргэжил эзэмшиж, тархиа цэнэглэвэл нэг сумаар хоёр туулай буудсантай адил” гэсэн. Тэр нь ч онож дээ гэж боддог юм. Эзэмшсэн мэргэжил маань надад алхам тутамд л хэрэг болдог шүү. “Монтант” байгууллага тоглолт, арга хэмжээнээс гадна дунд сургуулийн сурагчдад сургалт явуулдаг. Багш мэргэжилтэй учраас энэ ажлыг хариуцахад надад ямар ч хүндрэл гардаггүй. Харин ч бусад гадаад дуучин, багш нар надаас заах арга, хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар зөвлөгөө авдаг.
-Одоо гэр бүлийнхэн тань маш их дэмждэг биз дээ?
-Дэмжилгүй яах вэ. Харамсалтай нь, аав минь хорт хавдраар өвдөж, хоёр жилийн өмнө бурхан болсон. “Монтант” байгууллагад ажилладаг болсныхоо дараа аавыгаа өвдсөнийг мэдсэн. “Буруу оношилсон байгаасай” л гэж залбирч байв. Гэтэл Солонгост өгсөн шинжилгээний хариу нь ч тэгж гарсан даа. Гэхдээ өөд болохоос нь өмнө аавдаа Солонгост тоглолтоо үзүүлж, аялан тоглолтдоо авч явж, хамтлагийнхан, дотнын найзуудтайгаа танилцуулсан. Хамгийн сүүлд аав минь гэрийн ойролцоо байдаг цэцэрлэгт хүрээлэнд салхилж байхдаа “Урлагийн хүн болгохгүй гэж эсэргүүцдэг байсанд уучлаарай. Одоо л аав нь хүүдээ санаа зовохгүй байж чадахаар болжээ. Миний хүү мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадаж байна. Хүүгээрээ бахархаж байна” гээд духан дээр минь үнэрлэж билээ. Одоо ч би аавынхаа тэр үгээр л өөрийгөө цэнэглэж, урагш тэмүүлсээр байгаа.
-Хүүхэд насныхаа тухай яриач. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээрийн заставт төрсөн юм. Гэхдээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өссөн. Би ахтай, хоёр охин дүүтэй. Айлын дунд хүүхэд болоод тэр үү, нөгөө хэдээ бодвол арай эрт биеэ даасан. Айхтар хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байгаагүй. Харин сурлага, нийгмийн идэвх сайтай байлаа. Дуулахынхаа хажуугаар хичээлдээ шамдаж, аав ээжийнхээ урмыг хугалахгүйг хичээдэг байв. Дунд сургууллийн хонхны баяраар бага ангийн багш маань бидэнд гэнэтийн бэлэг барьж, нэгдүгээр ангидаа бичсэн “Би ирээдүйд” сэдэвт зохион бичлэгийг маань уншиж өгсөн юм. Би тэнд “Би том болоод дуучин болно” гэж бичсэн байсан.
-Солонгост анх очоод юу хийж байв. Тэнд юу ойлгосон бэ?
-Уг нь сургуульдаа багшаар үлдэх боломжтой байсан ч гэр бүлдээ дэм болж, мөнгө олох зорилгоор Солонгос явсан. Тэрсхэн хүүхдүүд нь бүгд оюутан болчихоор хэцүү шүү дээ. Аав, ээж минь ах, бид хоёрыг их сургууль төгсгөх гэж яаж махаа идсэнийг мэдэх учраас туслахыг хүссэн. Эхэндээ ч хоёр дүүгээ их сургууль төгсгөчихөөд нутаг буцна гэж боддог байв. Би хар ажил хийж байснаасаа ичдэггүй, нууж хаадаггүй ээ. Үнэн л юм чинь. Харин ч тэгж ажиллаж байхдаа би хөдөлмөрийн үр шим, мөнгөний үнэ цэнэ ямар байдгийг мэдэрсэн. Эхний таван жил гэрээнийхээ хугацааг дуустал хар ажил хийсэн. Төмрийн, авто машины, хаяг рекламны самбарын, махны үйлдвэрт ажиллаж байлаа. Хэцүүгүй ажил гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор шантарч байгаагүй. Тэгж ажиллах явцдаа монголчуудын, гадаад иргэдийн, Солонгосын дүүрэг, хотуудын дунд зохион байгуулдаг дууны уралдаануудад оролцсоор л байлаа. Анхандаа хэлний бэрхшээлээс болж эхний шатнаас хасагдчихна. Дараа нь хоёрдугаар шатнаас хасагддаг боллоо. Тэгж явсаар сүүлийн шатанд тунадаг болов. Нэг мэдэхэд л би энд тэндхийн тоглолтод оролцдог, урилгаар дуулдаг болсон. Алхам алхмаар урагшилж буйдаа их олзуурхдаг. Би азтай залуу.
-Солонгос хэлийг хэрхэн сурав?
-Өөрөө л сурсан. Нэг ч удаа хэлний дамжаанд яваагүй. Өдөр нь ажлаа хийгээд, орой нь хэлээ сурдаг байв. Дууны үг их орчуулдаг байлаа. Мэдэхгүй зүйл гарвал хамт ажилладаг солонгосчуудаасаа асуудаг. Дуртай зүйлээ хийхийн тулд хэлийг яаж ийгээд л сурчихдаг юм билээ.
-Та түрүүн “Монтант” байгууллага жилийн эхний хагаст уран бүтээлчдийг чөлөөтэй байлгадаг гэсэн дээ. Тэр үедээ та юу хийдэг вэ. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би фитнессээр хичээллэдэг. Мэргэжлийн тамирчны түвшинд биш, эрүүл мэнддээ анхаарч, зөв бие бялдартай байхын тулд. Мөн кино үзэх дуртай. Дүү нараа дагуулаад хүүхэлдэйн кино ч үзчихдэг. Хөгжим сонсоно. Нээрэн, “Яг түүн шиг-2”-т оролцсоноор өөрийгөө бүжгийн эвсэлтэй гэдгийг мэдлээ. Тэгэхээр цаашдаа энэ чиглэлийн сургуулилалт хийж, чадвараа улам ахиулъя гэж төлөвлөж байгаа.
-Таныг дуулж, бүжиглэж, жүжиглэж чаддагийг энэ нэвтрүүлэгт оролцож байгаагаар тань мэдлээ. Та өөр ямар авьяастай вэ?
-Би дууны ая зохиох дуртай. Энийг авьяас гэх үү, чадвар гэх үү мэдэхгүй юм. Ширээний теннис давгүй тоглочихдог шүү.
-Ер нь спортод хэр хорхойтой вэ?
-Би үзэх дуртай болохоос биш, тоглодог хүн биш ээ. Хөлбөмбөгт арай илүү дуртай.
-Таны хүндэлж биширдэг, үлгэр дуурайл авдаг уран бүтээлч хэн бэ?
-Би “Камертон” хамтлагийг хамгийн шилдэг нь гэж хаа ч хэлнэ. Тийм ч болохоор тэдний “Харууслын аяз” дууг “Монгол дуу дэлхийд” нэвтрүүлэгт оролцохдоо англиар дуулсан. Тус хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар ахтай “Яг түүн шиг-2” нэвтрүүлэгт хамт оролцож буйдаа их баярлаж байгаа. Нээрэн, дунд сургуулийн сурагч байхад “Камертон” хамтлаг Мөрөнд тоглолтоо хийсэн юм. Хүмүүстэй чихэлдэж, шахалдаж, яг тайзных нь урд зогсон, үзэж билээ.
-Солонгосын найруулагч таны амьдралаар баримтат кино бүтээж буй гэл үү?
-Сөүл хотод Гадаад иргэдийн урлаг, соёлын төв гэж бий. Тус төвийн захирал, найруулагч Сон Су Хи миний тухай “Ганаагийн түүх” нэртэй баримтат кино бүтээж буй. Киног хийж эхлээд тав, зургаан сарын хугацаа өнгөрч байна. Солонгост зураг авахуулаад дуусчихсан. Ирэх зургадугаар сард Хөвсгөл аймагт очиж зургаа үргэлжлүүлэн авна. Ирэх наймдугаар сард Солонгосын үзэгчдэд хүргэх юм билээ. Есдүгээр сараас олон улсын кино наадмуудад оролцуулна гэсэн. Солонгост хоёр сая гаруй гадаадын иргэн ажилладаг. Хэдийгээр хар ажил хийхээр очсон ч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болно гэдгийг л харуулах зорилготой кино.
-Монголдоо уран бүтээл хийхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Хамтарч ажиллахаар тохирсон студи, продакшн бий юү?
-Монгол, Солонгост уран бүтээлээ зэрэг хийхэд мэдээж хүндрэл гарна. Тэнд тоглолтуудаа хийж, зохион байгуулдаг арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэх ёстой. Зохицуулж л таарна. Нэг залуу Монголын хөгжмийн урлагт хөл тавих гээд л захаас нь зуурчихаад цааш мацахаар зүтгэж буйг хүмүүс анзаарч байх шиг байна. Монголд ийм итгэмээргүй сайхан боломж нээгдсэн үеийг алдалгүй л уран бүтээлээ хиймээр байна. Гэхдээ яг одоогоор хамтарч ажиллахаар тохирсон газар байхгүй ээ.
-Найз бүсгүйтэй юү?
-Байхгүй ээ.
-Ирээдүйн гэргийгээ ямар байгаасай гэж төсөөлдөг вэ. Ямар бүсгүй таалагддаг вэ?
-Надад даруухан, хошин шогийн мэдрэмжтэй бүсгүй таалагддаг. Гэхдээ ажиглаад байхад хүмүүс хүсэж мөрөөддөгөөсөө эсрэг хүнтэй учирч, гэрлэдэг юм шиг санагддаг. Амьдрал санаснаар болохгүй шүү дээ.
-Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Энэ тал дээр их нухацтай ханддаг. Их хариуцлагатай асуудал шүү дээ. Ямар айл гэр болж тоглох гэж байгаа биш. Ойрын хоёр жилдээ гэр бүл зохиох төлөвлөгөө байхгүй. Уран бүтээлээ хийх дэврүүн сэтгэл, ид боломж бүрдсэн энэ үеийг өөр зүйлд зориулмааргүй байна.
-Олон жилийн дараа нутагтаа удаан хугацаагаар ирж байгаа тань энэ гэсэн. Энэ зун Монголдоо наадамлах уу?
-Яг одоо бол шуурган дундах бамбар шиг л байна. Яах учраа сайн олохгүй байна. Удахгүй орчиндоо дасаж, хүмүүстэй танилцаад ирэхээр гайгүй болох байх. Арван жилийн дараа нутагтаа наадамлах гэж байна. Би Солонгосын бараг бүх хот, дүүрэгт очиж тоглосон. Тэгсэн хэрнээ эх орныхоо үзэсгэлэнтэй байгальтай газруудаар аялж үзээгүй. Тийм болохоор “Яг түүн шиг-2” нэвтрүүлгээ дуусангуут аялна. Хамгийн түрүүнд Цонжинболдогт очно. Дараа нь нутаг руугаа явна. Аялахаар төлөвлөсөн газар олон байна.